Сар шинийн мэндчилгээ
СОРИЛТЫГ ТУУЛЖ ЯЛАЛТАД ХҮРДЭГ
Цагийн сайхан, хүслийн дээд бүхэн сар шинэтэй цуг учран золгодог, бүрдэн үргэлжилдэг хэмээн гойд билэгшээн үздэг монгол түмэн зон олноороо хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр муу үйл үйлдэхийг бүү хэл, осол задгай үг хэлэхийг хүртэл цээрлэн тэвчиж, дандаа билэг дэмбэрэлийг бодож, ашид ариун ерөөлийг дээдэлж, ахас ихсээ хүндэлж, нялхас багачуудаа баясгаж, айл хотол, ахан дүүсээрээ магнай тэнийн баясан бахдаж ирсэн нэн эртний уламжлалтай, төгс их түүхт баярын өдөр билээ.
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол монгол түмний хувьд, хахир өвлийг цариг тэнхлүүн давж, урин хавартай учран золгож буй цаг наашилсны эхлэл өдөр төдийгүй, хүн бүрий эрдэнэт биеийг олж төрснөө тэмдэглэдэг нэгэн ёсны нийтийн баярын даллагатай гойдын сайхан өдөр юм.
Хульжирч буй хулгана жилийн сүүл, угтан золгож буй XVII жарны төмөр үхэр жилийн босгон дээр манай дундговьчууд, говьсүмбэрчүүдийн хувьд ярьж тэмдэглүүштэй олон сайхан үйл явдал өрнөн дэлгэрч байгаад бид бүхэн гойд билэгшээн тэмдэглэж байна.
Зуншлага оройтож, хол ойрын нүүдэл дагасан малын хөлөөр өвөлжөө бэлчээр нэн хүндэрсэн ч, манай малч түмний цуцашгүй хөдөлмөр, нүүдэллэн очсон нутаг орны хүмүүсийн халуун сэтгэлийн үрээр хахир өвлийг хохирол багатай давж, хаврын тэргүүн сартай золголоо. Үүний ч баталгаа болж, дөнгөж өчигдөрхөн Монгол Улсын Засгийн газраас уламжлал ёсоор Улсын аварга малчид, саальчдыг шалгаруулахад, манай хоёр аймгийн найман шилдэг малчид тэдний дунд нутаг орныхоо нэрийг дуудуулж, аймаг сумдынхаа ард олны сэтгэлийг баясгаж, урмыг төрүүлэв. Тэднийхээ тухайд энэ мэндчилгээндээ нэг бүрчлэн дурдмаар байгаа ч, цаг хэмнэх үүднээс Монгол Улсын аварга саальчнаар тодорсон Дашдаваагийн Хорлоогийн амжилтын талаар цухас дурдъя.
Говийн байгаль хахир, говийн малын сааль сүү татуу гэх бодлыг хөдөлмөр зүтгэлээр нөхөж болдогийг, сум, аймаг, нийслэл хотоос хичнээн хол ч байсан өрх бүхэн үйлдвэрлэгч байж болохыг саальчин Д.Хорлоо бүрэн харуулж чадсан учраас энэ жилийн аварга саальчнаар тодорлоо. Д.Хорлоо бол өрх гэрийнхээ малыг сааж, өөрийн гэсэн нэрийн олон сайхан бүтээгдэхүүнийг бий болгож, нэрд гарчээ. Ийм бүтээгч, үйлдвэрлэгч малчид улам олон болох нь дамжиггүй.
Говийн хоёр аймгийн төсөв гойд чамлалтай байдаг тухай олон жил яригдаж ирсэн бол, гарч буй төмөр үхэр жилийг их бүтээн байгуулалтын жил хэмээн нэрлэхүйц тийм далайцтай ажил өрнөсөн жил болно гэж найдахаар төсөв батлагдлаа. Энэ бол говь нутгийн хоцрогдлыг арилгах гэсэн төр засгийн бодлого шийдвэрийн тусгал мөн.
Та бидний үдэж байгаа хулгана жил ч тэр, одоо бидний баясан угтаж буй үхэр жил ч ялгаагүй, их сорилтын он жилүүд гэхэд болно. Тулсан бүхнийг та бид туулах ёстой, туулах туулахдаа амжилт бүтээл дүүрэн, итгэл зориг төгөлдөр цаг хугацааны нэгэн сорилт хэмээн туулах ёстой. Тэгсэн цагт ялалт бүхэн ирнэ.
Гарч буй энэ үхэр жил бол олон их ой тэгшрэх утга төгс он жил билээ.
XVII жарны төмөр үхэр жилдээ улс орноороо, аймаг сумаараа, төрөл садан олноороо эрүүл энх, амар амгалан, дүүрэн баяртай, түвшин жаргалтай, амжилт бүтээлээр ундарч байхын ерөөл дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан золгоорой!
Монгол Улсын 26 дахь Ерөнхий Сайд,
Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболд