Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ

Нийтэлсэн: - 2011/08/22 16:45 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзалт хийхдээ Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Эрхэмсэг ноён Жон Байден манай Засгийн газрын тэргүүний энэхүү хүсэлтийг тун чухал санал тавилаа гээд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нар уулзалтын дараагаар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ энэ тухай онцлон мэдэгдсэн юм. Энэхүү хэвлэлийн хурал Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ бидний урилгыг хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байденд талархлаа илэрхийлээд энэхүү айлчлал нь манай улсын хувьд олон түүхт ойнууд тохиосон жил болж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Мөн ирэх онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Монгол Улс ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгон хөгжүүлж, манай ард түмэн, улс төрийн бүх хүчнүүд ардчиллыг эрхэмлэн дээдэлж байгааг АНУ хүлээн зөвшөөрч үнэлж байгаагийн тод илэрхийлэл гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн айлчлалыг бид үзэж байна. 

АНУ-аас Монгол Улсад үзүүлж ирсэн дэмжлэг, тусламжид манай ард түмэн гүнээ талархажбайдгаа тэмдэглэлээ. Ингэхдээ “Дэд ерөнхийлөгч бид хоёрын албан ёсны яриа хэлэлцээ амжилттай боллоо.Манай хоёр улс нийтлэг үнэт зүйлс, харилцан ашиг сонирхолдоо суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид энэхүү харилцааг урагшлуулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа нотолсон гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тодотголоо.   

Манай Монгол Улс энэ 7 сараас эхлэн  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа. Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайд байх үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой энэ талаар санал солилцож ажлын суурийг тавьсан түүхтэй. Харин энэ удаа Ерөнхий сайдын хувьд АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй санал солилцох таатай боломж гарсныг тэмдэгэлээд ардчиллын үнэт зүйлс, соёл, чанарыг улам сайжруулах үйлсэд Монгол Улс туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагааилэрхийллээ.

Мянганы Сорилтын Сангийн шугамаар хэрэгжүүлж буй төслүүд ньМонголын ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлэх чухал салбаруудыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Эхнээсээ үр дүнгээ өгч байгааг ч Ерөнхий сайд тэмдэглээдМонголын тал МСК-аас үзүүлэх тусламжийн хүрээний хоёр дахь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаач мөн энэ үеэрилэрхийллээ. АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах боломжийн талаар санал солилцсон. Монгол Улсад ардчилсан өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх үйл явцад АНУ цаашид ч дэмжлэг үзүүлэхээ Дэд ерөнхийлөгч Ж.Байдэн нотолсонд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.

Айлчлал болж буй энэ өдөр МИАТ төрийн өмчит хувьцаат компани болон АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн хооронд иргэний нисэхийн болон худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, МИАТ-ын сургалтын баазыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах асуудлаар Санамж бичиг байгуулсан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нархарилцаа, хамтын ажиллагааны бусад чиглэлээр, тухайлбал боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд АНУ-ын тэтгэлгээр тус улсад суралцах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх боломжийг судлахыгЗасгийн газрын тэргүүн хүсчээ. Ингэхдээ энэ жил гэхэд Фулбрайтын тэтгэлэгийн шугамаар манай 16 залуучууд хамрагдах болсонгэдгийг мэдэгдлээ.

2010-2011 онд АНУ-ын Түүх, соёлын дурсгалыг хамгаалах сангаас 695 мянга гаруй долларын санхүүжилт хийх шийдвэр гаргасанд АНУ-ын талд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн юм. “Хуучин найз-хамгийн сайн найз байдаг” гэж ярьдаг. Олон жилийн дараа, 67 жилийн дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байгааг “Монголын хамгийн сайн найз” ирж байна гэж хүлээж авч байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ.

