Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгджээ

Нийтэлсэн: - 2011/02/23 23:23 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Монгол хэлийг сонирхон суралцагчдын тоо эрс нэмэгджээ Австралийн Үндэсний их сургуульд сурч байгаа гадаадын оюутнууд монгол хэл судлалыг ихээхэн сонирхон суралцах болсныг тус сургуулийн удирдлага Монгол Улсын Ерөнхий сайдад дуулгалаа. Австрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус улсын Үндэсний их сургуульд зочилж, тэндхийн багш оюутнууд, эрдэмтэн судлаачидтай уулзаж эх орноо сурталчиллаа. Тус сургуульд сурч байгаа гадаад оюутнууд монгол хэл хэрхэн сурч байгаагаа Монголын төлөөлөгчдөд “шалгуулан”, багагүй авьяас шаардах “Багын зан” дуу дуулж сонирхуулсан нь Засгийн газрын тэргүүний хувьд гэнэтийн бэлэг болов.

Ногоон тивийн цэнхэр нүдтэй залуус монгол хэлээр ярьж, дуу аялах нь үнэхээр содон харагдаж байлаа. Энд Австралийн 15 оюутан монгол хэл сурч байгаа юм байна. Тэд АНУ-ын Индианагийн их сургуулийн монгол судлалын танхимтай хамтран ажилладаг юм байна. Ерөнхий сайдыг зочлох энэ үеэр хоёр сургуулийн монгол хэлний танхимынхан зайны сургалтаар шууд холбогдож, монгол хэл хэрхэн сурч байгаагаа оюутнууд сонирхууллаа. Монгол хэлийг чамгүй сайн эзэмшиж буй тэдэнд Монгол Улсын Ерөнхий сайд талархал илэрхийлээд, улам сайн сурахыг ерөөв.

Энэ сургуульд монгол хэл сурах оюутны тоо нэмэгдэж байгаа ажээ. Мөн монгол судлалаар докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байгаа хэсэг эрдэмтэд ч Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Дэлхийн улс орнууд бие биенээсээ улам хамааралтай болж даяарчлагдаж байгаа энэ үед гадаадын оюутнууд, тэр дундаа Австралийн иргэд монгол хэлийг сонирхон сурч байгаа нь манай улсын хувьд томоохон сурталчилгаа төдийгүй хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгалыг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд Австралийн үндэсний телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Авсрали улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол улсын Ерөнхий сайдыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр болно.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах