Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх анхны сургууль нээгдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны гуравдугаар сарын 25-ны өдөр боловсролын салбарт нэлээд цаг зарцууллаа. Эхлээд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуульд Кембрижийн сургалтын хөтөлбөрөөр хос хэлээр хичээллэх төрийн өмчит анхны сургуулийн нээлтэд оролцлоо. Энэ арга хэмжээний үеэр БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн ерөнхий боловсролын хөтөлбөр, стандартыг турших туршилт, судалгааны төв, түшиц лаборатори сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байна. Сургууль энэ оны есдүгээр сарын 1-нээс 15-16 насны, нэг ангидаа 20 хүүхэд бүхий хоёр бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулна. Сургуульд ажиллах багш нарын англи хэлний сургалт өнөөдрөөс эхэлж байна” гэв. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Кембрижийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүнийхээ хөгжилд томоохон хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Дэлхий даяар улс гүрнүүд хүнийхээ хөгжилд ихээхэн анхаарч байна. Энэ хандлагын цөм нь боловсролын асуудал юм. Хүнээ хөгжүүлж чадсан улс орон хөгждөг ийм жишээг бид олныг мэднэ. Иргэн боловсролтой, өрсөлдөх чадвартай бол хувь хүний, өрх гэрийн амьдрал дээшилнэ. Бид ийм замд хүрэх эхлэл тавьж байна. Монгол Улсын хөгжлийн гарц нь хүнээ хөгжүүлэх явдал юм. Энэ чиглэлд чухал алхам хийлээ. Зөв эхлэл гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн энэ лаборатори сургуулийн түвшинд биш нийслэлийн бүх дүүрэг, аймаг, улс орны хэмжээнд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн боловсролын тогтолцоонд шилжин орох бололцоог бий болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л талаас нь дэмжих болно” гэлээ. Тэрбээр дараа нь тус сургуульд багшлахаар сонгон шалгаруулалтад тэнцсэн, эхний сургалтад хамрагдаж буй багш нарт батламж гардуулахдаа “Дэлхийн Монгол иргэнийг бэлтгэх төрийн өмчит анхны сургуулийн багш нар та бүхэн үүрэг хариуцлага, нэр төрөө өндөрт өргөж яваарай” гэж захилаа.