Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Булангийн орнуудад хийсэн айлчлал амжилттай, бас ажил хэрэгч болж өнгөрлөө

Нийтэлсэн: - 2011/01/13 05:12 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Булангийн орнуудад хийсэн айлчлал амжилттай, бас ажил хэрэгч болж өнгөрлөө Тус орнуудад хийсэн айлчлалын үр дүнгээр өнөөдөр хэвлэлийн бага хурал болж, Монгол улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин сайд Б.Батхишиг болон албаны бусад хүмүүс хүрэлцэн ирж, тодорхой мэдээллийг хийсэн юм.

Кувейт улстай манай улс дипломат харилцаа тогтоосноос хойших 35 жилийн хугацаанд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал цөөнгүй байсан ч Монгол улсын засгийн газрын тэргүүн айлчилж байсан түүх үгүй аж. Энэ ч утгаараа Ерөнхий сайдын анхны айлчлалд Булангийн орнууд өндөр ач холбогдол өгсөн нь онцлог гэдгийг албаны хүмүүс тодотголоо .

Түүнчлэн хүн ам, байгалийн баялаг, нүүдэлчин соёл иргэншилтэй гээд адил төстэй зүйл хоёр орны хувьд багагүй байсан болохоор харилцан ярилцахад ойрхон байжээ.  Уулзалтын хүрээнд зам барих, дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар хамтарсан мэдэгдэл гаргасан төдийгүй мах экспортлох, малыг хөлөөр нь гаргах, мах боловсруулах үйлдвэр байгуулах нөхцөл бололцоог судлах шинжээчдийн багийг ч ажиллуулахаар болсныг дуулгалаа. Мөн 150 ортой  иж бүрэн тоноглогдсон хүүхдийн эмнэлгийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барьж байгуулах тухай  Ерөнхий сайд С.Батболдын  хүсэлтийг Кувейтийн тал таатай хүлээн авсан төдийгүй туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Мөн ерөнхий сайдын айлчлалын үеэр Кувейтэд манай улсын ЭСЯ нээгдсэн нь булангийн бүсийн анхны яам болсон байна. Хэлэлцээрийн үеэр хөндөгдсөн бас нэг чухал асуудал нь газрын тосны чиглэлээр хамтран ажиллах явдал байв. Энэ хүрээнд  Кувейтийн тал эхний ээлжинд нэг сая тонн  түүхий нефть    нийлүүлэх асуудлыг ойрын үед эцэслэн шийдэхээр тохиролцжээ. Гагцхүү манай талаас бичиг баримтаа бүрдүүлж өгөх ажил үлдсэн байна.  Монгол улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд нефтийн салбарт холбоотой бас нэгэн таатай мэдээлэл гэвэл манайд Кувейтийн тал бэлэн шатахуун нийлүүлэх боломжтой гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Үүнийг ажил хэрэг болгох нь монгол улсад ихээхэн ашигтай гэж албаны хүмүүс мэдээллээ. Түүнчлэн Кувейтийн газрын тосны хамгийн том компани нь манайд хайгуул олборлолтын чиглэлээр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Харин Арабын нэгдсэн Эмират улсын хувьд манай улс харилцаа хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж иржээ. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой ирэх дөрөвдүгээр сард болох юм байна. Эмират улс нь хүн ам цөөтэй, жижиг зах зээлтэй хэдий ч асар хурдтай хөгжиж байгаа орны нэг аж. Тус орны хөгжлийн туршлагаас судлах сонирхолтой байгаагаа Монгол улсын ерөнхий сайд илэрхийлсэн бөгөөд тэд ч харилцан туслахаа илэрхийлжээ.

Ер нь арабчууд юмыг тодорхой тавьж, асуудалд ханддаг улс аж. Энэ ч утгаараа айлчлал ажил хэрэгч болж, цаашид олон ажил өрнөх эхлэлийг тавьсан уулзалтууд боллоо гэдгийг албаны хүмүүс тодотгож байна. Ерөнхий сайдын АНЭУ-д айлчлах үед цөмийн энергийн салбарт хамтран ажиллах асуудал хөндөгдөж, манай улс Эмиратад цөмийн түлш зарах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн нь анхаарал татсан сэдэв байсан  гэдгийг тэд дурьдлаа. Урьд өмнө нь манай улс түүхий эдээр нь буюу шар нунтаг экспортлох хэмжээнд асуудлыг ярьдаг байсан бол , одоо харин энэ салбарт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийгээ экспортод гаргах тухай асуудлыг Ерөнхий сайд С.Батболд гаргаж тавилаа. Энэ нь айлчлалын бас нэг гол онцлог байсныг албаны эх сурвалж тэмдэглэлээ

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах