Сэлбэ гол сэргэж, Улаанбаатарчууд өнгө төрхөөр сэлбэгдэнэ
Цагтаа Нийслэлчүүдийн балгаж, бас тоглож, бүр цаашилбал тэдний залуу насны түүхийг бичилцэж явсан Сэлбэ гол эдүгээ дурсамж төдийхөн болсон гэхэд бараг хилсдэхгүй. Урсгал ус нь татарч, улс амьтны хөлд гундан ширгэж байгаа энэ гол тэгвэл одоо сэргэх нь. Зүлэгтэй, ногоон байгууламжтай явган хүний замтай,гол руугаа буудаг 13 шат бүхий гарцтай, өвлийн улиралд гулгах талбайтай гээд амралт зугаалгын орчин болохоос гадна хөрсний ус, гадаргын усыг нь ч давхар шийдэх гарцыг олжээ. Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар энэ ажлыг хийж буй бөгөөд УИХ-ын гишүүнийх нь хөрөнгө оруулалтаар энэ бүтээн байгуулалтыг эхэлж байна. “ Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл” хэмээн нэрлэж байгаа тус арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж, ёслолын ажиллагаанд Засгийн газрын тэргүүн С.Батболд оролцлоо.
Эдийн засаг хөгжихийн хэрээр, иргэддээ хүрсэн үйлчилгээг үзүүлж тэдний амьдрах орчин нөхцөл сайжрах юм бол бидний явуулж буй бодлого үр дүнд хүрч байна гэсэн үг. Монгол улсын хувьд эдийн засгийн сайн өсөлт гарч байгаа, харин үүнийгээ зөв газар руу шийдэж өгөх нь хамгийн чухал бөгөөд үүний нэг тод жишээ нь ч өнөөдрийн арга хэмжээ болж байна гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тус ажиллагааны үеэр онцолж байв. Хүний үйл ажиллагаанаас болж ширгэсэн Сэлбэ голыг хүний үйл ажиллагаагаар дахин сэргээх болно, гэхдээ энэ ажлыг сэтгэл хөөрлөөр өнөө маргаашаа бодож шийдэх ёсгүй юм гэдгийг тэрбээр дурьдаад, шинжлэх ухааны үндэстэй байгалийн унаган зохицолдоог хангасан, орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан хурын усны урсацыг тохируулан гүний усыг татах хэлбэрээр Сэлбэ голыг сэргээн шийдвэрлэж байгаа гэдгийг онцоллоо.
Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж, түүнийг нь Засгийн газраас дэмжиж санхүүжилтыг нь шийдэж байгаа нэг ажил нь Сэлбэ голоо сэргээхээр ярьж буй энэ ёслол болж байна ч гэдгийг мөн дурьдаж байлаа. Сэлбэ голыг сэргээх энэ төслийн эхний ээлжийн ажил Зуун айлын энэ гүүрнээс эхэлж, Арслантай гүүр хүртэлх 1.2 км газар үргэлжлэх юм. Ирэх жил нээлтийг нь хийх бөгөөд энэ ажил цаашид үе шаттайгаар үргэлжлэх ажээ. Нийтдээ тус төсөлд хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа бөгөөд нэг тэрбум төгрөгийг нь Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийхээ хөрөнгө оруулалтаар гаргаж, энэ бүтээн байгуулалтын эхлэл болголоо.Одоогоор 700-гаад сая төгрөгийн ажил хийгдэж байгаа юм байна.
Ерөнхий сайдын санаачилсан гэгээлэг сайхан энэ ажил цаашид олон гишүүдийг төдийгүй Улаанбаатарчуудыг уриалан дуудсан арга хэмжээ болох байх аа. “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл”-ийн барилгын ажлыг ”Газар шим- Норбу” хамтарсан консерциум гүйцэтгэж байна. “ Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл”-ийн нээлтийн ажиллагаанд Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөл, оюутан залуучууд ч оролцлоо. Монгол улсын ардын жүжигчин Г.Хайдав гуай 1933 оноос хойш Сэлбэ голыг мэддэг байсан төдийгүй энэ голын уснаас балгаж явснаа ч хуучилсан.
Тэрбээр энэ сайхан голыг сэргээх, бүр цаашлаад хотхон маягт оруулахаар санаачилга гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгаа Ерөнхий сайдад талархал илэрхийлж, энэ үйлст өөрийн зүгээс үхэн үхтлээ зүтгэх болно гэдгээ илэрхийлж байсан. Харин оюутнуудын төлөөллийн ярьсан зүйл анхаарал татаж байв. Тэд энэ талаар үе үеийн олон улс төрчдөд хандаж байсан ч хэн ч шийдэл гаргаж байгаагүй гэдгийг дуулгаад, Ерөнхий сайдын санаачилсан энэ ажилд амжилт хүслээ. 30 гаруй мянган оюутнуудын гарын үсэг бүхий талархлын захидлыг ч мөн гардуулаад авсан. Үүгээр зогсохгүй тэд уг арга хэмжээний дараа Сэлбэ голыг цэвэрлэлээ