Монгол Солонгосын бизнесийн уулзалт яриа хэлэлцээрийг тогтмолжуулахад Засгийн газар түлхүү анхаарна гэлээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд энэ сарын 24-нд Монгол Солонгосын бизнес эрхлэгчдийн форумд хэлсэн үгийнхээ эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 20 жилийн хугацаанд бидний харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт эрчимтэй хөгжиж өнөөгийн түвшинд хүрсэн нь манай хоёр орон газар нутгийн хувьд холгүй, нэг бүс нутагт оршиж байгаагаас гадна уламжлал, сэтгэлгээний нийтлэг тал олон байдагтай холбоотой гэлээ. Манай улсын гадаад худалдааны 4 дэх том түнш бөгөөд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ гуравт орж байна гэдгийг мөн хэллээ.
Хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчдийг дэмжих, Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар шинэ мэдээлэл өгөх зорилго бүхий энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Монгол Солонгосын бизнес эрхлэгчдэд хандан Засгийн газрын тэргүүн хэлэхдээ Монгол Улс бүс нутагтаа төдийгүй олон улсын хэмжээнд эдийн засгийн өсөлтийн хурд, нөөц боломжоороо танигдаж эхэллээ гэдгийг тэмдэглэлээ. Стратегийн орд газруудыг ашиглаж эхэлснээр 2011-2015 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 15 хувиас доошгүй өсөх төлөвтэй байгаа гэсэн мэдээллийг Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдад мөн өгөөд эрдэс, баялаг уул уурхайн хамтын ажиллагаа нь хоёр орны хамтын ажиллагааны чухал чиглэлийн нэг.
БНСУ-ын томоохон хөрөнгө оруулалт, дэвшилтэд технологийг Засгийн газар дэмжиж хамтран ажиллах болно гэлээ. Ингэхдээ Монгол Улс нэмүү өртөг шинэгэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх зорилт тавьж байгаа талаар онцлоод хамтын ажиллагааг уул уурхай, эрдэс баялаг, аж үйлдвэрээс гадна хөдөө, аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарт нэмэгдүүлэх боломж байгааг хэллээ. Тиймээс 40 гаруй сая мал сүрэг, онгон байгальтай Монгол Улс энэ их нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгийнхаа чадавхийг нэмэгдүүлэн, хүн амынхаа амьжиргааг сайжруулах зорилт дэвшүүлснээ тодотголоо.
Солонгосын хувийн хэвшлийнхэнтэй технологи, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах ихээхэн боломж байна гэж Засгийн газар үзэж байна. БНСУ-ын туршлагад түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэр, технологийн парк байгуулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Солонгосын шинжлэх ухаан, технологийн судалгааг нэвтрүүлэхэд түлхүү анхаарна гэдгээ Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ. Хоёр орны хоорондын харилцааг эдийн засгийн бодитой, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар бэхжүүлэх талаар мөн анхаарч бизнесийн ажил хэрэгч хүмүүсийн уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулах, хамрах хүрээг өргөжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, хамгийн гол нь өөрийн бизнесийн орчин нөхцөлийг сайжруулах бүхий л арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Солонгосын бизнесмэнүүдийн оролцоо, хамтын ажиллагаа, хүчин зүтгэл чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо