Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
Дундговь аймгийн ахан дүүс, ард иргэд ээ
70 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Монгол нутгийн дуу хуурын хөг аялгуу, айраг найрын хоймор болсон Дундговьчууд Та бүхэндээ аймаг байгуулагдсаных нь түүхт 70 жилийн ойн халуун дотно мэндчилгээг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хүүгийн хувиар хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Дундговь аймаг миний сэтгэлд ойр байдаг.Ээжийн минь төрсөн нутаг, миний хүүхэд насны минь гэгээн дурсамж энэ сайхан нутагтай холбоотой билээ.
Манай Дундговь аймгийн 70 жил Монголын түүхийн дүүрэн билэгтэй, өлзий ерөөлтэй олон чухал ойнуудтай давхцан тохиож буйд билэгшээж байна. Тиймээс Дундговьчууд Та бүхэндээ Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Төв халхын нутагт амьдран суугаа бид энэхүү тэгш ойнуудыг бусдаас илүү хүндэтгэл, ёслолтой тэмдэглэн өнгөрүүлэх эрхтэй. Монголын тулгар төрийн эх сурвалж болсон Хүннүчүүдийн амьдарч ирсэн ул мөр, дурсгал Дундговь аймгийн Ярх, Замбага хайрхан ууланд их бий.
Мөн бидний 100 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол төлөөлөгч, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Г.Чагдаржав энэ нутгаас төрөн гарсан билээ. Бид энэхүү эрхэм хүнийхээ гэрэлт хөшөөг өөрийн үүсгэн санаачилж, амжилтанд хүргэсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалынх нь 100 жилийн ойгоор төрөлх нутгийнх нь төв талбайд босгож, мөнхжүүлж байгаа нь санаандгүй хэрэг биш юм. 90 жилийнх нь ойг тэмдэглэж буй Ардын хувьсгалын партизан, ахмад дайчид, эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцсэн эрэлхэг эх орончид энэ нутгаас олон төрсөн билээ.
Энэ мэт утга учиртай тэмдэглэн өнгөрүүлэх их ойн жил улс орон маань амжилт бүтээл, хөгжил дэвшил, итгэл найдвар, бахархал омогшил, гэгээн ирээдүйг дагуулж ирлээ. Бид эцэг өвгөдөөс өвлүүлж, уламжлуулсан эрдэс баялагийнхаа ачаар дэлхий дахины анхаарлын төвд орлоо. Уул уурхайн олон үйлдвэрүүд эх сууриа тавьж, улс оронд маань хөгжих боломж нээгдлээ.
“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” зэрэг бодлогын бичиг баримтын хүрээнд мал аж ахуйн салбарт зарцуулах төсвийн хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүллээ. Байгаль цаг уурын таатай орчин, малчдынхаа хичээл зүтгэлээр энэ онд улсын хэмжээнд 13 сая орчим төл бойжуулж, ойрын жилүүдэд байгаагүй амжилтыг үзүүллээ. Газар тариалангийнхаа салбарт ч ихээхэн амжилтанд хүрлээ. Айлаас гуйдаг биш авдраа уудалдаг болж, улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангаж эхэллээ. “Атрын III”аяны үр дүнд гурилын үйлдвэрлэл сүүлийн 2 жилийн дотор 2.2 дахин нэмэгдлээ.
Энэ жилийн дэлгэр зун, налгар намар, ажилсаг тариаланчдынхаа ачаар илүү их ургац авна гэсэн өөдрөг бодол, төсөөлөл бидэнд байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар уул уурхайгаас гадна хүнсний, бүтээн байгуулалтын олон шинэ үйлдвэр эх орны минь өнцөг булан бүрт ашиглалтанд орж байна. Эдгээр амжилт, ололтыг дагаж эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагасын байдлаар 9.7 хувьд хүрлээ. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ гурван сая орчим төгрөг боллоо. Эдийн засгаа эрчимжүүлэх, ард иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого ажил болж байна.
Байгалийн баялагаа иргэн бүртээ тэгш шударга хүртээх зорилгоор Таван толгойн орд газрын хувьцаанаас 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй хүртээх шийдвэрийг Хамтарсан Засгийн газар гаргаад удаагүй одоо ажил болгох шатандаа орж байна. Оюу толгой, Тавантолгойн орд газрыг дагасан их бүтээн байгуулалт эхэлж байна. Стратегийн орд газруудаа түшиглэж барилгын материалын, хими, гангийн, металлург, эрчим хүчний зэрэг үйлдвэрүүдийг Сайншанд цогцолбор болгон говийн бүс нутагт барихаар болсон.
Үүнийг дагаад говийн бүс нутагт хөгжлийн, бүтээн байгуулалтын томоохон ундарга нэмэгдэнэ. Уул уурхайн орд газраа, аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлтэй холбох шинэ төмөр замын суурийг тавьж ажлыг нь эхлүүллээ. Манай Засгийн газар бүх аймгийг холбосон хатуу хучилттай авто зам, дундаж орлоготой иргэдэд зориулсан орон сууцны томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн өсөлтөд тулгуурлан ирэх он жилүүдийг их бүтээн байгуулалтынх болгохоор зорьж байна. Хийснээсээ илүү ихийг хийж, бүтээснээсээ илүү ихийг бүтээж босгох үүрэг бидэнд ноогдож байна.
Эдийн засгийн салбараас гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн, шинжлэх ухааны гээд бүхий л салбарт хийж хэрэгжүүлж байгаа зүйл олон бий. Боловсролын салбарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн стандартыг нэвтрүүлж эхлүүллээ. Ирэх хичээлийн жил улсын хэмжээд Кембрижийн стандартаар 30 сургууль хичээллэж эхэлнэ. Үүнд Дундговь аймаг ч багтаж, дэлхийн стандартаар хичээллэх сургууль энэ хичээлийн жилээс танай аймагт үүд хаалгаа нээх сайхан мэдээг дуулгая. Их дээд сургуулиудыг цэгцэлж, хотхон хэлбэрээр хөгжүүлэхээр ажлыг нь эхлүүллээ. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүллээ. Цаашид ч гэсэн нэмэх бодлого баримтлан ажиллана.
Эрүүл мэндийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байна. Бүхэлдээ Засгийн газар томоохон зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлэх их бүтээн байгуулалт өрнөж байна.
Эрхэм хүндэт Дундговьчууд аа,
Их ойн зочид төлөөлөгчид өө,
Одоогоос 70 жилийн тэртээ говийн бүс нутгийг хөгжүүлэх зорилгоор Дундговь аймгийн бүтээн байгуулалтын эх суурь тавигдаж, их үйлсийн ундарга өрнөж эхэлсэн юм.
“Ембүү дэрсэнэ ус” хэмээх эрдэнэ мэт нэртэй билэг ерөөлтэй газар эх сууриа тавьсан Дундговь аймаг өнөөдөр бүх сумньэрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үйлдвэрлэл, уул уурхай эрхэлсэн, нэг өрхөд ногдох малын тоогоорулсдаатэргүүлсэн томоохон аймгуудын нэг болж хөгжсөн нь Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнбилээ. Тиймээс Дундговь аймгийг барьж байгуулахад оролцсон бүх ард иргэдэд 70 жилийн ойн баярын мэнд хүргэж талархал дэвшүүлж байна.
Өнөөгийн Дундговь бол бидний өвөг дээдсийн нөр их хөдөлмөр, уйгагүй ажиллагааны үр дүнд байгуулагдсан аймаг юм. Харин өнөө ба маргаашийнхны санал санаачилга, идэвхитэй байр суурь, мэдлэг боловсрол, нутгаа гэсэн чин сэтгэл, өрсөлдөх чадвараар Дундговь нутгийн хөгжлийн түүх үргэлжлэн бичигдэнэ. Тиймээс Дундговь нутгийн хөгжлийн түүхийг баяжуулж, бэхжүүлэх, шинэ шатанд гаргах шинэ үеийхнийхээ их үйлст нь амжилт хүсье.
Дундговь нутгаас манай улсын нэрийн хуудас, монголын ард түмний хийморь бахархал болсон Зууны манлай уртын дуучин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Намжилын Норовбанзад, Монгол Улсын ууган гавьяат жүжигчин, Зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагва, Монгол Улсын алдарт гавьяат дуучин Цэнджавын Төмөр тэргүүтэй олон алдартнууд төрөн гарсан. Тиймээс Монголын ард түмэн Дундговь аймгийг “Дуу хуурын их өлгий” хэмээн эртнээс эдүгээг хүртэл хүндэтгэн хүлээн зөвшөөрч, бахархан биширч ирсэн билээ.
Энэхүү бахархал бишрэлийг өнөө үеийнхэн ч гэсэн нэр төртэй өргөж явна. Дундговь аймгийнхан маань дуу хуурын их өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн тулд Улаанбаатар хотод “Дуу хуурын өлгий-Дундговь” урлаг соёлын өдрүүдийг хоёр удаа, “Зууны манлай уртын дуучны хөшөө цогцолбор”, монголд анх удаа байгалийн “Задгай театр”-ыг байгуулсанд таатай байна. Цаашид бид оюуны өв соёлоо залуу үедээ өвлүүлж, уламжлуулах, өргөжүүлэн сурталчилах талаар олон бүтээлч ажил хийж хэрэгжүүлэх үүрэгтэй.
Түүхт 70 жилийн хугацаанд энэ нутгаас монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, шашин соёлын гарамгай төлөөлөгч, тив дэлхийд монголыг сурталчилсан утга зохиол, урлаг, спортын алдартан, улсын болоод хөдөлмөрийн баатар, гавъяатнууд олноор төрөн гарсныг баярын энэ өдөр бахархан дурсах ёстой. Энэхүү алдар гавъяатнуудынхаа суу алдарыг мөнхжүүлж, үйлс бүтээлийг дээдэлж байх нь бидний хийж хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг байх болно.
