ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАА ДЭМЖСЭН БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ БОЛЛОО
69 хоногийн дараа Лондон хотноо болох зуны XXX олимп, паралимпийн XIV наадамд хүч чадал, авхаалж самбаагаа сорих тамирчдаа дэмжсэн гүйлт 2012 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо. “Эрүүл мэнд-Эрхэм баян” уриатай энэ гүйлтэд 5 мянга орчим хүн оролцсоны дотор 8 настай балчираас эхлээд 80 настай азай буурал ч байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Лондонгийн олимпод бэлтгэх үндэсний хорооны дарга С.Батболд олимпийн тамирчдаа дэмжихээс гадна бие бялдраа чийрэгжүүлэх, эрүүл амьдрахын ач тусыг сурталчлах зорилгоор энэ гүйлтэд оролцсон байна.
Тэрээр гүйлтийг нээж хэлсэн үгэндээ эрүүл биед саруул ухаан оршдог гээд тамирчдаа дэмжихийн зэрэгцээ иргэд өөрсдөө нийтийн биеийн тамир, спортоор хичээллэж байхыг уриаллаа. Мөн Лондонгийн олимпод манай тамирчид Бээжингийн олимпод гаргасан амжилтаа бататгаж, улмаар ахиулан улсынхаа нэрийг дэлхий дахинаа дуурсгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Бүх нийтийн гүйлт цаашид улс орон даяар үргэлжлэх бөгөөд хамт олон, гэр бүл, клуб, багаараа Улаанбаатар-Лондон хотын хоорондын зай болох 12250 км замыг туулах юм байна.
Өнөөдрийн гүйлтийг Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ. Манай улс Лондонгийн олимпод оролцох 29 эрх аваад байгаа бөгөөд олимпийн наадмуудаас нийт 21 медаль хүртээд байна.