Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийв

Нийтэлсэн: - 2010/04/20 19:22 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийвМонгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4-р сарын 9-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож, БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Гонкогт ажлын айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2010 оны 4-р сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужид зохиогдсон Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож “Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэн Азийн бодит сонголт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд ногоон эдийн засаг бий болгох асуудлаар Азийн орнууд бодлого үйл ажиллагаагаа нэгтгэх, дэлхийн улс орнууд эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөх шаардлагатайг, Дэлхийн эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд Боаогийн хурал чухал хувь нэмэр болох төдийгүй хүчтэй, эрүүл, өрсөлдөх чадвартай Азийг бий болгоход ч нөлөөлнө гэж дүгнэжээ..

Мөн хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих, байгальд ээлтэй технологийг ашиглах замаар уул уурхай, төмөр зам, барилгын үйлдвэрлэл зэрэг дэд бүтцийн салбараа хөгжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаагаа онцлон дурдсан байна. Ерөнхий Сайд С.Батболдын тавьсан илтгэлийн талаар Боаогийн хурлын зохион байгуулагчид болон оролцогчид байр сууриа илэрхийлэн Монгол Улс байгалийн нөөцөө ашиглан хөгжилд хүрэх зорилтуудаа амжилттай биелүүлэхийг хүссэн байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон, Данийн Вант Улсын Ерөнхий сайд Ларс Лакке Расмуссэн, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Хоёрдугаар Дэд Ерөнхийлөгч Мохаммад Карим Халилитэй ажлын уулзалтууд хийж чухал асуудлуудар санал солилцжээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Боаогийн чуулга уулзалтад оролцоод БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Гонконгийн удирдлагуудтай уулзаж гадаадын хөрөнгө оруулалтыг татсан банк, санхүү, боловсрол, хөрөнгийн зах зээлийнх нь туршлага монголын тал сонирхож, хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

Гонконгийн амбан захирагч Доналд Цан Ерөнхий сайд С.Батболдын тавьсан хүсэлтийг дагуу шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтран ажиллаж, Гонконгийн биржүүдээр дамжуулж монголын компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд туслах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж буй бизнесменүүдийг ирж туршлага судлахыг урижээ. Ажлын айлчлалын үр дүнд Гонконгийн шууд хөрөнгө оруулалтыг Монголд татан оруулах, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх үүднээс Улаанбаатар Гонконгийн хооронд шууд нислэг хийх асуудлыг яаралтай шийдвэрлэхээр тогтож, Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулахыг талууд дэмжсэн байна.

Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож, Гонконгод ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бээжин хотноо түр саатаж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзаж хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар санал бодлоо илэрхийлж, хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, хилийн зарим боомтыг 24 цагаар ажиллуулах, ОХУ-аас БНХАУ-руу тавьж байгаа хийн хоолойг Монгол улсаар дамжуулах, мах сүүний боловсруулах үйлдвэр байгуулах, их, дээд сургуулийн хотхон барихад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монгол улсад томоохон мах сүүний боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, зарим томоохон төсөлд хамтран ажиллахад  бэлэн байгаагаа дурдаж, Ерөнхий сайд С.Батболдын саналуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ, БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Гонконгт хийсэн айлчлал хугацаа богино боловч агуулгаар дүүрэн, ажил хэрэгч боллоо гэж Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах