Коксжсон түлшний үйлдвэр ашиглалтад орно
Агаарын бохирдлыг бууруулахын тулд гарц хайж байгаа дараагийн ажил нь утаагүй түлшний асуудал багтаж байгаа. Энэ хүрээнд “ТЭЦ-2” ТӨК-ийг түшиглэн байгуулж байгаа хагас коксжсон түлшний үйлдвэртэй Ерөнхий сайд танилцлаа. Иргэдийн хамгийн их хүсэн хүлээж байгаа энэ ажлын явц 60 хувьтай байгаа аж. Төлөвлөж байгаагаар анхны түлшээ ирэх оны 12 дугаар сард нийлүүлэх ёстой ч иргэдийн хүлээлтээс шалтгаалан хугацаагаа наашлуулж, оноос өмнө багтаах зорилго тавьжээ. Улсын төсвөөс 17 тэрбум төгрөг “залгиж” байгаа тус ажил нь цоо шинэ технологи бөгөөд агаарын бохирдлыг үндэс сууриаар нь шийдэж байгаа анхны жилийн анхны бүтээгдэхүүн болох юм.
Үр өгөөжтэй, утаагүй энэ түлшний үнийн зөрүүг татаас болон ваучер хэрэглэх замаар иргэдээ хохироолгүй, эдийн засгийн дарамт багатайгаар тэдэнд хүргэх эхний шатны ажлууд өгсөн үүрэг чиглэлийн дагуу хийгдэж эхэлснийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. Мөн дараагийн алхам нь зуухны асуудал бөгөөд АНУ-ын МСС-ийн тусламжтайгаар утаагүй технологид суурилсан, утааг эрс багасгах энэ ажлыг төрийн оролцоо дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна. Одоогийн байдлаар ийм технологи бүхий зуухыг 8900 гаруй айл аваад байгаа бөгөөд 6500 орчим айлд суурилуулах ажлыг эхлүүлжээ.
Хэрвээ ийм зуух 90 мянга орчим айлд тараавал утаа 40 хувиар буурна хэмээн ЭБЭХ-ийн сайд Д.Зоригт танилцуулж байлаа. Зуух түлшээр утааны асуудлыг 100 хувь бууруулах боломжгүй, нөгөө талаар иргэдээ орон сууцжуулснаар энэ ажил давхар шийдэгдэх боломжтойг ч тэрбээр дурьдаж байв. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын үзэж байгаагаар хагас коксжсон түлшний үйлдвэр бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихвэл утаанд асуудал байхгүй гэлээ.
Мөн иргэд зуух авахдаа хойрго хандаж байгаа нэг шалтгаан нь хуучин зуухаа шинэ зуухаар сольж байгааг таашаахгүй байгаа аж. Гал голомт гэдэг утгаар тэд зуухаа өгөхгүй байгаа гэнэ. Харин МСС-ийнхний үзэж байгаагаар тэд яндангаа авч үлдээд байгаагаас ажил үр дүнгүй болох шалтгаан болж байгаа юм байна. Ямартай ч иргэддээ энэ асуудлыг сайн ойлгуулж ажиллах хэрэгтэйг Засгийн газрын тэргүүн зөвлөлөө.