Монгол Япончуудын харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг Ерөнхий сайд хэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Япон улсад хийх албан ёсны айлчлалаа товлосон хугацаанаасаа нэг өдрийн өмнө эхэлж байна. Энэ ч учиртай юм. Японы зүүн бүс нутагт болсон байгалийн гамшгаас хойш яг нэг жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Японы Цог Жавхлант Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайд нар оролцон Токио хотноо зохион байгуулагдах Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож Монголын ард түмнийхээ чин сэтгэлийн хүндэтгэлийг илэрхийлж байгаа юм.
Гуравдугаар сарын 11-ний ням гаригийн энэ өдөр Ерөнхий сайд С.Батболд Япон улсын хувийн хэвшлийн нэр бүхий томоохон компаниудийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод “АNА”компанийн ерөнхийлөгч Ш.Ито, тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч К.Ода, Гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч К.Шибата нар бараалхлаа.
ANA бол олон улсад нэр хүндтэй компани. Монгол Улс ANA компанитай агаарын тээврийн салбарт идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой байгаа юм. Тус компани нь Монголын агаарын тээврийн Изинес компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан дотоодын нислэгийг дэмжих чиглэлээр ажилладаг. Монголын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Энэ хөгжлийг улам хурдасгахад далайд гарцгүй орны хувьд агаарын тээврийн гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр хоёр улсад харилцан зорчих жуулчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн монгол орон ардчилал, зах зээлийн замыг сонгосон үеэс шилжилтийн хүндрэлийг даван туулахад Япон улсын Засгийн газар, ард түмнээс үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгт Монголчууд талархдаг төдийгүй япончуудад элэгсэг дотно ханддаг. Тиймээс хоёр орны иргэдийн ийм дотно харилцаанд агаарын тээвэр гүүр болох учиртай гэдгийг ч дурдаж байлаа. ANA компанийн Ерөнхийлөгч техник, технологи нэвтрүүлэх, боловсон хүчний сургалт, хөрөнгө оруулалт хийхэд голлон анхаарч ажилладаг, энэ чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын тэргүүн С.Батболд ANA компани нь Нарита болон Кансайн нисэх буудал дахь Монголын МИАТ компанийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэлээ. Мөн Монгол Японы хооронд шууд нислэг бий болох нь бүх талын харилцаа хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа энэ үед чухал ач холбогдолтой байгаа гэдгийг дурдлаа.
Мицубиши корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Японд төвтэй, дэлхийн 80 орчим оронд 200 гаруй салбартай, 500 гаруй охин компанитай Мицубиши корпорацийн ерөнхийлөгч К.Кобаяши төлөөлөгчдийнхөө хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод мөн өнөөдөр бараалхлаа. Монгол Японы стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ. Мицубиши корпорацийн ерөнхийлөгч уулзалтын үеэр бизнесийн төдийгүй боловсон хүчин зэрэг бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэж байлаа