Казахын ард түмэн Ерөнхий сайдыг аймгийнхаа ойд урилаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг угтаж, казах иргэдийн төлөөллийг 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Жекей, А.Тлейхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле болон нийгмийн салбар бүрийн төлөөлөл оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “НҮБ-аас Наурызын баярыг Олон улсын баяр болгон зарлаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өнгөрсөн сарын 23-ны шийдвэрээр Наурызын баярыг хүн төрөлхтний халдашгүй соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн. Өдөр, шөнө тэнцдэг энэ тэгш сайхан өдрийг казахын ард түмэн Та бүхэн Хаврын баяр болгон тэмдэглэдэг. Энэ сайхан баярын мэндийг Та бүхнээр дамжуулан нийт казах түмэндээ хүргэж аз жаргал сайн сайхныг ерөөе” гэлээ. Өвөлжилт хэдий хүнд хэцүү байгаа ч казах түмэн төр засгийн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой хэмээн чармайн ажиллаж байгааг аймгийн Засаг дарга С.Хавал хэлэв. Тэрээр 2010 онд тэмдэглэн өнгөрүүлэх Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдыг хүрэлцэн очихыг урьсан нутгийн иргэдийн урилгыг гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.