Капитал банк орон сууцны зээл олгох боломжтой
~ Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа ~
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар бага, дунд орлоготой иргэдэд 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлын хүрээнд Капитал банкнаас ирүүлсэн хамтран ажиллах саналын талаар Сангийн сайд Д.Хаянхярваа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Капитал банкийг өөрийн болон Хөгжлийн банкны эх үүсвэрээр иргэдэд 6 хувийн хүүтэй зээл олгох үйл ажиллагаанд оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгох ажлын хүрээнд Хөгжлийн банкнаас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах эхний шатны санхүүжилтийг Засгийн газрын баталгаат 580.000 ам.долларын бондыг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалах замаар татан төвлөрүүлээд байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн нийт эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудыг эхний ээлжинд өөрийн хөрөнгөөр хөнгөлөлттэй зээл иргэдэд олгуулах, өөрийн хөрөнгөөр зээл олгосны дараагаар үүнтэй нь уялдуулан Хөгжлийн банкнаас бага хүүтэй, урт хугацаат хөрөнгийн санхүүжилтийг хийх бодлогыг баримталж ирсэн. Банкуудыг өөрийн хөрөнгөөр зээл олгуулах ажлыг эхлүүлэх болон энэ үед үүсэх харилцааг зохицуулах зорилго бүхий “Арилжааны банкнаас өөрийн дотоод эх үүсвэрээр иргэдэд олгох орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг тохиролцох гэрээ”-ний загварыг Сангийн сайдын тушаалаар баталж, арилжааны банкуудаас уг гэрээний дагуу хамтран ажиллах нөхцөл, боломжийн талаар бичгээр санал авсан байна.
Арилжааны банкуудаас Төрийн банк болон Капитал банкнаас өөрийн хөрөнгөөр хөтөлбөрийг санхүүжүүлэн хамтран ажиллах санал ирүүлсний дотор Капитал банк дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах саналтай байгаагаа илэрхийлж, тэдний саналыг гэрээнд тусгасан нөхцөлд өөрийн эх үүсвэрээр 5-10 тэрбум төгрөгийн зээл олгох боломжтойг мэдэгдээд байгаа юм байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр” болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.
Хөтөлбөр төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжаар бүрдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.
Энэхүү хөтөлбөр нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх, мэдээлэл сурталчилгааг явуулахдаа оновчтой хэлбэрийг сонгон авч, тэдний нас биений онцлог, сонирхол, мэдээлэл авах шаардлага хэрэгцээнээс хамааран орчин үеийн сургалтын дэвшилттэй талыг ашиглах зорилготой юм.
Ноосны урамшууллаас хоцорсон малчдад урамшууллыг нь олгоно
Монгол Улсын Засгийн газар УИХ-ын тогтоолын дагуу 2011 оноос малчдад анх удаа ноосны урамшуулал олгож эхэлсэн. Энэ урамшуулалд ондоо багтаж 21 аймаг, нийслэлийн 236 сум, дүүргийн 41851 малчин хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлснээс 32977 малчин өрх ноосны урамшууллаа авчээ.
Ноосоо тушаасан хэдий ч бичиг баримтын зарим бүрдүүлэлтээ дутуу ирүүлснээс 7744 малчин өрх урамшуулалд хамрагдаж чадаагүй байсан бөгөөд энэ урамшуулалд шаардагдах хөрөнгийг энэ оны төсөвт төсөвлөсөн ноосны урамшуулалд олгох эс үүсвэрээс нэг удаагийн арга хэмжээ болгон олгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Хэнтийн Бэрхэд гал унтраах анги байгуулна
Хэнтийн аймгийн Бэрх хотод гуравдугаар зэрэглэлийн гал унтраах 42 дугаар ангийг шинээр байгуулах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тогтоол гаргахаар боллоо.
Бэрх хот нь 968 өрх, 3183 хүн амтай, хүн амынхаа тоогоор аймагтаа гуравт ордог байна. Монголросцветмет нэгдлийн харьяа Жоншны үйлдвэрийн дэргэд гал унтраах анги 1981 онд байгуулагдаж, Галын тусгай албаны хоёр автомашин бүхий бүрэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад Жоншны үйлдвэр зогссоноор 1991 онд татан буугдсан юм байна. Сүүлийн жилүүдэд тэнд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжин, барилга байгууламж нэмэгдэж, хил залгаа Батноров, Биндэр суманд үйлчлэх боломжтой болохыг харгалзан гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үүрэг бүхий мэргэжлийн анги, салбарыг байгуулснаар аймаг, орон нутгийн ард иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, гамшигтай тэмцэх чадварыг нэмэгдүүлж, гамшгийн тоо болоод хор хохирлыг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Зүүн Азийн хүүхдийн урлагийн их наадам болно
Монгол Улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухааны соёлын байгууллага ЮНЕСКО-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Зүүн Азийн хүүхдийн урлагийн наадмыг энэ оны наймдугаар сарын 21-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Наадмыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.
Уг наадам нь Азийн соёлын төрөл зүйлийг хамгаалан хөгжүүлэхэд хүүхэд залуучуудыг оролцуулах, энхтайвныг тогтоох, хөгжүүлэх зорилготой. БНХАУ, Япон, БНСУ, Монгол улсад зохион байгуулагдаж байсан бөгөөд манайд хоёр дахь удаагаа болох гэж буй юм.
Наадамд эдгээр орнуудын Засгийн газрын төлөөлөгч, ЮНЕСКО-ийн ерөнхий захирал, бие төлөөлөгч, Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга, сайн үйлсийн элч нар оролцдог бөгөөд энэ үеэр ЮНЕСКО-ийн Зүүн Азийн дэд бүсийн орнуудын Үндэсний комиссийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болдог уламжлалтай ажээ.
Товч мэдээ
- Засгийн газрын тохируулагч агентлаг Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабалыг ажлаас нь чөлөөлж, Ц.Нанзаддоржийг тус хорооны даргаар томиллоо. Төрийн албанд 18 жил ажилласан туршлагатай Цагааны Нанзаддоржийг Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэл томиллоо.
- Усны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан сав газрын захиргааны бүтэц, орон тоо, төсвийн жишгийн тухай хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болж, төсвийн зарлагын норм, норматив, бүтэц болон орон тооны жишиг хязгаарыг мөрдүүлж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.
- Ойн талбайн норматив, байршил батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Уг тогтоолоор аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах ойн талбайн норматив, байршлыг хавсралт ёсоор баталж, дээрх нормативыг үндэслэн хариуцсан нутаг дэвсгэртээ сум дундын ойн ангийг байгуулж тэдгээрийн бүтэц, орон тооны дээд хязгаар, дүрмийг батлахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 2008 оноос сумын болон сум дундын ойн анги байгуулагдаж эхэлсэн бөгөөд 22 ойн анги ажилладаг юм байна.
- Газрын тосны хайгуулын “Төхөм-Х урд” талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, “Монголын Алт” ХХК-ийн хооронд 2012 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.