Монголын хөгжлийн стратегийн зөвлөл байгуулах санал гаргав
Монголын эдийн засгийн анхдугаар чуулган эхэллээ. Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд салбар хуралдаанууд хуралдах юм. Энэхүү чуулганаар улсын төсвийн шинэтгэл, уул уурхайн салбарын хөгжил, байгаль орчин, ногоон эдийн засаг, улсын бүртгэлийн болон хөрөнгийн зах зээлийн шинэчлэл, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулганы ажиллагааг нээж үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Төр, засгийн бодлого амьдралаас хол хөндий байна гэсэн шүүмжлэл олонтаа гардаг. Тэр хол хөндий гэгдээд байгаа зайг ойртуулахад энэхүү чуулган тус дөхөм болно гэдэгт найдаж байна. Бид хөгжлийн гарц, хөгжлийн зам хэмээн өргөн агуулгаар нь ярьсаар ирлээ. Одоо ажил хэрэгт шилжих, бодитой алхам хийх цаг нь боллоо. Яагаад стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна вэ гэсэн тодорхой асуудлаар санал бодлоо солилцож, нэгдмэл ойлголтод хүрэх ёстой.
Тухайлбал, манай Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах асуудалд нухацтай хандаж 100% төр, ард түмний мэдэлд байлгаж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг цогцолбороор нь бүтээн байгуулж олон мянган ажлын байр бий болгохыг зорьж байна. Одоо эдийн засгийн ардчилал руу түүхэн үсрэлт хийх хэрэгтэй болоод байна. Эдийн засаг, бизнесийн эрх чөлөөг зах зээлийн утгаар нь хангаж чадахгүй болхувь хүний улс төрийн эрх, эрх чөлөө, улмаар ардчиллын ирээдүй, улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа ч хангагдахгүй.
Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан нь ард иргэд, бизнес эрхлэгчдийнхээ энэ эрх чөлөөнд нь зам тавьж өгч буй бодит алхам юм. Үүнийг иргэд маань санхүүгийн эрх чөлөөтэй болсон байх хэтийн том зорилгын үүднээс харж ажиллах болно. Энэхүү чуулганаас “Монголын хөгжлийн стратегийн зөвлөл” хэмээх зөвлөлдөх байгууллага байгуулахыг санал болгож байна. Цаашид уламжлал болгон жил бүр ийм чуулганыг зохион байгуулж хэвших хэрэгтэй юм.
Эдийн засгийн анхдуггар чуулганыг эдийн засгийн ардчллыг хөгжүүлэх, өрөөсгөл бүтэцтэй эмзэг эдийн засгаас тогтвортой өсөлттэй хөгжлийн эдийн засаг руу, эрүүл бус далд эдийн засгаас илтод нээлттэй эдийн засаг руу, хөрөнгө мөнгөний хязгаарлагдмал байдлаас хөрөнгийн зах зээл рүү хийх эрс шийдэмгий алхамын эхлэл байгаасай хэмээн хүсч байна хэмээн тодорхойллоо