Дундговь аймаг адуутай, айрагтай нутаг билээ. Тиймээс айраг, найрын нутгийнхаа хийморийг бадрааж, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, өгөөж шимийг нутаг орны хөгжлийн бодлого, ард иргэдийн амьжиргаа, санаа сэтгэгдэлтэй нийцүүлэн ашиглах хэрэгтэй. Дундговь аймгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэд, малчид сүүлийн жилүүдэд байгалийн хатуу ширүүнийг даван туулж, мал аж ахуйн салбарт учруулсан хохирлыг арилгах талаар ихээхэн анхаарч ирсэн.
Тиймээс цаашид мал сүргээ чанаржуулах, эрчимжүүлэх, үйлдэр угсааг нь сайжруулах талаар ахиц дэвшилтэй бодлого явуулах ёстой. ОХУ болон монгол эрдэмтэдийн багийн заавар зөвлөгөөний дагуу Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт “Бэлчээр сайжруулах, тэжээлийн ургамал тарих туршилт, эрдэм шинжилгээний талбай” байгуулж, гүний худаг гаргаад байгаа нь сайн хэрэг юм. Энэ нь говь хээрийн нөхцөлд жилээс жилд доройтож байгаа бэлчээрийг сэргээх, цөлжилттэй тэмцэх том ажлын эхлэл билээ.
Өнгөрсөн жил миний бие Дундговь аймагтаа ажиллаж ард иргэд, ахан дүүсийнхээ амьдрал ахуйтай танилцаж, санал солилцож, хөгжлийн хэтийн асуудлаар байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн. Энэ үеэр Дэлгэрцогтыг Монгол Улсын жишиг сум болгох, тус сумын хүн эмнэлгийн барилгыг барих, Эрдэнэдалай сумын төвийн цэвэр, бохир усны нэгдсэн системийн барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулах, Дэлгэрцогт, Дэрэн сумын нутагт “Бэлчээр сайжруулах экологийн туршилт, судалгааны төв”-ийг байгуулах, Дундговь аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих асуудлуудыг шийдвэрлэсэн. Эдгээрийг ажил бодит ажил болж байна гэдэгт итгэж байна.
Төрөлх нутгийнхаа 70 жилийн тэгш дүүрэн ойд оролцож, баяр баяслыг нь хуваалцаж байгаагийн хувьд зарим асуудлыг шийдвэрлэх ёстой. Тиймээс Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан төрийн ёслол хүндэтгэлийн их цагаан өргөө гэрийг дурсгал болгон өгч байна. Мөн ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор “Түмний өргөө”-г ирэх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Сүүлийн жилүүдэд Дундговь аймаг улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн болоод хувийн хэвшлүүдийн хөрөнгөөр хүүхдийн парк, аймгийн төвийн цэвэр усны ус дамжуулах хоолой солих, “Ногоон хөгжил Дундговь”зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж хэрэгжүүлж байгаа нь сайн хэрэг юм. Монгол Улсын Засгийн газраас авто замын талаар баримтлах гол бодлого нь бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбоход чиглэгдэж байгаа.
Эхний ээлжинд уул уурхайн орд газруудтай холбогдуулан говийн бүс нутгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил явж байна. Тухайлбал Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 100 км, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163 км замыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хувийн аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа ажил нь эд өрнөөд явж байна. Одоо 104 км замыг нэмж барьж байгуулбал Мандалговийг Улаанбаатар хоттой холбох боломж бүрдэнэ. Энэхүү замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр шууд гэрээгээр хийж барихаар төлөвлөж байна.
Цаашид Дундговьчууд маань хүүхэд залуучуудынхаа хөгжилд анхаарч, чөлөөт цагийг нь зөв зүйтэй өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, өрхийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэд, айл өрхийн амжиргааг тэтгэх, ажлын байр нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх зүйл их байна. Уртын дуу, морин хуурын аялгуутай түүхээ их бүтээн байгуулалтаар баяжуулж, айраг, найрын жавхаагаа ажил үйлстэй хослуулж, Дундговь нутагт минь хөгжил бүхэн цэцэглэх, хүн бүрийн ажил амьдрал дэвжиж сайхан цаг ирж байна.
Дөрвөн цагийн уртад дүүрэн билэг тэгширсэн нутагтаа өндөр дээд, өлзий дэмбэрэлт өвөг дээдсийнхээ заяа буянд ивээгдэж, өнөө үеийнхэний мэдлэг боловсролд тэтгэгдэж, үе удмаараа аз жаргалтай амьдарч, үйлс бүтээл нь дэлгэрч байхыг ерөөе.
Дундговь аймаг. 2011 оны 7 дугаар сар 27