Солонгост ажиллаж буй монгол иргэд тус улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг БНСУ-ын Ерөнхий сайд онцлолоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шиг нарын ганцаарчилсан уулзалт 3 дугаар сарын 24-ний үдээс хойш тус улсын Засгийн газрын ордонд болов. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 21 жил, Солонгос дахь Монголын жилийн нээлтийн арга хэмжээтэй Ерөнхий сайд С.Батболдын айлчлал давхцаж байгаад хоёр тал өндөр ач холбогдол өгч байгаагаа харилцан илэрхийллээ. Эх орондоо найрсгаар хүлээн авч байгаад нь Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлээд манай хоёр орон эртний түүх, соёлын харилцаатай, өнгөрсөн 20 жилд БНСУ нь манай гадаад худалдааны 4 дэх том түнш бөгөөд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ гуравт орж байгаа бөгөөд бүх салбарт харилцаа өргөжих бүрэн боломж байна гэлээ.
Түүнчлэн сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт болон бүс нутаг, олон улсын тавцанд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын шилжилтийн үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж, Солонгосын ард түмний дэмжлэг чухал хувь нэмэр оруулж ирснийг Монголын ард түмэн, Засгийн газар өндөр үнэлж, талархаж байдаг гэв. Солонгосын Засгийн газрын тэргүүн хариу талархал илэрхийлээд хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, урагш ахиулах ёстой гэсэн Ерөнхий сайд С.Батболдын саналыг дэмжиж байгаагаа хэллээ.
Ингэхдээ манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд жилд 2 сая гаруй ам.доллар байсан хоёр улсын худалдааны эргэлт өдгөө 230 сая долларт хүрч, 85 дахин өссөн гэсэн үзүүлэлтийг онцоллоо. Энэ бол хоёр улсын харилцаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэний жишээ гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Энэхүү шат ахиулах хэлэлцээг төрийн өндөр, дээд түвшний айлчлалын үеэр идэвхжүүлэхийг ноён Ерөнхий сайд Ким Хван Шиг санал болголоо. Ерөнхий сайд Ким Хван Шиг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд “Эрхэм Ерөнхий сайд таны Засгийн газрын тэргүүний хувиар хийж буй анхны албан ёсны энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагш ахиулсан айлчлал болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уламжлал, сэтгэлгээний нийтлэг тал олон байдаг гэхчлэн энгийн, халуун дулаан уур амьсгалд болсон уулзалтын үеэр БНСУ-ын Засгийн газрын тэргүүн, тус улсад ажил эрхэлж байгаа монголчууд Солонгосын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг гэдгийг тэмдэглэлээ. Ингэхдээ Солонгосын ард түмэн монголчуудыг ах дүүс шигээ дотно санадаг хэмээлээ. Манай Засгийн газар Солонгост сурч ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн асуудалд ихээхэн анхаарал тавьсаар ирсэн, хойшид ч анхаарсаар байх болно гэж Ерөнхий сайд С.Батболдын монгол иргэдийн асуудалд нааштай хандах хүсэлтийн хариу болгон хэллээ. Ерөнхий сайд нар уулзалтын үеэр албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах үр дүнтэй яриа хэлэлцээрүүд хийгдэнэ гэдэгт санал нэгдэж байлаа