Монгол улсын Ерөнхий сайд зүүн гурван аймагт ажиллах томилолтоо Хэнтий аймгаас эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд зүүн аймагт томилолтоор ажиллахаар Улаанбаатар хотоос мордлоо. Тэрээр 5 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын иргэдтэй уулзаж Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа бодлого, түүний хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулав.
Ерөнхий сайд Хэнтийчүүдэд хандаж хэлсэн үгэндээ “2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, улс орны эдийн засгийг үүрч яваа бизнес эрхлэгчдийнхээ ажиллах орчинг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх,төрийн байгууллагын хүнд суртлыг халах, шат дамжлагыг багасгах хууль эрх зүйн орчинг сажруулах чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Тухайлбал ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл чирэгдэл үүсгэж байсан 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, цаашид ч энэ чиглэлд анхаарч ажиллана” гэж хэллээ.
Мөн хэн бүхний анхаарлыг татаж, талархлыг хүлээж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж байгаа ажил, хүрэх үр дүнгийн талаар Ерөнхий сайд иргэдэд танилцууллаа. Энэ жилийн ажлын хүрээнд өрх бүрээс нэг хүн, ялангуяа 40-өөс дээш насныхныг ажилтай болгохыг Засгийн газар зорьж байгаа бөгөөд оны эцэс гэхэд 70 мянга гаруй ажлын байр бий болгоно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн бүх шатны албан хаагчид, сум, багийн Засаг дарга, хувийн хэвшил, ард иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллийн хамтын ажиллагаа, үүний дотор Хэнтийчүүдийн оруулах хувь нэмэр ч чухал гэж Ерөнхий сайд хэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 536+1 ширхэг хувьцааг иргэн бүртээ ижил тэгш, хүртээмжтэй, ил тодоор хуваарилахаар шийдвэрлэн, улмаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьж байгаа тухай гүйцэтгэх засаглалын тэргүүн ярилаа. Уул уурхайн салбарыг түшиглэн бүтээн байгуулах “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор, Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр зам барих, бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох ажлыг Засгийн газар санаачлан, үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Энэ бүхний үр дүн алсдаа мэдрэгдэнэ. Улс орны хөгжил, хэрэгцээг угтан харж, нийгмийн сайн сайхны төлөө хамтарсан Засгийн газар ажиллаж байна гэж Ерөнхий сайд онцоллоо.
“Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт зүүн бүсийн зөвлөгөөнийг Ерөнхий сайдын ивээл дор Дорнод аймагт зохион байгуулах гэж байгаа. Энэ зөвлөгөөнд оролцож, малчдынхаа санал бодлыг сонсож, байр сууриа илэрхийлэх нь Ерөнхий сайд С.Батболдын зүүн гурван аймагт ажиллаж байгаа албан томилолтын бас нэг хэсэг юм.
“Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 329 суманд тус бүр гурван хүний орон тоотой “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулсны дүнд 658 мэргэжилтэн ажлын байртай болсон. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 5,3 тэрбум төгрөг зарцуулсан бол энэ жил 51 тэрбум болж өссөн юм. Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд анх удаа аймаг бүрт 800 сая, 5 бүсийн хөгжилд дэмжлэг үзүүлэхээр 24 сая, сумдад үйлдвэрлэл хөгжүүлэх сан бий болгоход зориулж 24 тэрбум төгрөгийг төсөвт шинээр суулгасныг Хэнтий аймгийн иргэд талархан хүлээн авч байна.
Ерөнхий сайдын хөндсөн бас нэг сэдэв нь өөрсдийн хүчээр гурил, төмс, хүнсний ногоогоо хангах тухай байлаа. Өнгөрсөн онд манай улс хэрэгцээт үр тариа, төмсөө 100 хувь, хүнсний ногооны 54 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдсэн. Энэ онд олсон амжилтаа бататгаж, улмаар газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн тоо, хэмжээг өсгөх, улс орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, удмын санг хамгаалахыг зорьж байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэв.
Засгийн газар боловсролын салбарт шинэчлэл хийхийн тулд шат дараалсан арга хэмжээ авч байгааг Хэнтий аймгийн иргэд дэмжиж байна. Засгийн газар төрийн өмчийн их, дээд 42 сургуулийг 16 болгон цөөлсөнөөс гадна мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг чадавхжуулах, бэхжүүлэх, шинээр барихыг илүүд үзэж байгаа юм. Зүүн бүсийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг ирэх онд Хэнтий аймагт байгуулах бөгөөд жилд 2 мянга гаруй хүнийг сургана. Энэ төвийн ажил жигдэрснээр аймаг хөгжиж дэвжих боломж бүрдэнэ гэдэгт нутгийн иргэд итгэлтэй байна.
