МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
2012 оны төсвийн төсөл, “Нийгмийн даатгалын сан” болон “Хүний хөгжил сан”-гийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэл, мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.
Ирэх жилийн төсөв Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бүрэн биелүүлэхэд чиглэсэн, нөөц боломжоо шахуу дайчилсан төсөв гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.
2012 оны эцэст нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 6.3сая төгрөг буюу 5362 ам.долларт хүрэх нь. Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 36хувь, нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь байхаар төсөлд тусгажээ.
Нэгдсэн төсвийн нийт зарлага 7.1 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 39.5 хувь, нийт алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувьд хүрэх нь. 2011 оны төсвийн алдагдал 9.9 хувиар батлагдсан. Үүнтэй зэрэгцүүлж үзвэл ирэх оны төсвийн алдагдал 2.4 дахин буурахаар байна.
Ирэх жил “Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна байгаль орчныг хамгаалах хөрөнгийг эрс нэмэгдүүлнэ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулж 71,2 тэрбум төгрөгийг төсөвт тусгажээ. “Таван-Эрдэнэ” арга хэмжээг хэрэгжүүлж, мал аж ахуйг эдийн засгийн идэвхтэй эргэлтэнд оруулан, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр олноор бий болгоход Засгийн газар анхаарч байна.
2012 онд улсын төсвөөс 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2011 оны батлагдсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс 2.4 дахин нэмэгдсэн гэсэн үг бөгөөд урьд өмнө байгаагүй үзүүлэлт болж байна.
Төсвийн төслөөс харахад ирэх онд :
- Төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх, орлогын тэгш хуваарилалтыг хангах, уул уурхайн салбарт татварын болон бусад бодлогын зохицуулалтыг оновчтой бүрдүүлэх замаар байгалийн нөөцийг иргэн бүрт үр ашигтай хүртээх
- Хүний хөгжилд суурилсан эдийн засгийн хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх
- Төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг эдийн засгийн суурь дэд бүтцийг өргөжүүлэх, бүтээн байгуулалыг дэмжих
- Хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн боломжит бүх эх үүсвэрийг хамгийн бага зардлаар бүрдүүлэхийг гол зорилтоо болгожээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын хийсэн мэдээллээс үзвэл ирэх онд :
Нэг. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар.
- Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2012 онд нийтдээ 53 хувиар нэмэх бөгөөд үүний дүнд цалин 2008 оны түвшингээс 2 дахин нэмэгдэнэ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 200.0 мянган төгрөгөөр нэмэгдэж 600.0 мянган төгрөгт хүрнэ.
- Цалин нэмэхдээ хүн бүрийн цалинг жигд хувиар биш ялгавартай нэмэгдүүлэх зарчим баримтална. Иймд төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд ижил мөнгөн дүнгээр буюу /80000 төгрөгөөр/, дараагийн ээлжинд ижил хувиар /23 хувиар/ нэмэгдүүлэхээр тооцжээ.
- Ингэснээр төрийн албан хаагчдын доод цалин 2008 оны түвшингээс 2.3 дахин, үндсэн мэргэжилтэн багш, эмч нарын цалин 2.0 дахин, дээд цалин 1.8 дахин нэмэгдэнэ.
- Цалин нэмэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт үндэсний хороогоор хэлэлцүүлж, талууд нэгдсэн зөвшилцөлд хүрчээ.
- Энэ удаад тэтгэвэр нэмэгдүүлэхийг тэтгэврийн шинэчлэлтэй хамтад нь шийдэж, суурь тэтгэврийн тогтолцоонд шилжүүлнэ. Эхн эгдүүлэхээр тусгажээ. Тэтгэврийг дунджаар 53 хувиар нэмэгдүүлж, 2008 оны түвшингээс 2 дахин өсгөнө.
Хоёр. “Хүний хөгжил сан”-гаас 1,500,000 төгрөг олгох талаар :
- Стратегийн орд газруудаас орох орлогоос иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаа ирэх онд бүрэн хэрэгжүүлнэ.
- Үлдэгдэл 1 сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 334,2 мянган иргэнд бэлнээр буюу нийт 334,2 тэрбум, 170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр 83,6 тэрбум, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт 5 мянган иргэнд 5 тэрбум, орон сууц худалдаж авсны төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсвийн төсөлд тусгажээ.
- Ирэх онд иргэд 1.5 сая төгрөгөө бүрэн авна. 1 сая төгрөг хүртээхдээ ашигт малтмалын ордын хувьцааг бэлэн мөнгө болгох сонголттойгоор иргэддээ олгохоор Засгийн газар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл мөнгөн хөрөнгөөр баталгаажсан энэ хувьцааг иргэд Засгийн газарт арилжиж бэлэн мөнгө болгох бүрэн боломжтой юм.