Монгол Улсын Засгийн газрын 2011 оны эхний хуралдаан 01 дүгээр сарын 03-ны өдөр болов
Хуралдаанаар Монгол Улс, Кувейт Улсын Засгийн газар хоорондын Хөтөлбөр, УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлд өгөх санал, мал тооллогын урьдчилсан дүн зэргийн талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа. МАНАЙ УЛС 31 САЯ 830 МЯНГАН ТОЛГОЙ МАЛТАЙ Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс үзвэл улсын хэмжээнд малын тоо толгой 2009 оныхоос 12 сая 195 мянгаар буюу 27.7 хувиар буурчээ. Урьдчилсан дүнгээр адуу 1860.6 мянга, үхэр 2123.7, тэмээ 265.3, хонь 14050.8, ямаа 13528.5 мянгад хүрсэн бөгөөд 2009 оныхоос адуу 360.7 мянга, үхэр 475.7, тэмээ 11.7, хонь 5224.0, ямаа 6123.0 мянган толгойгоор буурсан байна. Малын тоо Сүхбаатар аймагт өмнөх оноос 5 төрөлд өсч харин бусад аймаг, нийслэлд буурсан урьдчилсан дүн гарлаа. Дундговь, Завхан, Өвөрхангай аймагт малын тоо 1.1-1.7 сая толгойгоор буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Улсын хэмжээнд малын тоо 2009 оныхоос 35 сум, нийслэлийн 1 дүүрэгт өсч 294 сум, 8 дүүрэгт буурсан бөгөөд нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь буурч бусад мал өссөн дүнтэй байна. Хөвсгөл аймаг 3072.1 мянга, Төв 2699.4, Архангай 2631.8, Булган 2211.3, Хэнтий 2014.3 мянган толгой буюу хамгийн олон мал тоолуулж эхний 5-д багтжээ. Адууны тоо 2 аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан бөгөөд Төв /200.1 мянга/, Архангай /190.7 мянга/, Булган /177.1 мянга/, Хөвсгөл /146.3 мянга/, Сүхбаатар /140.9 мянга/ адууныхаа тоогоор айргийн тавд орсон байна. Үхрийн тоо 3 аймагт өсч, 18 аймаг, Улаанбаатар хотод буурсан дүнтэй байна. Хөвсгөл /309.2 мянга/, Архангай /293.6 мянга/, Булган /172.8 мянга/, Төв /171.8 мянга/, Хэнтий /156.5 мянга/-н үхэр тоолуулж эхний 5-д багтжээ. Тэмээний тоо 7 аймагт өсч, 14 аймагт буурсан бөгөөд Өмнөговь аймаг хамгийн олон буюу 83.4 мянган тэмээ тоолуулсан байна. Хонины тоо 2 аймагт өсч бусдад нь буурсан бөгөөд Хөвсгөл /1348.6 мянга/, Төв /1345.1 мянга/, Архангай /1308.6 мянга/, Булган /1130.5 мянга/, Хэнтий /971.0 мянга/-д хүрсэн нь хамгийн олон гэсэн үг юм. Ямааны тоо 1 аймагт өсч 20 аймаг, Улаанбаатар хотод буурлаа. Хөвсгөл /1265.8 мянга/, Баянхонгор /1185.3 мянга/, Төв /980.1 мянга/, Өвөрхангай /874.7 мянга/, Ховд /845.8 мянга/-н ямаа тоолуулж эхний 5 байрт орсон байна. 5 ОЮУТНЫГ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛНА Соёл, мэдээлэл, боловсрол, шинжлэх ухааны салбарын 2011-2013 оны хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын Хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Болорт Засгийн газрын хуралдаанаас олгов. Мөн Арабын Нэгдсэн Эмират Улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг дэд сайдад олгосон байна. Кувейт Улстай байгуулах Хөтөлбөрийн хүрээнд 2011-2013 онд оюутан сургах боломжийг өргөжүүлэх /5 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах/, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгажээ. • УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Н.Ганбямба, Ц.Сэдванчиг нарын боловсруулсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын боловсруулсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх боломжтой гэж үзэв.
• УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Өмгөөлөл, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан хуульч ажлын ур чадвар, мэдлэг, мэргэшлээ тасралтгүй дээшлүүлэх ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах эсэх нь хөндөгдөхөөр хуульд заасан. Гэвч хууль зүйн сургалтад хамрагдаагүй хуульчийн шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг хуульд тусгайлан заагаагүй учир энэ зөрчлийг арилгахаар гишүүн Х.Тэмүүжин хуулийн төсөл боловсруулсан байна.
• “Яамдын бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журмыг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.