Монгол улсын хүний хөгжлийн тав дахь удаагийн илтгэлийг танилцуулав
Эмзэг байдлаас тогтвортой хөгжилд: байгаль орчин, хүний хөгжил сэдвийн дор байгаль орчны тулгамдсан асуудлууд хүний хөгжилд хэрхэн нөлөөлж буй болон нөлөөлж болохыг бодит тооцоо судалгаанд үндэслэн гаргасан Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энд хэлсэн үгэндээ Монголын ард түмний ирээдүйн төлөө бид өнөөдрөөс эхлэн юу хийх ёстойг бодит жишээн дээр тулгуурлан харуулснаараа чухал хэрэгцээт судалгааны ажил болсныг онцоллоо. Мөн цаашид анхаарвал зохих бодлогын зөвлөмжүүдийг багтаасан манай улсын хөгжилд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан харж, сануулж анхааруулж байгаа хэрэг юм гээд илтгэлд хот, хөдөөгийн ард түмний эмзэг өртөмхий байдлыг тодотгож харуулсны зэрэгцээ хүний хөгжлийг хангахын тулд цаашид анхаарвал зохих олон асуудлыг дэвшүүлснийг Засгийн газрын тэргүүн сайшаан хүлээж авах ёстой гэлээ.
Хүний хөгжлийг бэхжүүлэхийн зэрэгцээ хүрээлэн байгаа орчны эмзэг байдлаас тогтвортой байдал руу шилжихэд тулгарч байгаа сорилтуудыг шийдвэрлэхийн төлөөх хүчин чармайлтад энэхүү илтгэл хувь нэмэр оруулна хэмээн найдаж байгаагаа Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу энэ үеэр илэрхийллээ.
Хүний хөгжлийн илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон эрдэмтэн судлаачид хамтран гаргасан байна. Манай улс хүний хөгжлийн илтгэлийг анх 1997, 2001, 2003, 2007 онуудад боловсруулан гаргасан байдаг юм.