ЗОХИХ АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЛОО
~ Засгийн газрын хуралдаан 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас “Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөл”-ийг Сангийн сайдаар ахлуулан байгуулав. Мөн “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа ~
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан валютын ханш огцом өссөний улмаас автобензин, дизелийн түлш, өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ зохиомлоор өсч байгааг хязгаарлах зорилгоор ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд буулган валютын зах дээрх ам.долларын хомсдлыг арилгах арга хэмжээ авч, гадаад орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах ам.долларыг Монголбанкны албан ханшаар тооцож импортлогч компаниудад эхний ээлжинд худалдах талаар зохицуулалт хийж байхыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөлөө.
Газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүн хадгалах агуулах, савны хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Чойрт баригдах, зураг төсөл нь хийгдсэн агуулах, сав барихад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн хэмжээгээр тусгаж, барих ажил эхлүүлэхийг Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлган импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад орнуудтай яриа хэлцэл хийж, гэрээ байгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.
Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд хариуцлагын асуудлыг хөндлөө. Үнийн хөөрөгдөл нийгэмд бухимдал төрүүлсэн энэ асуудал хариуцлага дагуулах үндэслэл хангалттай байна, мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр л өсгөх тооцоо байтал аж ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа танилцуулалгүй, амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн Ажлын хэсгийн ахлагч, дэд сайд Б.Ариунсан болон Газрын тосны газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг салбарын сайд Д.Зоригтод даалгалаа.
Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах нийгэмлэг ажлаа маш хангалтгүй хийж байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ. Инйхүү хуралдаанаас хаана, хэн хариуцлага алдсаныг шат шатанд нь тогтоон ирэх баасан гаригт танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болголоо. Мөн иргэдийг хохироож, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш хөөрөгдөхөд хүргэсэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хуралдаанаас үүрэг болголоо.
НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮНСНИЙ ЗАРИМ БАРАА, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА
Бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Дотоодын зах зээлд давамгай байдлаа хууль бусаар ашиглан үндэслэлгүй хэт өндөр үнэ тогтоох, түүнд Засгийн газрын болон хэрэглэгчийн зүгээс тавих хяналт, зохицуулалт дутагдаж байгаа. Энэ нь төгрөг, валютын ханш, бензин шатахууны үнэ өсөх, улмаар өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ өсөх шалтгаан болж байгаа учир хөтөлбөрийг боловсруулжээ.
Төслийг гишүүд зарчмын хувьд дэмжсэн бөгөөд гаргасан саналыг нь тусган Сангийн сайдаар ахлуулсан Зөвлөл байгуулж, хөтөлбөрийг батлав. Энэ зөвлөл бензин шатахуун, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийн өөрчлөлтийг тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг хүлээж байна. Зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, үр дүнг сар бүр Засгийн газарт танилцуулж байх юм. Эрхэлсэн асуудлын хүрээнд бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх, ажил, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, үнийг тогтворжуулах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зориулалтын дагуу зарцуулах, тэвчиж болох зардлыг хэмнэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, явц, үр дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд үнийн өсөлтөөс иргэдийн амьжиргааг хамгаалах зорилгоор төгрөг, валютын ханшийг тогтворжуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, боловсронгуй болгох юм. Энэ хүрээнд Засгийн газраас үнийн өсөлтөд илүүтэй өртөж байгаа бага орлоготой өрх, нийгмийн эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ бүрдэлт, түүнийг зохицуулах чиглэлээр хууль тогтоомж, шийдвэрийг судалж, нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах юм байна.
Мөн инфляцыг онилсон бодлого болон валютын ханшны тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах, валют болон төгрөгийн ханшны гэнэтийн өөрчлөлт үүсгэхгүй байх зорилгоор гадаад валютын томоохон гүйлгээнд зохицуулалт хийх, төлбөр тооцоонд гадаад валют ашиглахыг хориглох зэрэг арга хэмжээ авахаар боллоо. Сангийн яам ойрын хугацаанд төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулах, хөрөнгө оруулалтыг өрхийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чиглүүлэх үүрэг хүлээсэн байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь үнийн өсөлтийн шалтгааныг судлан, үнийг хэт өсгөсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч нийтэд мэдээлэх, бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг тогтмол хийж байх боллоо. Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнэ тогтоож байгаа аргачлалыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоод хамтран хянаж, бодит байдалд нийцүүлэхийн төлөө ажиллана. Үүний зэрэгцээ газрын тосны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих асуудлыг судлаж, санал боловсруулах юм.
Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний дотоодын жижиглэнгийн үнийн өсөлтийг бууруулахын тулд НӨАТ-ыг тэглэх саналыг судлан, хангамжид доголдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын нөөцийн шатахуун бүрдүүлэхээр болжээ. Хүнсний өргөн хэрэглээний бараа, тухайлбал хэрэглэгчийн гарт очиж байгаа нэг кг мах, нэг ширхэг талх, зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, өөрийн өртгийн тооцоог Үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн оролцоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хийх, бараа, бүтээгдэхүүний борлуулалтын шат дамжлага бүрт гарч байгаа үнийн өсөлтийг сар бүр судлан нийтэд мэдээлж байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
НӨӨЦИЙН МАХЫГ ЭНЭ САРЫН 15-НААС ХУДАЛДАЖ ЭХЭЛНЭ
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, зах зээл дэх үнийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Махны үнийн өсөлтийг сар бүр иргэдэд 21 000 төгрөг, оюутнуудад 70 000 төгрөгийн тэтгэлэг олгож байгаатай холбоотойгоор малчид малын махныхаа борлуулалтыг багасгасан.
Мөн 2011 оны хавраас эхэлсэн шатахууны үнийн өсөлттэй холбогдон орон нутгийн ачаа тээврийн зардал өссөн, гадаад валютын ханшийн өсөлт, үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг хууль бусаар зарим хилийн боомтоор экспортлох болсон зэргээс шалтгаалан махны үнэ өссөн байна.
Үүнтэй холбогдуулан дотоод зах зээл дэх махны хангамжийг нэмэх зорилгоор дотоодын зах зээлд борлуулсан махыг НӨАТ-аас чөлөөлсөн хуулийг УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Мөн махны 22 үйлдвэр нөөцийн махыг 1 дүгээр сарын 15-наас худалдаанд гаргаж, зах зээлийн жижиглэнгийн үнээс 1000 төгрөгийн хямдаар борлуулах гэж байна. Үүний зэрэгцээ Засгийн газрын тогтоолын дагуу сар бүр махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж эхэлжээ.
2011-2012 онд нөөцийн махны урамшуулалд 8 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн төсөвт суулгаж, улсын хэмжээнд 16 мянган тонн мах нөөцөлсөн байна. Үүнээс Улаанбаатар хот 12 мянга, Дархан, Эрдэнэт тус бүр 1000, бусад аймаг тус бүр 100 тонн мах нөөцөлжээ. Хүнсний өргөн хэрэглээний барааны нэг болох гурилын үнэ сүүлийн жилүүдэд тогтмол буурч ирсэн тухай сайд Т.Бадамжунай танилцууллаа. Нэг кг цагаан будаа 2008 оны 4-5 дугаар сард 800-1350 төгрөг болж огцом өсч байсан бол өнөөдрийн байдлаар 1600-1645 төгрөг байгаа, гэхдээ энэ нь сүүлийн хоёр жилд харьцангуй тогтвортой байна гэсэн үг юм байна.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар авсан 9,7 мянган тонн цагаан будааг аж ахуйн нэгжүүдэд гэрээ байгуулан олгосны дүнд нэг кг цагаан будааны бөөний үнийг 1100 төгрөг, жижиглэнгийн үнийг 1300-1500 төгрөгт барьж чаджээ. Мөн ирэх 7 дугаар сард Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар будаа авахаар тохиролцсон бол БНХАУ-аас цагаан будааны квот авах, Бүгд Найрамдах Лаос Ард Улсад газар түрээслэж цагаан будаа тариалах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Ургамлын тос, элсэн чихрийн хангамж, нийлүүлэлт хэвийн, үнэ тогтвортой байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ӨРХИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА
2012 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаа, арга хэмжээг төсвийн багцаасаа санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Мөн өрхийн хөгжлийг дэмжих чиглэлээр зарцуулах нэмэлт хөрөнгийг төсөвтөө тусгаж байхыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чиглэл болгожээ.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах үүргийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хүлээсэн байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах, одоо хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээтэй уялдуулан зохион байгуулахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчдад, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой зардлыг Хүн амын хөгжлийн асуудлаархи Үндэсний хорооны төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байх болжээ.
“Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2012-2015 онд хэрэгжүүлнэ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 18 сарын дараа дунд хугацааны хяналт-шинжилгээ, хэрэгжиж дууссаны дараа үнэлгээ хийх юм байна. Хөтөлбөрт манай улсын нийт өрхийн 15-аас доошгүй хувь буюу хамгийн бага хэрэглээтэй 130 мянган өрхийг эхний ээлжинд хамруулах юм. дээрх өрхийн 20-иос доошгүй хувь нь ядуурлаас гарсан байна гэж төлөвлөжээ. Хөтөлбөрт хамруулах өрхийг сонгохдоо өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдаж, мэдээллийн баазын бага хэрэглээтэй бүлэгт орсон, ийм судалгаа хийгдээгүй бол сум, хорооны түвшинд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатайг нь тогтоож, Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар баталгаажуулсан байх ёстой.
Түүнчлэн өрхийн нөхцөл байдлын үнэлгээгээр заавал хөгжих өрхийн бүлэгт хамрагдсан байх, өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ албан ёсоор гаргасан байх шаардлага тавих юм байна. Хөтөлбөрийн хүрээнд өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
ТОВЧ МЭДЭЭ
- Гаргасан хүсэлтийг нь харгалзан Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан “Үндсэн хуулийн хичээл заах тухай” зарлигийн төслийг дэмжив. Гэхдээ төслийг “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн тухай нэг цагийн хичээл заах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай” гэж өөрчлөн найруулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. Хэрэв энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байвал түүний өмнөх ажлын өдөр Үндсэн хуулийн хичээлийн заахаар төсөлд тусгажээ.
- УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2011 оны 12 дугаар сарын 9-14-ний өдрүүдэд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах болов.
- Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа-2 төслийн нэмэлт санхүүжилт-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг зарчмын хувьд зөвшөөрч, хэлэлцээрийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөн, хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Нэмэлт санхүүжилт болох 11 сая ам.долларын ихэнх хэсгийг төслийн Олон нийтийн санаачилга, Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгүүдэд хуваарих бөгөөд орон нутагт дэд төслүүд хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна.
- Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр боллоо.
- Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдэх илтгэлийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд танилцуулахаар боллоо.
- Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ирэх БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн үндэсний бага сургуулийн 60 хүүхдийг хүлээн авч амраах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгав.
- “Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшүүлэх тухай “Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоолын хоёрдугаар зүйлийн “гэрээний үндсэн дээр” гэсний дараа “Монголын хөрөнгийн бирж” ХК гэж, мөн тогтоолын наймдугаар зүйлийн “Үнэт” гэсний өмнө “Монголын хөрөнгийн бирж” ХК гэж нэмэхээр болов. Тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1995 оны 127 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтын “Нэг”-ийн 15 дахь заалтын дараа “16. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК гэж, “17. Монголын хөрөнгийн бирж” ХК гэж нэмэхээр шийдвэрлэлээ.