Сайжруулсан зуух хэрэглэж байгаа айлуудын гудамжинд утаа байхгүй болжээ
Улаанбаатар хот утаанаасаа бүр мөсөн салж чадахгүй 20 гаруй жил болж байна. Энэ асуудал үе үеийн Засгийн газрын толгойн өвчин болсоор ирсэн. Гэхдээ хонгилын үзүүрт гэрэл гарч сүүлийн нэг жилд нийслэлийн утаа зарим бүсэд багасч байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанд хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 774 өрхөд шал, хана, тааз, радиатор, зуухны цахилгаан халаагуурыг тавьсан. Дээрх арга хэмжээнд төвийн зургаан дүүргийн 56802 өрх хамрагдаад байна.
Сайжруулсан зуух хэрэглэж байгаа айлуудын гудамжинд утаа байхгүй болсон. Утаанаас салья гэсэн бодол хүн бүрт байх ёстой. Одоо иргэдээс өөрсдөөс нь шууд шалтгаалах тийм сонголт ирж, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон санаачилгатай хандаж, өөрийн болон бусдын өмнө хариуцлага хүлээх шаардлагатай байна” гэж онцлон тэмдэглэлээ. Ер нь гэр хорооллын 180.0 мянган өрхийн ердийн зуух болон түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр 2011-2012 онд сольсноор агаарын бохирдлыг 60 хувиар бууруулах боломжтой гэж тэрбээр үзэж байна.
Улаанбаатар хотын гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоож, түүхий нүүрс түлж байгаа 180 мянган айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон боловсруулсан түлшээр хангах, дотоодын нүүрснээс хийн түлш үйлдвэрлэн хийн түлшний сүлжээ бий болгон ажиллах, Улаанбаатар хотын инженерийн барилга, байгууламжийг нэмэгдүүлж “100 000 айлыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд цогц мэдээлэл хийлээ.
Энэхүү мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар
УИХ-ын дарга,
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг дараах 3 зорилтын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
1. Улаанбаатар хотын гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоож, түүхий нүүрс түлж байгаа 180 мянган айл өрхийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон боловсруулсан түлшээр хангах
2. Дотоодын нүүрснээс хийн түлш үйлдвэрлэн хийн түлшний сүлжээ бий болгон ажиллах
3. Улаанбаатар хотын инженерийн барилга, байгууламжийг нэмэгдүүлж “100 000 айлыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх эдгээр болно.
Нэг. Хууль, эрх зүйн хүрээнд
Засгийн газраас “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж, “УИХ -ын 2010 оны 36 дугаар тогтоолоор уг хөтөлбөр “Шинэ бүтээн байгуулалт” нэртэйгээр батлагдсан нь гэр хорооллын айл өрхийн зуух-яндан-түлшний бүтэц, шаталтын технологийг өөрчлөн сайжруулах, нам даралтын уурын зууханд технологийн шинэчлэл хийх, гэр, орон сууцны дулаалгыг сайжруулах замаар түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, утаа тортогны ялгаралтыг 50 хүртэлх хувиар бууруулах, хотын тоос, тортог, хог хаягдлыг багасгах, утаа тоосыг шингээн саармагжуулагч гол арга хэрэгсэл болсон мод, зүлэг , ногоон байгууламжийн нэг хүнд ногдох хэмжээг 20м2 хүртэл нэмэгдүүлэх, нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийг үйлчилгээнд нэвтрүүлэх, тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлж, авто тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулах эрх зүйн болон эдийн засгийн таатай орчин бүрдсэн юм.
“Агаарын тухай” хуулийг шинэчлэн, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийг баталснаар агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж, хяналт тавих, бохирдуулагч нь төлбөр төлөгч байх олон улсын зарчмыг хуульчилсан нь агаарын бохирдолтой тэмцэх санхүүгийн эх үүсвэр бүрдэх нөхцөл боллоо. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, уг бүсийн дэглэм, эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулах үйл ажиллагаа сайжирч байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. 2011 онд “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшуулал олгох тухай, “Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох тухай” журмуудыг Засгийн газрын тогтоолоор, “Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах, үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан урьдчилгаа санхүүжилт олгох тухай” журам, хороодын хэсгийн ахлагч, дүүрэг бүрт ажиллах гэрээт ажилтнуудад урамшуулал олгох, боловсруулсан түлш хангалттай үнээр худалдан авах, сайжруулсан зууханд нэмэлт татаас олгох тухай тогтоол, шийдвэрийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хамтарсан тушаал, захирамжуудыг гарган хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.
