НИЙСЛЭЛИЙГ ДЭЛХИЙН ХОТУУДЫН ЖИШИГТ ХҮРГЭХИЙН ТУЛД ТОМООХОН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэл Улаанбаатар хот дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, томоохон төсөл, хөтөлбөрт нээлттэй оролцуулах боломж олгож байна гэдгээ зарлалаа. 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яаманд болж байгаа Олон улсын хөрөнгө оруулагчдын гуравдугаар чуулганы үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр энэ тухай мэдэгдсэн байна. Нийслэл хотод тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, хамтран хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдад танилцуулах нь энэ удаагийн чуулганы гол зорилго юм.
Тухайлбал хотын цэвэр усан хангамж, цэвэрлэх байгууламжийг сайжруулах, хөрсний ус ашиглах, метро байгуулах, “100 мянган орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, гэр хорооллыг барилгажуулах, авто замын салбарт ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг танилцуулна.
Байгаль орчин, нийгмийн салбар ч хөрөнгө оруулагчдын чуулганы анхаарлын төвд байна.
Тухайлбал Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлж, Туул голд минж нутагшуулах төсөл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явц зэргийг танилцуулахаар төлөвлөжээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэхдээ “Засгийн газар Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бэрхшээл, хүндрэл, давуу тал, хөгжих боломжийг маш сайн ойлгодог бөгөөд эдгээрийг шийдвэрлэх эрх зүйн болон эдийн засгийн үндсийг бий болгоход бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн, үзүүлэх ч болно” гэлээ.
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг 6 хувь болгосон, гэр хорооллыг барилгажуулахад шаардлагатай инженерийн шугам, сүлжээг барих ажлыг эхлүүлсэн, хотод хэрэгжүүлэх нэн шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан зэргийг Ерөнхий сайд дурдлаа. Түүнчлэн “Хүн ам ихээр төвлөрсөнхотын нийтлэг жишигт хүрсэн хот байгуулалтын оновчтой төлөвлөлтийн дагуу хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ” гэж хэлэв.
Олон улсын хөрөнгө оруулагчдын өмнөх хоёр чуулганаас гарсан санал, зөвлөмжийг нийслэлийн төр, захиргааны байгууллага ажил, бодлого, хөтөлбөртөө тодорхой хэмжээгээр тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийнхийг ч мөн адил тусгах юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хамтран зохион байгуулж байгаа энэ чуулганд гадаад орнуудын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын банк, санхүүгийн байгууллага, ах дүү хотууд, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.