ИБУИНВУ-ын парламент дахь олон улсын парламентын бүлгэмийн төлөөлөгчид манай улсад ажиллаа
УИХ-ын гишүүн, Монгол-Британийн Парламентийн бүлгийн дарга С.Батболдын урилгаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Лимпнигийн Лорд Ховард тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ажлын айлчлал хийлээ.
Парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд эрх баригч Консерватив намаас 3, Хөдөлмөрийн намаас 2, Либерал демократ намаас 1 гишүүн багтсан. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Оюу Толгойн бүтээн байгуулалттай танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, зарим Байнгын хорооны дарга нар болон Монголын Хөрөнгийн бирж, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Төлөөлөгчид Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 5,594 дахь арилжааг нээж, цан цохилоо. Цан цохих үйл ажиллагааны үеэр ноён Лимпнигийн Лорд Ховард сэтгүүлч нарт хандан хэлэхдээ ИБУИНВУ болон Монгол улс хоорондын дипломат харилцаа 1963 оноос эхэлсэн бөгөөд Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн барууны хамгийн анхны улс нь Их Британи улс байсныг онцлон тэмдэглэв. Хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагааны нэг том бэлэг тэмдэг нь Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн стратеги хамтын ажиллагаа бөгөөд цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэв.
Дашрамд дурьдахад УИХ дахь Монгол, Британийн Парламентын бүлэг 1996 онд анх байгуулагдсан. 2016 оноос УИХ дахь Монгол, Британийн Парламентын найрамдлын бүлгийн даргаар С.Батболд, дэд даргаар Н.Учрал, гишүүдээр Ж.Мөнхбат, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, О.Содбилэг, А.Сүхбат, Д.Хаянхярваа, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын алба