Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээ
Улс орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа эх орон нэгт омог бардам, эрхэмсэг монгол ахан дүүсээ! Бид эдийн засгийн ардчиллын суурийг тавьж, Монгол улс төмөр замын бодлогоо өөрсдөө тодорхойлж, Тавантолгойн ордыг ашиглах эрх зүйн орчин бүрдлээ. Энэ бол улсынхаа хөгжлийн төлөө монголчууд бидний хамтдаа гаргасан түүхэн шийдвэр, цаашид хамтдаа бүтээх их хөгжлийн эхлэл гэж ойлгож байна. Тийм ээ, монголчууд бид хамтдаа чадна. “Газрын доорхи баялаг ард түмний өмч байна” гэсэн Үндсэн хуулийн заалт амьдралд хэрэгжиж монголчууд бид Тавантолгойн ордоосоо хувьцаа эзэмших боллоо. Хүний хөгжил сангаас иргэн бүртээ сар бүр хишиг хувь олгохоор Засгийн газар зорьж байна. Мөн бүртгэлийн төгөлдөршлийг бодитоор хэрэгжүүлэх иргэний шинэчилсэн бүртгэл орон даяар эхэллээ. Бид бахархах зүйл ихтэй ард түмэн билээ. Элэг нэгт, монгол ахан дүүсээ! Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хотол түмнээрээ сайхан наадаарай. Төрт ёсны их баяр цэнгэл-монгол наадам миний Монголын дөрвөн зүг, найман зовхист ёслол төгөлдөр, сүр жавхлантай болж, айл өрх, хүн бүрт баяр баясгалан бэлэглэх болтугай!
Улирлын сайхан зунтай зэрэгцэж улсын наадам ирлээ. 2200 гаруй жилийн түүхтэй Монгол төрийн их баяр, Их Монгол улс байгуулсны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ хүргэе!
<<Эрүүл явбал улсын наадам үзнэ>> гэсэн их найрагчийн үг бий. Энэ нь улсын наадам бол зөвхөн баяр цэнгэл биш, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний бахархал, монгол омогшлоо дэлхийн нийтэд зарлан тунхаглаж байгаа төрийн ёслол болохыг илтгэсэн гүн утгатай билээ. Энэхүү утга, агуулгыг бүрэн илэрхийлж чадахуйц олон чухал шийдвэрийг Засгийн газар УИХ-тайгаа хамтран гаргасныг энэ баярт өдөр ард түмэндээ дуулгахад таатай байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд