Сү.Батболд: Дугуйг дахин бүтээх хэрэггүй
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сайд нарын “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Аливаа хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүд шинээр санал дэвшүүлж мэтгэлцдэг зарчимтай. Ингээд гишүүдийн юу ярьсныг товчлон хүргэе.
Сү.Батболд: Тогтвортой, мэдлэгтэй, ойлгомжтой байх ёстой гээд л та бүхэн ярилаа. МАН ийм л байр суурь дээр байгаа. Бид сонгуульд үнэмлэхүй ялсан ч гэсэн ярилцаж, хэлэлцэж л ирсэн. Одоо олонхи болсон та бүхэн биднийг байнга л дайрсан, загнасан байдалтай байх юм.
Сөрөг хүчнээ байнгын хорооддоо тэгш хувиарлаач. 20 гаруй гишүүнтэй байх ёстой байнгын хороон дээр бид гурвуулаа л сууж байна шүү дээ. Хууль номоороо бол энд бид 3/1 болоод сууж байх учиртай. Парламентын туршлага мэдлэг, сөрөг хүчнийг зохих ёсоор нь ажиллууулах тэр ардчиллын хуулиа яагаад энд мөрдөхгүй байгаа юм. Юм ярих гэхээр мөн чанар л гэх юм. Бидний мөн чанар арай өөр. Улс орны нийгмийн хөгжлийг урагшлуулахын төлөө ярьдаг. Одоо эдийн засгийн байдал ямар байгаа билээ, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан, аж ахуйн нэгжүүд үүдээ хааж байгаа гээд энэ талаар ярих олон асуудал бий. Үүнийг ярих, гарцыг олохын төлөө л байгаа. Та бүхэн харин улс төрийн үүсээд байгаа нөхцөл байдлаа олуулаа шийдэхгүй удаад байгаа биз дээ. Одоо орж ирсэн саналаараа саналаа хураагаад улс төрийн энэ гацаатай байдлаа шийдье.