Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Тусгаар тогтнолын талбайн “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-ний нээлтийн ажиллагаанд хэлсэн үг
Тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Хүндэт зочид төлөөлөгчид өө, Бидний Монголчууд төв Азийн цээжинд төр улсаа үүсгэн байгуулж, үеийн үед үндэс угсаагаа хамгаалж хүчирхэгжин мандахын зэрэгцээ бууран доройтсон ч гэсэн тусгаар тогтнолоо дахин олж өнөө цагийн хөгжил дэвшилд хүрч ирсэн намтар баян цадиг түүхтэй ард түмэн билээ. Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойнууд бол үндэсний ой санамжид үүрд мөнхөрч үлдсэн, үеийн үед дуурсагдах гайхамшигт үйл явдлууд мөн. Буурал их түүхийн маань бахархах үйл явдлыг гэрчлэх эдгээр түүхэн тэмдэглэлт ойнууд энэ жил давхцан тохиож байна. Энэ их ойнуудыг бид утга төгс, ёслол төгөлдөр тэмдэглэж өнөд дурсагдах үйл хэргийг дархлан бүтээх учиртай. Ойг угтсан олон бүтээлч ажил өрнүүлж буйн нэгэн тод илрэл нь Тусгаар тогтнолын талбайг шинэчлэн тохижуулж, “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-г сүндэрлүүлэн босгох явдал мөн. Монголын төрт ёс, түүхэн уламжлал, үе үеийнхний тэмцэл ялалтыг илтгэн харуулсан, монгол архитектур, уран бүтээлчдийн оюун ухаан, уран гараар бүтээгдсэн “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”–ний нээлтийн ёслолыг Та бид өнөөдөр хийж байна. Ёслолын ажиллагаа маань нар хур тэгширсэн зуны дунд хөх морин сарын шинийн 4-ний дашнямтай билэгт сайн өдөр тохиолоо. Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, бичиг соёл, гүн ухаан, хүсэл тэмүүллийн гайхамшгийг чимэг болгон харуулсан энэ сүрлэг хөшөө өргөн утга агуулгатай “гэрэлт цамхаг”, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “үнэт дурсгал”, үүрд мөнхөд оршихуйн ”билэгдэл” мөн. Өнөөгийн Та бид бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсдаа эрх чөлөөтэй, энх амгалан амьдарч буй нь үндэс угсаа, газар шороо, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үе үеийн эх оронч эрэлхэг хөвгүүд, ахмад үеийнхний хатуу ширүүн сорилтуудыг халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй даван туулж чадсан агуу их үйл хэргийн үр дүн билээ. Энэхүү гэрэлт хөшөө нь тэдний маань тэмцэл, зүтгэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч, хойчийн үеийнхэнд сануулсаар байх болно. “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” тийш ирэх ардын минь зам балрахгүй. Эрт цагийн хүн чулуу, буган хөшөөнөөс эхлээд өнөөдрийн бидний дархлан босгож байгаа “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” хүртэл эцэг дээдэс, эх орны түүхийн талаар олон зүйлийг илтгэн өгүүлэх болно. Бидний өвөг дээдсийн дархлан хамгаалж, өвлүүлж уламжлуулсан төр улсын тусгаар тогтнол бол үндэстний маань оршин тогтнох, ард түмний минь эрхэмлэн дээдлэх хамгийн үнэ цэнэтэй зүйл мөн. Өнөө ба ирээдүй үеийнхэн маань тусгаар тогтнолоо хичээл зүтгэл, үнэн сэтгэл, бодит бүтээн байгуулалтаар бататган бэхжүүлсээр байх учиртай. Эдүгээ Монголын тусгаар тогтнол Монгол хүний хөгжлөөр тодорхойлох тийм үед бид оршин амьдарч байна. Монгол хүний хөгжил, бидний өрсөлдөх чадвар өсөх тусам тусгаар тогтнол маань баталгаажих болно. Иймд Монгол Ардын Нам, манай Засгийн газрын зорилго бол Монгол хүн хөгжих, дэвжих нийгмийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө байж ирснийг батлан хэлье. Энэ цаг үед дэлхий дахинаа эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглан зарлаж байгаа авъяаслаг, чадварлаг Монголчуудаараа бахархаж байна. Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-г цогцлооход өөрсдийн оюун ухаан, авьяас билэг, ур чадвараа дайчлан оролцсон уран бүтээлчид, нийт хүмүүст чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Энэхүү гэрэлт хөшөө Монголын ард түмний итгэл үнэмшлийн, эрхэм тэмүүллийн баталгаа, тусгаар тогтнолын тунхаглал болж сүндэрлэлээ. Монгол хүн бүрийн итгэл, бахархал, омогшлыг бадрааж, Улсынхаа нийслэлд “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө”-ний ёслолын ажиллагааг нээснийг мэдэгдье. Монгол Улсын минь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал батжин бэхжиж, ард түмний минь золбоо хийморь өөдлөн бадрах болтугай. 2011 оны 6 дугаар сар 05.