Зүүн хязгаарт ажил хөдөлмөр буцалж байна
Эх орны зүүн хязгаар, Дорнод аймагт хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан гээд бүх салбарт ажил хөдөлмөр ид буцалж байна. Тулгарч байгаа асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэнэ. Иргэд ажилтай, орлоготой болж орон нутагтаа сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтран зүтгэе гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв. Тэрээр 2011 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд хүрэлцэн очиж иргэд, хөдөлмөрчидтэй уулзсан байна.
Аугаа их Эх орны дайны ялалтын 66 жилийн ойн баярын өмнөх өдөр ирсэн Ерөнхий сайдад орон нутгийн удирдлага, иргэд талархал илэрхийлж, амжилт бүтээлээ тайлагнахын сацуу хүндрэл бэрхшээлээ ч дуулгалаа. Хамтарсан Засгийн газар атаршсан хэдэн мянган га газрыг дахин ашиглахаар шийдвэрлэн, шат дараатай арга хэмжээ авч эхэлсэн нь газар тариалангийн салбарт арвин их туршлагатай Халхголчуудын талархлыг хүлээж, анхаарлыг нь хамгийн их татсан сэдэв болжээ.
Энэ ч үүднээс тус суманд “Нар тоссон хөгжил” сэдэвт өдөрлөг болж, Халх голын бүс нутагт эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй хослон хөгжүүлэх “Халх гол” төслийг иргэд, газар тариалан эрхлэгчдэд танилцуулсан байна. “Халх гол” төслийн хүрээнд 2012 он гэхэд 30 мянга га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж 370-400 ажлын байр шинээр бий болгоно. Мөн үрийн тариалан, бусад таримлын тариалалтад шилжиж, ажилтнуудыг давтан сургаж мэргэшүүлэхийг зорьж байна.
Дараагийн шатанд 170 мянга га газрыг ашиглан, байгаль орчинд нөлөөлөх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Түүнчлэн дагалдах бизнес болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж Засгийн газар тооцоолж байгаа юм. Атрын IIIаяныг үр дүнд хүргэхэд чухал түлхэц болсон бодлогын томоохон арга хэмжээ авч, тариалалт хийхэд Засгийн газраас тодорхой хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, илүү хураан авсан будаанд урамшуулал олгохыг цөөнгүй хүн Ерөнхий сайдаас хүсч байлаа. Мөн Халх гол суманд салхины хүч ихтэй учир хөрсийг салхины эвдрэлээс хамгаалах, үүл буудаж бороо оруулдаг цогцолбор төхөөрөмжөөр хангах нь чухал гэдгийг ч сануулж байв.
Үүний зэрэгцээ нутгийн иргэд үүрэн телефоны сүлжээнд холбогдох, газрын тосыг урагш нь гаргаж байгаа замыг хатуу хучилттай болгох зэрэг тулгамдсан асуудал ч цөөнгүй байгааг хэлж байлаа. Иргэдийн үгийг сонссоны дараа Засгийн газрын тэргүүн хэлэхдээ төр, засаг, орон нутгийн удирдлага, иргэд хөгжлийн төлөө гэсэн нэгдмэл байр суурьтай байгааг онцлон тэмдэглэв. Атаршсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, сумыг өндөр хүчдэлийн цахилгаан шугам сүлжээнд холбох, Чойбалсан-Халх голын хооронд 340 км хатуу хучилттай зам тавьж, төмөр замын сүлжээнд холбох боломжийг судлах зэргийг Засгийн газар “Халх гол” төслийн хүрээнд шат дараатай шийдвэрлэхээр зорьж байгаад Халхголчууд талархаж байна.
Зөвхөн газар тариалан, мал аж ахуй гэлтгүй Буйр нуур, Халх голоос эхлээд байгалийн үзэсгэлэнт газар нутагтай, түүхийн хөшөө дурсгал олонтой гээд давуу боломжоо ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Засгийн газар тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдгээ Ерөнхий сайд С.Батболд нутгийн иргэдэд амлав. Атаршсан талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрээр солонгосуудад газраа хэдэн зуун га-гаар нь худалдах гэж байна гэсэн яриа иргэдийн дунд байгааг Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор няцаалаа. Хий хоосон цуурхал, ам дамжсан ярианд авталгүй, бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас нь авч, ажил, амьдралаа зохицуулж байх нь хаа хаанаа чухал гэдгийг ч сануулсан байна.
Засгийн газраас дэвшүүлэн тавьсан зорилтыг иргэд дэмжиж, хамтран ажиллаж ахуй амьдралаа өөд нь татъя. Та бүхний ирээдүй таны гарт байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд Халхголчуудад захилаа. Мөн өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн Халх гол суманд байгуулж байгаа фермерийн загвар аж ахуйтай танилцсан байна. “Халх гол” төслийн эхний шатанд БНСУ-ын буцалтгүй тусламжаар 2011-2012 онд энд нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр усалгааны систем байгуулж, мах, сүүний чиглэлийн үхрийн, гахайн загвар аж ахуй байгуулж манайд хүлээлгэн өгөх юм.
Солонгосууд энэ жил усалгааны систем байгуулж ирэх жил тариалалтаа хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцууллаа.
Газар тариалангийн салбарт өрсөлдөх чадвартай, өндөр технологитой аж ахуй байгуулж, орон нутгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралд ач тусаа өгөх чухал ач холбогдолтой төслийг БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаад Ерөнхий сайд тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад талархал илэрхийлсэн байна