Мөн тэрбээр ноён Дэд ерөнхийлөгчтэй олон улсын асуудлуудаар санал солилцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах талаарх яриа, хэлэлцээ, зөвлөлдөх механизмыг идэвхитэй ашиглаж байх талаар ярилцсан байна. Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Америкийн тал өндрөөр үнэлж байгаад талархаж байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улс ардчилал зах зээлийн нийгмийг үнэт зүйлсээ болгож чадсаныг энэ айлчлал нотолж байна гэж Ж.Байден онцоллоо

Монгол Улсад айлчлах боломж олгосон Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдод, халуун дотноор хүлээн авч байгаа Монголын ард түмэнд талархаж байгаагаа Эрхэмсэг ноён Жозеф Байден хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэлээ. Ингэхдээ тэрбээр энэхүү айлчлал бол аль нэг нам хүчин, төр засгийн эрхэнд байгаагаас үл хамааран Монгол Улс ардчилал зах зээлийг үнэт зүйлсээ болгож чадсан гэдэг нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэж байлаа. Эрхэмсэг ноён Ж.Байден хэлэхдээ Ерөнхий сайд С.Батболд таны урилгаар Монгол Улсад хийж байгаа энэхүү айлчлалнь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Б.Обама нарын АНУ дахь уулзалтын дараахан хэрэгжиж байгаад баяртай байна гэлээ.

1923 онд АНУ-ын анхны экспедици Монгол Улсад ажиллаж байсныг одоо дурсан санахад таатай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгон замнаж, 5 удаагийн Ерөнхийлөгч сонгууль болоод  хэд хэдэн удаагийн УИХ-ын сонгуулийг амжилтай явуулж, ардчиллын үнэт зүйлийг хамгаалан ирсэнд таатай байна. Өнөөдөр Монгол Улс дэлхий бусад улсуудын адил ардчиллын замаар замнаж байна.

Энэ оны 7 дугаар сараас Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсон нь дэлхий дахинд ардчиллыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал юм. Монгол Улс 2013 онд АОХН-ийн дээд хэмжээний уулзалтыг  өөрийн орондоо зохион байгуулна. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг АНУ өндрөөр үнэлдэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид Чаад, Дарфур, Косово зэрэг дэлхийн олон халуун цэгт энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, Чингис хааны үлгэр дууриаллыг харуулсан. Монголын дайчид Иракийг чөлөөлөх үйл ажиллагаанд оролцсон төдийгүй одоо Афганистанд алба хааж байна. Афганистан дахь Монголын энхийг сахиулагчдын тоо 400-д хүрч байна. Вашингтонд болсон айлчлалын үеэр ч Ерөнхийлөгч нар бас энэ талаар ярилцаж байсан гэдгийг ноён Ж.Байден тэмдэглэлээ.  

Монгол Улс, АНУ эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь нэмэгдэж байна. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх  талаар ярихдаа ил тод байдлын хэлэлцээрийг байгуулахын ач холбогдлыг ярьсан нь АНУ болоод гадаадын бусад хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хүлээх гол зүйл юм. Монгол улсын ирээдүйн сайн сайхны төлөө АНУ-ын ард түмэн тусалж, дэмжихдээ үргэлж бэлэн байна гэдгийг би бас дахин хэлье. Иймээс ч АНУ-ын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад  200 сая ам.долларын тусламж дэмжлэг үзүүлсэн. Мянганы сорилтын сангийн хамтын ажиллагааны хүрээнд нэмж 285 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ тусламж нь авилгын эсрэг тэмцэх, засаглалын бүх түвшинд удирдлагыг чадавхжуулах зэрэгт зориулагдаж байгаа. Түүнчлэн төрийн байгууллагын бүх шатанд хяналт шалгалтыг сайжруулахад тус нэмэр үзүүлж байна. Монголчуудыг илүү сайн ажил хөдөлмөр эрхлэхэд нь зориулж техникийн болон мэргэжлийн сургалтыг явуулахад тусалсан.

Монголчуудын ардчиллыг олж авсан ололт амжилтад бид бүхэн ихээхэн сэтгэл ханамжтай байдгийг Ерөнхийлөгч Б.Обама Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хэлж байсан бол би одоо Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаа дүгнэж энд үг хэлэхдээ ч онцлон хэлэхийг хүсч байна. Энэхүү харилцаа нь АНУ-д ч гэсэн мөн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэмээр байна. Танай улсын гуравдагч хөрш гэж тооцогдож байгаадаа баяртай байна. Монгол Улсын улс төрийн шинэчлэлт өөрчлөлтийг бусад гуравдагч хөршүүдийн адил дэмжин ажиллах болно. Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Тантай улам ойр дотно хамтран ажиллахыг хүсч байна. Найрсгаар хүлээн авсанд тань баярлалаа гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ж.Байден хэллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах