Монголын боловсрол дэлхийн стандартад хүрэх учиртай гэдгийг Ерөнхий сайд чухалчиллаа
1921 онд 40 сурагч, 2 багштай анхны бага сургуулиар эхлэл нь тавигдсан орчин цагийн боловсролын салбарэнэ өдрүүдэд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Өнөөдөр тус салбарын 864 цэцэрлэгт 167,0 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 760 сургуульд 514,7 мянган сурагч, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 71 төвд 53,3 мянган сурагч, 102 их, дээд сургуульд 170 мянган оюутан суралцаж байна.
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож, түүхийг бичилцэж ирсэн багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн мэргэд, боловсролын салбарын бүх ажилтан, ажиллагсдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэлээ. Боловсролын салбар энэ хугацаанд олон томоохон ололт авчирсан. Хүн ардаа бичиг үсэгтэй болгож, нийгмээ соён гэгээрүүлж, улсаа хөгжүүлэх боловсон хүчнийг бэлтгэж чадсан нь хамгийн чухал ололт юм гэдгийг тодотгоод илүү их амжилтад хүрэхийн тулд хийх ажил их байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад Кембрижийн стандарт нэвтрүүлж, Монголын боловсролыг дэлхийн стандартад хүргэх ёстой гэдгийг чухалчиллаа. Энэ салбарын ажилтан, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, боловсролын системд чанарын өөрчлөлт гаргах зэрэг томоохон зорилт байгаа. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа гэж Засгийн газрын тэргүүн С.Батболд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.