Одоогийн байдлаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нөхцөл, шалгуурыг хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд багтах 40 орчим мянган айл өрх эрчим хүчний хөнгөлөлтийн урамшуулал, давхардсан тоогоор 11 мянга гаруй айл өрх хөнгөлөлттэй үнээр боловсруулсан түлш худалдан авахад 3,8 тэрбум төгрөг, брикетин түлш үйлдвэрлэгч 3 аж ахуйн нэгж, үртсэн шахмал түлш үйлдвэрлэгч 7 аж ахуй нэгж, нийт 10 байгууллага 2,6 тэрбум төгрөгний урьдчилгаа санхүүжилтийг үе шаттайгаар, гүйцэтгэлээрээ авч үйлдвэрлэлээ явуулж байна.
Мөн 70 мянган ширхэг сайжруулсан зууханд 5.9 тэрбум төгрөгийн татаас, дотоодын үйлдвэрлэгчдийн 10 мянган ширхэг зууханд 1.4 тэрбум төгрөгийн татаас, 300 айл өрхөд 100 хувийн хөнгөлөлтэйгээр хийн халаагуур турших ажилд 733 сая төгрөгийн татаас, хороодын хэсгийн ахлагч нарын урамшуулалд 220 сая төгрөг, бүгд 12,2 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт, татаас, урамшууллыг “Цэвэр агаар” сангаас олгоод байна. АНУ-ын Мянганы сорилтын сангаас Агаарын бохирдлыг бууруулахад 31,2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг 2009-2013 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ ажлын явц 60% -тай байна.
Хоёр. Гэр хорооллын зарим айл өрхийг цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэн, сайжруулсан зуухаар хангах талаар
УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг эхний ээлжинд 6000 айл өрхийг цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан юм. Цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн шөнийн цагаар (оройн 18 цагаас өглөөний 9.00 цаг)хэрэглэсэн 3000 квтц хүртэлх цахилгааны төлбөрийг сард 50 хувиар бууруулж, урамшууллыг 148 өрхөд олгож байна. Мөн дулаалгатай гэр, амины орон сууцтай, хийн түлш болон сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцтай, сайжруулсан зуухтай айл өрхөд сард хэрэглэсэн 200 квтц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулах хөнгөлөлтийг 8041 өрхөд үзүүлсэн байна.
Гэр хороололд хязгаарлалтын бүсүүдийг тогтоож, түүхий нүүрс түлж байсан 180 мянган айлын зуухыг солих ажлыг эхлүүлэв. 2011 онд 70 мянгыг солино. Өнөөдрийн байдлаар 43500 айл буюу 64,7 хувь нь сайжруулсан зуух аваад байна. 111 мянган зуухыг 2012 онд солино. Төслөөр хангаж байгаа 180 мянган сайжруулсан зуухыг сольсноор агаарын бохирдлыг 60% багасгана гэсэн мэргэжлийн байгууллагын тооцоо байгаа юм.
Түүнчлэн Нийслэлийн 2011 оны хөрөнгө оруулалтаар 774 өрхөд шал, хана, тааз, радиатор, зуухны цахилгаан халаагуурыг тавьсан байна. Дээрх арга хэмжээнд төвийн зургаан дүүргийн 56802 өрх хамрагдсан байна. Сайжруулсан зуухыг хэрэглэж байгаа айлуудын гудамжинд утаа байхгүй байгаа. Утаанаас салья гэсэн бодол хүн бүрт байх ёстой. Одоо иргэдээс маань өөрсдөөс нь шууд шалтгаалах тийм сонголт ирээд байна, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон үүнд санаачлагатай хандаж, өөрийн болон бусдын өмнө хариуцлага хүлээх шаардлагатай байгааг зориуд дурдан хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Гурав: Авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр
2011 оны тээврийн хэрэгслийн улсын тооллогоор Улаанбаатарт 263.5 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь улсын хэмжээний нийт тээврийн хэрэгслийн 63,9 хувийг эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь бензин, 34 хувь нь дизель, 1 хувь нь хийн болон хосолмол түлш хэрэглэж байна. Хотын утааны 20 % нь автомашины яндангаас гарч байна.
Автомашинаас ялгарч буй утааг багасгах ажлын хүрээнд 1523 суудлын машиныг шингэрүүлэн шатдаг хийн хэрэглээнд шилжүүлж, 15 автобусыг троллейбус болгон өөрчилж, 18 троллейбус дуобус шинээр угсарч, их багтаамжийн 290 автобусанд түлшний найрлагыг сайжруулах, хэмнэлтийг дээшлүүлэх, утааны бохирдлыг бууруулах зориулалттай төхөөрөмжийг суурилуулсан байна.
Дөрөв. Цэвэр түлшний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх талаар
Монгол Улс нүүрснээс гаралтай байгалийн хийн нөөцийн эх үүсвэртэй учраас хийн түлшний үйлдвэрлэлийн 70%-ийг нүүрсэнд тулгуурлаж үйлдвэрлэх боломжтой бөгөөд одоогийн байгаа эрчим хүчний хэрэгцээнд шилжүүлэхэд 2000-3000 жилээс илүү хугацаанд ашиглах бололцоотойг мэргэжилтнүүд тооцоод байна.
Иймээс өөрийн орны нөөц баялаг, түүний дотроос нүүрсийг хийжүүлэх, нүүрснээс нийллэг хий гарган авах, үйлдвэрлэх, нүүрсний давхаргын метан буюу нүүрсэн дэх байгалийн хийн нөөцийг тогтоох, олборлох санал санаачлагуудыг өрнүүлэх, илүү хямд хийн түлшийг эрчим хүчинд ашиглах боломж бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх талаар гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах, үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан урьдчилгаа санхүүжилт олгох журам”-ын дагуу боловсруулсан түлш үйлдвэрлэгч “МАК” ХХК зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжтэй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Түлш нийлүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2011 оны байдлаар 3043 тн түлш нөөцлөн, түлш борлуулах 14 цэгээр 11.0 мянган айл өрхөд нийлүүлсэн байна.
Нийслэл хот өөрийн хөрөнгөөр Булган аймгийн Хялганат тосгонд жилдээ 9 мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үртсэн түлшний үйлдвэрийг ашиглалтад оруулж, зорилтоо хангах хэмжээний түлш нөөцөлсөн байна. Мөн био дизель түлшний үйлдвэрлэлд дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хаягдал глицеринийг боловсруулах тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах, түүхий эд, химийн урвалж бодисоор хангах зорилгоор Эн-Би-Эф ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж гэрээний дагуу 20 тн био дизель түлш, 150-200 тн халаалтын шингэн түлш үйлдвэрлэж нийлүүлжээ.
2011 оны 1 дүгээр сард ЭБЭХЯ, БОАЖЯ, НЗДТГ, “MCS холдинг” ХХК-ийн нүүрснээс 100,0 мянган тн диметилэфир (DME) гарган авах, үйлдвэрлэх талаар Санамж бичиг байгуулан, Баянзүрх дүүрэгт эхний ээлжинд 100 өрхөд нийлүүлж эхлээд байна. Цаашид нүүрсийг хийжүүлэн, гадаад зах зээлээс өндөр үнээр авч хэрэглэж буй шингэрүүлсэн шатдаг хий буюу пропан, бутаныг дотоодын эх үүсвэрээр хангах асуудлыг эрчимжүүлэн Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийг хэсэгчлэн хангах зорилт тавин ажиллаж байна.
Монгол-Солонгосын эрчим хүч, эрдэс баялгийн салбарт диметилэфирийг нүүрсний давхаргын метан хийнээс гарган авах судалгааны ажил хийхээр 2009 онд Санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан судалгааны ажлыг хийж байна. Газрын тосны боловсруулалтаас шингэрүүлсэн шатдаг хий гарган авах үйлдвэрийг Дорнод, Дорноговь аймагт байгуулах, Багануур, Төгрөг нуур, Цайдам нуурын хүрэн нүүрсийг хийжүүлэн эрчим хүчний үйлдвэрийг нийлэг хийгээр хангахын зэрэгцээгээр жилд 20-50 мянган тн диметилэфир үйлдвэрлэх судалгааны ажил хийгдэж эхлээд байна.
ДЦС-2 ТӨХК дээр түшиглэн жилд 210 мянган тн брикетэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэн 2012-2013 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Энэ үйлдвэр баригдсанаар нэг өрх өвлийн улиралд 2,0 тн брикетэн түлш хэрэглэнэ гэвэл 100 мянган өрхийн хэрэгцээг хангаж агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулах нөхцөл бүрдэнэ. Гэр хорооллын 180.0 мянган өрхийн ердийн зуух болон түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр 2011-2012 онд өөрчилснөөр агаарын бохирдлыг 60%-иар бууруулах боломжтой юм.
