Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд алтан мөрдөстнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсад цэргийн цол-генерал цол бий болсон өдрийг тохиолдуулан Засгийн газрын тэрүүн С.Батболд 2011 оны 4 дүгээр сар 28-ны өдөр генералуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий гэдэгчлэн тэрхүү цэрэг эрсийн мөрөөдлийг бодит биелэл болгож чадсан генералууд та бүхнээр цэрэг эрс, Монголчууд бид үргэлж бахархдаг хэмээн Ерөнхий сайд С.Батболд алтан мөрдөстнүүдтэй уулзах үеэрээ тэмдэглэлээ. Улс орныхоо аюулгүй байдал тусгаар тогтнолын төлөө энхийн манаанд зогсч байгаа эрхэм генералууд та бүхэн энэхүү өндөр хариуцлагатай үүрэг, нэр төрөө өргөж явахын зэрэгцээ цаашид улс орны хөгжил дэвшил, батлах хамгаалахын шинэчлэлд өөрсдийн хувь нэмрийг оруулан, хойч үе шинэ залуу офицеруудад арга туршлагаа харамгүй хайрлаж, биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна. 10 дахь жилдээ тэмдэглэж байгаа түүхэн өдрийг тохиолдуулан Монголын төр эрхэм генералууд та бүхэнд хүндэтгэл үзүүлж, энэхүү ариун, нэр хүндтэй үйлсэд тань өндөр амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөе хэмээн Ерөнхий сайд хэллээ. 1944 онд шинээр нэвтэрсэн генерал цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавъяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж анхны 11 хүнд олгосноос хойш эдүгээ энэ эрхэм хүндэт цолыг 155 хүн хүртээд байгаа ажээ. Монгол Улсын генералууд эрх орон, улсын хил хязгаараа батлан хамгаалах, аюулгүй байдал нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд урьдын адил өөрсдийн хувь нэмрийг оруулах болно гэдгээ “Монгол генерал төв”-ийн тэргүүн хошууч генерал С.Баасанхүү энэ үеэр илтгэсэн бол,Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Л.Моломжамц генералууд биднийг элэгсэг дотноор хүлээн авч, өндөр хүндэтгэл үзүүлж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Монгол Улсын генералуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье хэмээлээ. Өнөөдөр Монгол Улсын генералуудаас 34 нь Төрийн болон цэргийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа бол 47 генерал нь бэлтгэл болон чөлөөнийхөө амралтыг эдэлж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын генералуудаас Монгол Улсын баатар 6, Хөдөлмөрийн баатар 2, Гавъяат цолтон 8 төрөн гарсан байдаг юм байна.