Засгийн газар монгол хүнээ хөгжүүлэхийг чухалчилж энэ хүрээнд олон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг жишээ болох олон улсын Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Хэнтий аймагт нэг сургууль энэ стандартаар хичээллэж эхлэнэ гэдгийг Ерөнхий сайд хэлэв. “Хүний хөгжил сан”-гаас иргэддээ өгч байгаа хишиг, хувь Ерөнхий сайдын хэлсэн үгэнд дурдагдлаа. Иргэд сар бүр бэлэн мөнгөө авахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх зорилгоор ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө нийлж 21 мянган төгрөгөө бөөнд нь авах боломжийг Засгийн газар бүрдүүлсэн. Үлдэх 1 сая төгрөгийг боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц, малчны болон бусад зээлийн төлбөрт зарцуулна гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутнуудын төлбөрөөс 500 мянган төгрөгийг бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн нь үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, банкны зээлийн дарамтыг багасгасан нь ахуй амьдралд нь дэмжлэг болж байгаа гэдгийг Хэнтий аймгийн цөөнгүй иргэн хэлж байлаа. Мөн цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттайгаар нэмж байгаа Засгийн газарт иргэд талархаж байгаа нь Хэнтий аймагт болсон уулзалтаас харагдлаа. Цаашид Засгийн газраас хийх, хэрэгжүүлэх ажил их ч цаг хугацаа давчуу гээд бэрхшээл саад багагүй байна. Гэсэн ч бид зорьсондоо хүрэхийн төлөө ажиллаж, үүний тулд захиргааны шинэтгэлийг эрчимжүүлж, төрийн албыг чадавхжуулах, иргэдэд орй, түргэн шуурхай болгох талаар шат дараатай арга хэмжээ авна Ерөнхий сайд хэллээ.
Ерөнхий сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд Хэнтийчүүдэд хандаж цаашид анхаарч ажиллах зүйлийг сануулав. 2009 оноос эхлэн санхүүгийн хувьд бүрэн бие дааж ирсэн Хэнтий аймаг айл өрх бүрээ амьдралын хангалттай эх үүсвэртэй болгоход анхаарах, иргэд ч бусдаас бадар барихгүйгээр амьдралаа залгуулахад анхаарах хэрэгтэй байна гэлээ. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн зээлийг очих ёстой эзэнд нь хүргэх ёстойг онцгойлон анхаарууллаа. Аймаг, орон нутаг боловсон хүчнээ бэлтгэх, бэхжүүлэхийн тулд гадаадын улс орнуудад 30 гаруй хүүхэд сургаж байгааг Ерөнхий сайд сайшаалаа.
Төрийн байгууллагын ажлын ил тод байдлыг хангахад анхаарч, тендерийг шударгаар, ил тод явуулах, хяналтыг сайжруулахын тулд иргэний нийгмийн төлөөллийг ажлын хэсэгт оруулдаг болсон, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум энэ жил улсын хэмжээнд загвар сумаар шалгарсан зэрэг олсон ололт, амжилтаа бататгахыг Ерөнхий сайд хүсэв.
Банкнаас зээл авах гэхэд барьцаа хөрөнгө шаарддаг, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд зээлийн хүүг хөнгөвчлөх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, зүүн бүсийн оношлогооны төвийг Өндөрхаан хотод байгуулах зэрэг санал, хүсэлт гаргаж байлаа. Уул уурхайн орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо хөгжлийг түргэтгэн, иргэн бүрээ ажилтай, орлоготой болгож, монгол хүнээ хөгжүүлэхийг зорьж байгаа хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд хэлж байлаа.
Мөн хий хоосон ярих биш хийж чаддаг гэдгээ Тавантолгойн хувьцаа, сар бүр бэлнээр олгож байгаа 21 мянган төгрөг, оюутнуудын сургалтын төлбөр, бага орлоготой иргэдээ 6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах, ажлын байр бий болгох чиглэлээр болитой, үр дүнтэй ажил хийж байгааг Хэнтийчүүд Ерөнхий сайд С.Батболдод хэлж, хамтарсан Засгийн газрыг илүү сайн ажиллаарай гэсэн итгэл тээж байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Атар чандгана сүү” компанийн сүүний фермерийн ажилтай танилцав. Энэ ферм Өлзийт сумын иргэдийг ажилтай, орлоготой болгоход тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа юм