Тав. Гэр хорооллыг барилгажуулах тухай
Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргана гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтыг хангах үүднээс “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх хорооллуудын ерөнхий төлөвлөгөөнүүд батлагдан, 170.0 га талбайд 12500айлын орон сууц баригдах Буянт- Ухаа хорооллын 350 мм-ийн голчтой, 11.6 км урттай дулааны гол шугамыг 700 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажлыг 8.4 тэрбум төгрөгөөр хийгээд байна.
Мөн 529.0 га талбайд 18000 айлын орон сууц баригдах Баянгол амны 5,5 км урттай дулааны шугам, 200-600 мм-ийн голчтой 7,2 км урттай бохирын, 300-600 мм-ийн голчтой 12,1 км урт цэвэр усны шугамын, 1500 м3 багтаамжтай усан сан хоёрыг хийсэн байна. 120.0 мянган га талбайд 15000 айлын орон сууц баригдах 14 дүгээр хороололд дулаан хангамжийн гол шугам 12 дугаар магистралыг 500 мм-ийн голчтой байсныг 700 мм болгон өргөтгөн шинэчлэв.
27 га талбайд 4200 айлын орон сууц баригдах МҮОНРТ-ийн орчны орон сууцны хорооллыг инженерийн шугам сүлжээгээр хангах, дулаан цахилгаан, цэвэр, бохир усны ажлын зураг хийгдэн, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. 210.0 га талбайд 10000 айлын орон сууц баригдах 7 дугаархорооллын дэд бүтэц, шугам сүлжээний тросс болон эхний ээлжинд орон сууц барих талбайд суурьшиж буй айл өрхийг нөхөн олговортойгоор нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөхөд 20 тэрбум төгрөг зарцуулан, уг ажлыг хариуцан зохион байгуулах “Гэр хорооллын барилгажилт төслийн нэгж”-ийг байгуулан инженерийн шугам сүлжээ болон авто замын траст орж буй 854 нэгж талбайг чөлөөлөхөөс 170 гаруй нэгж талбайг чөлөөлж, 113 айлын нөхөн олговрыг олгосон байна.
Газраа чөлөөлсөн иргэд болон түр оршин суугч суух зориулалт бүхий 300 айлын 11 давхар 2 орон сууцны барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хорооллын инженерийн хангамжийг шийдвэрлэх зорилгоор 25 дугаар гол цуглуулах шугам, дулаан хангамжийн 1,16,12 магистралыг өргөтгөн шинэчлэх хөрсний ус зайлуулах барилга байгууламж барих ажлыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр эхлүүлэн 1338 айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдэж үүнээс 638 айлын орон сууцны барилга ашиглалтад орлоо.
Дэнжийн мянга, Мамба дацан, КТМС орчмын 50 нам даралтын халаалтын зуухтай хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбов. Нийслэлийн хэмжээнд 2011 онд нягтрал сайжруулах чиглэлээр төвийн 6 дүүрэгт 7175, гэр хороололд 1851, нийт 9026 айлын орон сууц ашиглалтад оруулсан.
Зургаа. Бусад ажлын талаар
Агаарын чанарыг сайжруулан, түүхий нүүрсийг хязгаарлах бүсэд орсон айл өрх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, боловсруулсан түлшний нөөцлөлт хадгалалт борлуулалтад хяналт шалгалтын ажлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, холбогдох байгууллага, дүүрэг хороодтой хамтран тогтмол хийж байна. Агаарын чанарын мэдээ болон агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр бүр мэдээлж байна.
Дулааны цахилгаан станцуудын үнсэн сангийн найрлага, агууламжийг тодорхойлох, гадаад орнуудад үнс ашиглаж байгаа технологийг судлах, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх боломжийн талаар Шинжлэх ухааны академи, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, МУИС-ийн Цөмийн судалгааны төвүүд судалгааны ажил хийж байна. Улаанбаатар хотын Агаарын чанарын 2011-оны 10-12 дугаар сарын мэдээг, 2010 оны мөн сарынхтай харьцуулж, жилийн дунджаар агаарын чанарыг хянах 11 харуул тус бүрээр нь авч үзвэл:
1. Агаар дахь хүхэрлэг хийн агууламж (SO2)-ийн хувьд
Баруун 4 зам, Монгол Газар, Мишээл Экспоорчимд 2011 оны 10,11,12-р саруудад 0,9-3,8% -иар буурсан бол бусад харуулын хэсэгт 2,68 -аас 55,7%-иар өссөн байна.
2. Азотын давхар исэл /NO2/
Баруун 4 зам, Монгол газар орчимд 2011 оны 10,11,12-р саруудад 4,5-5,95%-иар буурсан бол бусад харуулын хэсэгт 23,5- 60,7%-иар өссөн байна.
3. Том ширхэглэгт тоосонцор PM10
Баруун 4 зам, Мишээл Экспо орчимд 2011 оны 10,11,12-р саруудад 2-5,1%-иар буурсан бол бусад хэсгүүдэд 17,5- 90,2%-иар тус тус өссөн байна. Агаарын чанарын хэмжилтийн дүнгээс харахад салхины хурд, температурын өөрчлөлт, энверсийн өндөр, галлагааны эрчимээс хамааран утааны ерөнхий байдал буурахгүй байгаа ч гэсэн агаарын найрлага дахь хорт бодисын зарим хэмжээ, зарим үзүүлэлтээрээ буурч байгаа нь харагдаж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах үндсэн арга бол нүүрсийг хийжүүлэх, нүүрснээс нийлэг хий гарган авах, үйлдвэрлэх, нүүрсний давхаргын метан буюу нүүрсэн дэх байгалийн хийн нөөцийг тогтоох, олборлох, илүү хямд хийн түлшийг эрчим хүчинд ашиглах боломжийг бүрдүүлж, хийн түлшний хангамж сүлжээг бий болгох, гэр хорооллыг барилгажуулан, иргэдийг тохилог орон сууцаар хангах асуудал бөгөөд үүнийг бид шийдвэрлэх болно.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн тоо жил бүр өсөн, түүний эзлэх талбай өмнөх оноос 1165 га буюу 17,9 хувиар нэмэгдсэн зэргээс үзэхэд утааг үйлдвэрлэгч эх үүсвэрийн тоо нийслэлд тасралтгүй нэмэгдэж байгаа нь бодит бэрхшээл учруулж байна. Гэр хорооллыг барилгажуулахын тулд ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх тулгамдсан зарим асуудлыг дурьдвал:
1. Гэр хорооллыг барилгажуулах талбайд бусдын өмчлөлд, эзэмшил, ашиглалтад байгаа газрыг орон сууцаар солих буюу тусгай хэрэгцээнд авах эрх зүйн орчин, нөхөн олговрыг тодорхой болгох шаардлагатай байна.
2. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль, Газрыг албадан хураах тухай зэрэг хуулийг батлах
3. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зохицуулан, журамтай шилжилтийн тогтолцоог бүрдүүлж, байршил суурьшлийг зохицуулахад эдийн засгийн хөшүүргийг зохистой хэрэглэх
4. Их, дээд сургууль оюутны хотхоныг Багануур дүүрэгт төвлөрүүлэн ачаа тээврийн ложистик төвүүдийг Хонхор, Багахангай дүүрэгт барьж, Хөшөөтийн хөндийд Олон улсын нисэх буудал байгуулан улмаар Зуунмод хотыг дахин төлөвлөн, суурьшлийн бүсийг бий болгох
5. Хотын гэр хорооллын хүн амыг сийрэгжүүлэхийн тулд захын дүүргүүдийн хөгжлийг илүү тэтгэж, тэдгээрт ажлын байр бий болгох, иргэдийн тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлыг авч хэрэгжүүлэх
6. Улаанбаатар хотод шинэ суурьшил бий болгох ажлыг төлөвлөн, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлж, Буянт-Ухаа, Нисэх, Баянголын ам, Орон сууцны 7, 14-р хорооллын инженерийн дэд бүтцийг барьж байгуулах, Нисэхийн цэвэр усны эх үүсвэр болон цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийг эхлүүлэх
7. Төлөвлөгдсөн гэр хорооллуудад инженерийн дэд бүтцийг хүргэх ажлыг өргөтгөн, амины орон сууцыг нэмэгдүүлэх
8. Хотын гэр хорооллын тэлэлтийг зогсоож, эрсдэлтэй бүсэд амьдарч буй 28 мянган айл өрхийг төлөвлөсөн суурьшлийн бүсэд нүүлгэн шилжүүлэх зэрэг болно.
УИХ-ын эрхэм гишүүдээ
Хамтарсан Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, тулгамдсан зарим асуудлын талаар товч мэдээлэл хийхэд ийм байна. Та бүхний энэхүү мэдээлэлтэй холбогдон гаргах санал, зөвлөмжүүдийг Засгийн газар бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.
Баярлалаа.
2012 оны 1 дүгээр сарын 6 УИХ-ын чуулганы танхим