Монгол Улсыг БНФУ дэмжиж ажиллах болно
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад ажлын айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, Үйлдвэр, Ажил эрхлэлтийн яамны Гадаад Худалдаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Идрак тэргүүтэй төлөөлөгчдийг 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд БНФУ-ын Засгийн газраас ус цэвэршүүлэх чиглэлээр болон байгаль орчны салбарт Монгол Улсад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд, цаашид уул уурхайн салбараас гадна хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ач холбогдолтой байгааг тэмдэглэж хэллээ.
Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал нь хоёр талын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд гарган, өөр олон салбарт хамтран ажиллах бололцоог бий болгож байгааг Ерөнхий сайд хэлэв.Хатагтай Анн-Мари Идракийг дагалдан ажил хэрэгч хүмүүсийн бүрэлдэхүүн нь Монгол-Францын бизнес форумд амжилтттай оролцсон нь Монгол Улстай танилцах, шинэ түншүүдтэй болох, хоёр талын ажил хэрэгч хүрээний хүмүүсийг ойртуулсан чухал алхам боллоо гэж Ерөнхий сайд С.Батболд дүгнэлээ.Хатагтай Анн-Мари Идрак Монгол Улсад хийж байгаа айлчлал нь амжилттай болж байгааг дурдаад, БНФУ нь Монгол Улсын гуравдахь хөршийн харилцааг хөгжүүлж байгаадаа баяртай байдаг гэв.
Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ажил хэрэгч хүмүүсийг уулзуулж байх нь чухал. Монгол Улсын бизнесийн орчинг францын ажил хэрэгч хүрээнийхэн ихэд сонирхож байна. Сая болж өнгөрсөн бизнес форум үүнийг дахин нотлон харуулсан бөгөөд цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагаа хөгжих нэгэн суурь болж өгнө гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр хэлэв.Францын тал Улаанбаатар хотын ус цэвэршүүлэх байгууламжийг шинэчлэх ажилд хамтран ажиллахаар болсон. Түүнчлэн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улстай хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэж хатагтай Анн-Мари Идрак уулзалтын үеэр тэмдэглэж байлаа.
Цаашид цөмийн эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн сацуу Монгол Улсын Ерөнхий сайдын дурдсан салбаруудад Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно гэж тэрээр хэллээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд эрдэм шинжилгээ, археологийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг мөн дурдаад, ирэх жил Үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ойн хүрээнд музейн орон гэгддэг БНФУ-д Монгол Улсын тухай үзэсгэлэн гаргах, сурталчлах талаар арга хэмжээ авч байгаа тухай хэллээ.
“Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өндөр, дээд хэмжээний айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны Монгол Улсад хийж байгаа айлчал нь хоёр орны хамтын ажиллагааг улам дэлгэрүүлэн хөгжүүлэхийн илэрхийлэл боллоо” гэж Ерөнхий сайд мөн тэмдэглэлээ. Ярианыхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНФУ-ын Ерөнхий сайд Франсуа Фийонд мэндчилгээ дамжуулж, түүнийг Монгол Улсад айлчлан ирэхийг урилаа