Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

Сү.Батболд: Гадныхан өмнө нь хөрөнгө оруулалтын орчин их ойлгомжтой байсан гэж дүгнэж байна

Нийтэлсэн: - 2014/06/22 14:30 - Мэдээ, мэдээлэл , Мэдээ , Ярилцлага , Хэлсэн үг , Фото мэдээ , Фото мэдээ , Үйл явдал / Event , Үйл явдал

УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Асуулт асуусан гишүүдээс УИХ-ын гишүүн Сү.Батболдын үгийг хүргэж байна. 

Сү.Батболд: 

-    Монгол Улсын эдийн засгийн хөгжил бол бид  бүгдийн санааг зовоож буй асуудал.  Сөрөг хүчин бүх асуудал дээр эсрэг байр суурь баримталдаг гэж шүүмжилдэг ч бид болж байгаа зөв бодлогыг дэмжиж, хэлэх зүйлээ хийж, оролцох зүйлдээ оролцоод л явж байгаа. Энэ утгаараа өнөөдөр Засгийн газраас зохион байгуулсан монголын бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцож, санал бодлоо солилцлоо. Гадны олон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна лээ. Тэд ярихдаа өмнө нь хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, их өргөн хүрээтэй байсан гэж дүгнэж байна. Гэтэл сая Ерөнхий сайд мэдээлэлдээ өмнөх хөрөнгө оруулалт зөвхөн Оюутолгой дээр суурилж байсан гэж хэллээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны хийсэн мэдээллээр 2011,2012 онд гадаадаас орж ирсэн нийт валютын урсгалын 20-30 хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлж, 2013 онд Оюутолгойтой холбоотой валютын урсгал хэдийгээр багассанч гэсэн нийт валютын урсгалын 60 хувийг эзэлж байна гэж мэдээлсэн. Валютын урсгал ямар байгаад ямар болсон, тэр дотроо Оюутолгойн оруулж буй урсгал ямар хэмжээнд хүрснийг харж болох юм. Энэ тоон үзүүлэлтүүдийг болгоомжтой авч үзэхгүй бол зөрүү ойлголттой, тоо баримтаар зөрсөн маргааны сэдэв болох вий дээ. Мөн бодлогын залгамж чанар дээр шууд хөрөнгө оруулалт нөлөөлж байгааг ч хүлээн зөвшөөрөх хэрэгтэй л дээ. 


Бодлогын залгамж чанараа хадгалсан ,өмнөх хийж байсан зүйлд алдаа байсан бол засч залруулсан дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт их чухал юм. Бид ч бас засгийн эрхэнд байхдаа ийм санал санаачилгыг гаргаж байлаа. Хөгжлийн бодлогыг сонгуулиас сонгуульд биш дунд хугацааны, урт хугацааны хөгжлийн төлөвлөлт хийе гэдэг энэ саналыг Ерөнхий сайд та юу гэж бодож байна вэ. 100 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг шууд нэмэгдүүлээд явах боломж маш хомс, тэгээд ч зээл аваад асуудлыг шийдээд явах нь сөрөг олон зүйлийг дагуулна. Хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулан хийх бодлогыг бид барьж байсан, энэ бодлого хэрэгжих боломж байгаа юу, түүнчлэн цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх тухай ямар бодлого барьж байна вэ.  Эдийн засаг унаж байгаа ч өсөлт  байгаа гэж Эдийн засгийн хөгжлийн сайд мэдээлж байгаа.  Энэ өсөлт яагаад хүн дээрээ очих, цалин хөлс ,тэтгэвэр тэтгэмж, халамжийн зохистой бодлого дээрээ очихгүй байна вэ, эсвэл иргэдийн шүүмжлээд байгаа томоохон компаниудад энэ өсөлт наалдаад байнауу, энэ талаар тодорхой хариултыг өгөөч гэсэн юм.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариулахдаа “Хөгжлийн төлөвлөлтийн хуулийг Засгийн газар дээр ярьсан. Тийм баримт бичиг хэрэггүй, харин хөгжлийн бодлогыг төлөвлөдөг, цэгцэлдэг болох хэрэгтэй гэж үзээд хуулийн төсөл өргөн барихаар шийдвэрлэсэн. Зээл аваад хөгжихгүй гэдэг таны саналтай санал нэг байна. Хөрөнгө оруулалтыг зугуухан, нэг нь том байлаа гэхэд нөгөөх нь тасралтгүй дагаж явдаг гэх мэтээр олон арга ухаан баймаар юм шиг байгаа юм. Хөрөнгийн биржийн хувьд компаниудыг нэг өдөр пад гээд хувьчлахгүй, тодорхой хэмжээгээр Хөрөнгийн биржээрээ явуулах нь зөв гэдэг бодлого барьж байгаа” гэсэн юм. 

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах