Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдэд дэвшүүлсэн мэндчилгээ
Монгол орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нийт казах иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа олон улсын Наурызын баярын мэндийг хүргэж, гэр бүлээрээ, айл хотлоороо аз жаргалтай эрүүл энх, сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөе. Казах түмэн маань өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нарны буюу Наурызын баярыг өдөр шөнө тэнцдэг өлзий билэгтэй сайн цагт тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс хотол олноороо учран золгож, буянтай буурал “Аксакал”-уудынхаа сургаал айлтгалуудыг сонсдог уламжлалтай.
Наурызын баяр бол өвлийг өнтэй давж, ан амьтад ичээнээсээ гарч, ургамал цэцэг соёолж, улс олноороо урин хавартай золгосныг угтан улиран одож буй оныхоо ололт амжилтыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгө төлвийг билэгдэн тодорхойлдог казах түмний үндэсний соёл, ёс заншил, найрамдал нөхөрлөлийн салшгүй хэсэг билээ. Энэ өдөр хүн бүрийн амьдрал ахуй, хөдөлмөр бүтээл буян хишгээр арвижиж, идээ цагаа элбэг дэлбэг, хур бороо ихтэй байхыг ерөөж баяр хөөр, хүсэл тэмүүлэл, итгэл мөрөөдөл, өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэдэг.
Тиймээс даян дэлхийд энхийг түгээгч Нэгдсэн Үндэсний Байгууллага энэ жилээс эхлэн Наурызыг Олон улсын баяр болгон тэмдэглэж байхаар зарлалаа. Мөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2010 оны 2 дугаар сарын 23 өдрийн шийдвэрээр Наурызын баярыг хүн төрөлхтний халдашгүй соёлын өвийн жагсаалтанд бүртгэлээ. Тиймээс казах түмний маань хувьд энэ жил соёл иргэншлээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн чухал он болж байна.
Манай казахчууд амьдралын баялаг их туршлагатай зон олон билээ. Энэ уламжлалаа орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулж өрх гэр, амьдрал ахуйгаа өөд татаж, улс орныхоо эдийн засагт чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Монгол орны хөгжил дэвшил бүтээн байгуулалт, тусгаар тогтнол, батлан хамгаалахад казах түмний оруулсан хувь нэмэр их. Та бүхний дундаас улс төр, эдийн засаг, нийгэм соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны гээд бүхий л салбарын алдартнууд олон арваараа төрөн гарсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Наурызын баяраа тэгш дүүрэн тэмдэглэж буй нийт казах иргэддээ ажил үйлс нь бүтэмжтэй, энх амгалан, түвшин сайхан байхын ерөөлийг дэвшүүлье.