Инновацийн кластер байгуулах ажил эрчимжиж байнаa
Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлах үеэр хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулсны дагуу өндөр технологийн инновацийн кластер байгуулах ажил эрчимжиж байна. Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар “Мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулах үндэсний хөтөлбөр” боловсруулж Засгийн газраар батлуулах гэж байгаа бөгөөд хамтран ажиллах, туршлага солилцохоор гадны байгууллагын төлөөллийг урьжээ.
ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн мэргэжилтэн, доктор Ёслан Нур, Дэлхийн технологийн паркийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор О. Дог-сонг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч уулзан энэ талаар ярилцсан байна. БНСУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон зүйл ажил хэрэг болж байгаад Ерөнхий сайд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өндөр технологийн инновацийн кластер байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж байгаад төлөөлөгчдөд талархав.
ЮНЕСКО, Дэлхийн технологийн паркийн холбооны төлөөлөгчид манай улсад ирж холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан мэдээлэл, технологийн өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын төлөв зэргийн талаар судалгаа хийж байгаа юм. Инновацийн кластер, Цахиуран хөндий байгуулах Монгол Улсын Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ. Цаашид 4 үе шат бүхий ажлын “Мастер төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Инновацийн кластер, “Цахиуран хөндий”, их, дээд сургуулийн оюутны хотхон байгуулах төсөл, хөтөлбөрийг цогц хэлбэрээр хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж төлөөлөгчид хэлэв. Мөн мэдээлэл, холбооны өндөр технологийн инновацийн кластер байгуулсан БНСУ-ын туршлага, олсон ололт, амжилтын талаар уулзалтын үеэр ярилцав