Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа

Нийтэлсэн: - 2011/09/15 16:20 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд БНЭУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа Манай улсад төрийн айлчлал хийж байгаа БНЭУ-ын ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патилд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр бараалхлаа. Уулзалтын эхэнд  Ерөнхий сайд С.Батболд эрхэмсэг зочин, БНЭУ-ын Ерөнхийлөгчийг Монгол улсад тавтай айлчлахыг хүсч, энэ айлчлал нь Монголын тулгар төрийн  2220, Их Монгол улс байгуулагдсаны  805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын хувьсгалын түүхт  90 жилийн ой зэрэг онцгой жил давхцсан үеэр тохиож байгаагаараа чухал болж байгааг тэмдэглэлээ.

Түүнчлэн  2009 онд Гадаад хэргийн сайд байхдаа Энэтхэгт тантай уулзаж байсан бол, энэ удаа эх орондоо дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлоод, эрхэм ерөнхийлөгчийн  айлчлал нь хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна хэмээн тэмдэглэлээ. Монгол, Энэтхэг  хоёр улс нь олон зуун жилийн уламжлалт харилцаатай төдийгүй энэ  нь түүхийн, шашны, соёлын гэх мэт харилцаагаар холбогдон явж ирснийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд дурьдаад, Энэтхэг улс нь  Монгол улсын ойрхон гуравдагч хөрш бөгөөд сэтгэл санааны хувьд ч хоёр ард түмэн дөхүү байдгийг онцолж байв.

Мөн Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр орон 2 талын харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэхээр хамтран ажиллаж байгааг уулзалтын үеэр тэмдэглэлээ. Энэтхэг улс нь дэлхийн хамгийн том ардчилсан улс, ийм том улстай адилхан Монгол улс ч гэсэн  ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж хамт яваадаа  бахархаж  явдаг гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцлоод, энэ долдугаар сараас эхлэн Монгол улс ардчиллын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаанд даргалах болсон гэдгийг тэмдэглэж байв.  Монгол улсын Ерөнхий сайд нь Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах Үндэсний зөвлөлийг тэргүүлж байгаа ажээ.

 Дэлхий дахинд ардчиллыг түгээх үйлсэд Энэтхэг улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг Ерөнхий сайд уулзалтын үеэр илэрхийлэв. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд  Энэтхэг улс  эдийн засгийн хөгжлөөрөө асар их дэвшил гаргаж байгаад нь баяр хүргэлээ. Түүнчлэн Монгол улсыг ардчилал, зах зээлийн шинэ тогтолцоонд шилжих үед дэмжлэг туслалцаа үзүүлсэнд нь, мөн Энэтхэгийн Засгийн газраас өмнө нь олгосон 25 сая ам.долларын хөнгөлттэй зээл нь дэлхийн эдийн засгийн хямралын үр дагаврыг гэтлэн давахад ихээхэн  тус дэм болсонд талархаж буйгаа энэ үеэр илэрхийллээ. БНЭУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн  айлчлалаар тус улсаас  20 сая ам.долларын хөнгөлттэй зээл олгохоор болж байгаад Монгол улсын Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

 

Өнгөрсөн тавдугаар сард Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны гуравдугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болсон бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд  чухал механизм болсон гэдгийг дурьдаад , тэндээс гарсан шийдвэрт Монгол улсын Засгийн газар онцгойлон анхаарна гэдгээ уулзалтын үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн тэмдэглэлээ.  Мөн хоёр улс нь бие биенээ нөхсөн,харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгаа, тухайлбал уул уурхай, мэдээллийн технологи, дэд бүтэц, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд зэрэг нь хамгийн ирээдүйтэй салбар юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод, эдгээр салбарт хөрөнгө оруулалтыг ихэсгэх, түүнчлэн  аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа чухал болохыг тэмдэглэлээ.

Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа  монгол оюутны тоог 20-иор нэмж байгаа явдалд Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн түүнчлэн сургалтын хүрээг нэмэгдүүлж буйд  ч талархаад, шинжлэх ухаан технологи иновацийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ч дуулгалаа. Олон улсын  олон талт хамтын ажиллагаа,  ялангуяа НҮБ-д Монгол улс аюулгүйн  зөвлөлийн байнгын бус гишүүнээр элсэх хүчин чармайлтад Энэтхэг улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд уулзалтын төгсгөлд тэмдэглэн хэллээ.   

Түүнчлэн БНЭУ-ын Ероөнхийлөгчид эрүүл энх, аз жаргалыг хүсч, Энэтхэгийн ард түмэнд дэвшил цэцэглэлтийн ерөөлийг дэвшүүллээ. Мөн Энэтхэгийн ерөнхий сайд, доктор Манмохан Сингхд халуун мэндчилгээ уламжлахыг хүслээ.

Харин БНЭУ-ын Ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил халуун дотно найрсаг хүлээн авсанд талархал илэрхийлээд, 2009 онд Гадаад хэргийн сайдын хувьд уулзаж байсан бол энэ удаа Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гэлээ. Айлчлалын үеэр чухал үр дүнтэй хэлэлцээрүүд хийсэн гэдгээ эрхэм зочин дурьдаад, Энэтхэг улс нь Монгол улсыг Зүүн Ази дахь  стратегийн түнш гэж  үзэж явдгаа илэрхийллээ.

Ардчиллын хамтын нийгэмлэгийг даргалах үедээ Монгол улс энэ үйл ажиллагаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ. Мөн хоёр орны Батлан хамгаалах болон аюулгүй байдлын байгууллагууд  идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа БНЭУ-ын Ерөнхийлөгч илэрхийллээ. Боловсролын салбар бол хоёр орны хамтын ажиллагааны хамгийн чухал салбар бөгөөд Энэтхэг улс нь Монгол улсад зориулж Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоогоо нэмж байгаадаа баяртай байна хэмээн тэмдэглэв.  

Түүнчлэн эрчим хүч, цөмийн энергийг энхийн зорилгод ашиглах хамтын ажиллагааг эрчижүүлэх саналтай байгаагаа эрхэм зочин дуулгалаа. Мөн иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх, хоёр орны хооронд шууд нислэг тогтоохын чухлыг БНЭУ-ын ерөнхийлөгч тэмдэглээд, удаан хугацаагаар Энэтхэгт суралцах иргэдийн визийг тав хүртэлх жилээр   олгох  шийдвэр гарсныг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ. БНЭУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бизнес форум зохион байгуулагдаж, энэ үеэр ажил хэрэгч хүмүүсийн хэлхээ холбоо өргөжих боломж нээгдэнэ  гэдэгт итгэлтэй байна хэмээн эрхэм зочин уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ

 

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах