Сурагчдын үдийн хоолны чанар, сургалтын орчинд онцгой анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүн ам шигүү суурьшсан Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг Ерөнхий боловсролын 35 дугаар дунд сургуулийн хамт олонтой 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн өглөөг угтлаа.
Гэр хорооллын дунд байрладаг тус сургуульд энэ жил 1520 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд тэдний 120 нь зургаан настай нэгдүгээр ангид суралцаж буй хүүхдүүд юм. Засгийн газрын тэргүүн тус сургуулийн нээлтэд оролцож сурагч, хүүхдүүд, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүдэд хандан үг хэлэхдээ “Манай улс хүүхэд залуучуудынхаа боловсролын асуудлыг шийдвэрлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч, байнга анхаарч байгаа. Энэ оны байдлаар төсвийн нийт орлогынхоо дөрвөн төгрөг тутмын нэг төгрөгийг боловсролд зарцуулж байна. Цаашид ч хүүхэд бүрийн сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх, өрсөлдөх чадвартай боловсролыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлэх болно” гэлээ.
Ерөнхий сайд мөн хэлсэн үгэндээ ‘Өнгөрсөн жилийн зудын сөрөг үр дагаврын улмаас Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймаг болон бусад аймгийн төвүүдэд иргэд олноор шилжин ирж байгаа. Үүний улмаас механик өсөлт бий болж, сургуулийн байр, хичээлийн танхим, сурагчдын ширээ сандлын хүрэлцээ хүндхэн байгааг Засгийн газар анхааралдаа авч зохих арга хэмжээ авахыг холбогдох газруудад үүрэг болгосон. Зарим сургуулиудад өргөтгөл хийгдэж байгаа. Гэлээ ч гэр хорооллын зарим нэг сургуулиуд гурван ээлжээр, нэг ширээнд гурван хүүхэд хичээллэж байгаа тохиолдол гарч байна. 2011 болон 2012 оны улсын төсөвт хүн амынхаа төвлөрийг дагуулан цэцэрлэг, бага сургуулиуд барих хөрөнгийн асуудлыг суулгах шаардлага байгаа. Гэхдээ үүнийг хүлээвэл хугацаа алдана. Үүнийг хүлээлгүй, хүүхдүүдийг хохироохгүйгээр зохицуулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БСШУЯ-ны удирдлагууд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт нарт Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо өглөө.
Мөн Засгийн газраас багш нар та бүхнийг бүтээлчээр ажиллаж, сайн сайхан амьдрахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлж, дэмжиж ажиллах болно гэж эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, хариуцлагатай шинэ үеийн иргэдийг төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүрэг хүлээсэн багш нарт хандаж хэллээ.
Тус сургуульд Японы “ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны агентлагийн төслийн хүрээнд 360 хүүхдийн багтаамж бүхий бага сургуулийн өргөтгөлийн барилга барьж байна. Бага сургуулийн барилга энэ оны сүүлчээр ашиглалтад орж, бага ангийнхан нэг ээлжээр, дунд ангийнхан хоёр ээлжээр хичээллэх боломжтой болох юм байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Ерөнхий боловсролын 35 дугаар дунд сургуулийн нээлтээс гадна ШУТИС болон Монгол Солонгосын технологийн коллежийн нээлтэд оролцож, багш оюутнуудад мэндчилгээ дэвшүүллээ