Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Нийслэлийн утаа энэ өвөл лавтай 10 хувь буурна

Нийтэлсэн: - 2011/09/22 19:31 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ

Нийслэлийн утаа энэ өвөл лавтай 10 хувь буурна Нийслэлчүүд бидний хувьд агаарын бохирдол, утаа нь санаа  зовоосон асуудлын нэг байсаар удаж байна. Хийхээсээ илүү ярьж, шүүмжлэгсэд ч их байлаа. Юутай ч С.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй,  санхүүжилтыг нь цогц байдлаар  шийдэж агаарын бохирдлыг бууруулахаар бодит ажлыг эхлүүлээд байгаа юм.  Өөрөөр хэлбэл энэ  бодит ажлын эхний үр дүн  энэ өвөл тавигдах  эсэх,  эхлүүлж ярьсан асуудал газар дээрээ ямар байна, бэрхшээл зовлон нь юу байна гэдэгтэй танилцахаар Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр үдээс өмнөх цагаа зарцууллаа.

Агаарын бохирдлыг бууруулж байгаа нь энэ гээд өргөс авсан мэт болохгүй ч өөрсдийн нөхцөл бололцоонд тааруулан хэд хэдэн ажлыг хийж эхлүүлжээ. Юуны өмнө  энэ ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын халаалтын зуухнуудыг нэгтгэж, төвлөрсөн халаалтын системд холбох барилга угсралтын ажилтай Засгийн газрын тэргүүн танилцлаа. Энд нам даралтын 160 гаруй жижиг зуух төвлөрсөн халаалтад оржээ.

Нийслэлийн хэмжээнд 900 гаруй ийм зуух байдаг бөгөөд жилд 27 мянга тонн түүхий нүүрс түлж,агаарыг тэр хэмжээгээр бохирдуулж байсан энэ явдал энэ өвлөөс багасч, агаарын бохирдол лавтай 10 хувиар буурна хэмээн  ажлаа танилцуулсан мэргэжилтнүүд ярьж байна. Харин дэнжийн 1000, Амгалангийн орчимд үүнээс ч илүү зуухыг төвлөрсөн халаалтад шилжүүлэх техникийн шийдэл байгаа ч хөрөнгө төсвөөс болоод ажлаа эхлүүлж чадахгүй байгааг тэд учирлаж байлаа. Монгол улсын Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхэд шаардлагатай 3 орчим тэрбум  төгрөгийг  ирэх жилийн төсвийн тодотголд оруулан шийднэ гэдгээ амалсан нь ажил гүйцэтгэгсдэд ихээхэн урмыг өглөө.

Төвлөрсөн дулаанд холбоно гэдэг агаарын бохирдлыг бууруулахад томхон гараа болж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, ирэх жил энэ ажил улам эрчимжих болно гэдгийг тэмдэглэлээ. Баянзүрх дүүргийн энэ орчимд 10 мянга орчим өрх, олон  аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд  төвлөрсөн дулаанд холбогдсоноор энэ хавьд газрын үнэ өсч байгаа мэдээ чих дэлсч байлаа. Ямартай ч гэр хорооллынхон   орон сууцны айлуудаас дутахгүй тохьтой сайхан амьдрах нөхцөл бүрдэж байгаад  гүйцэтгэх засаглалын тэргүүн олзуурхааад авна лээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах