Монгол, Туркийн харилцаа идэвхжиж байгаад талархлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Ахмед Асым Арар улсаа төлөөлөн манай улсад дөрвөн жил ажилласан бөгөөд түүнийг бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан Ерөнхий сайд хүлээн авч уулзсан юм. Манай оронд Элчин сайдаар ажиллахдаа Монгол Туркийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд идэвхтэй ажиллаж, хувь нэмрээ оруулсан ноён Элчин сайдад талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж дээд түвшинд тохирсон яриа хэлэлцээ, арга хэмжээнүүд хэрэгжиж байгааг Засгийн газрын тэргүүн С.Батболд дурдаад Туркийн Засгийн газар монгол оюутнуудыг өөрийн зардлаар сургаж эхэлснээс хойш суралцагчдын тоог нэмж, одоогийн байдлаар 100 орчим монгол оюутан сургаж байгааг тэмдэглэлээ.
Туркийн “Turkish airlines” компани Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлд энэ сараас онгоцны шууд нислэг нээж байгаа нь хоёр орны хооронд зорчих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болж байгааг Ерөнхий сайд С.Батболд мөн хэллээ. Туркийн Элчин сайд Ахмед Асым Арар уулзалтын үеэр цаг зав гарган хүлээж авсан Ерөнхий сайд С.Батболдод талархлаа илэрхийлээд Монгол Турк хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллаж байгааг тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.