Сү.Батболд: Хамгийн чухал нь 1072 хувьцаа
Бензинийн шар гэрэл нь асчихсан машинд суучихлаа-
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдтой ярилцлаа.
-Та Ерөнхий сайд байсан хүний хувьд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг ажлаа юунаас эхлээсэй гэж харж байгаа вэ?
-Аливаа Засгийн газрын ажилд эхлэл, бас төгсгөл гэж байдаггүй. Хэрвээ Засгийн газар гурван сая хүнээ суулгаад явах хөгжлийн машин бүтээх ажил хийдэг гэвэл танхимын тэргүүн нь солигдох бүрт өмнөх засгийнхаа хийснийг буцааж тайлаад шинээр угсарч эхлээд байвал бид хэзээ ч машинтай болохгүй, урагшаа явахгүй. Байрандаа л баахан хий эргэлдэнэ. Үүнтэй адил засгийн ажил бол шинэ Ерөнхий сайд гарч ирсэн ч өмнөх танхимынхаа сайныг нь улам сайжруулж, зэрэгцүүлэн шинээр илүү сайныг хэрэгжүүлээд явдаг тасралтгүй үргэлжлэх ёстой процесс.
Төрийн бодлого уламжлагдан залгамж чанартай явах ёстой гэдгийн учир энэ. Харин 2012 оны сонгуулийн дараа гарч ирсэн Засгийн газар төрийн энэ залгамж чанарыг тасалж, бүгдийн шинэчилнэ гэх нэрийн дор буруу замаар баахан бужигнууллаа, буруу ч явлаа. Дүүрэн будаатай үлдээсэн машин маань тэвшиндээ шороо ч үгүй үлдэж. Одоо үүний горыг нь монголчууд бид нийтээрээ амсч байна. Ийм л хэцүү цаг үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газар ажиллах болж байна. Ажлын эхлэл гэвэл, шинэ Ерөнхий сайдыг би юу хийх гэж бүх намыг засагт урьсан, тэгээд яг юу хийх гэж байгаа тухайгаа ард түмэндээ тодорхой, нээлттэй хэлэх байх гэж бодож байгаа. Төрийн бодлого хэдийгээр залгамж чанартай ч, буруу бодлогыг үргэлжлүүлж болохгүй шүү дээ. УИХ Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахдаа хувь хүнийг нь Ерөнхий сайдын албанаас буулгах гэж хариуцлага тооцоогүй. Хамгийн гол нь буруу бодлогыг зогсоох, засах гэж танхимын тэргүүнээр нь дамжуулж Засгийн газартай хариуцлага тооцсон. УИХ-ын буруу гэж үзсэн, танхимын тэргүүнтэйгээ хамт огцорсон бодлогыг шинэ Засгийн газар үргэлжлүүлэхгүй байх л даа. Тийм учраас шинэ Ерөнхий сайдыг юу хийхээ оновчтой тодорхойлсон зорилго бүхий үг хэлэхийг би хувьдаа хүлээж байгаа.
-Заавал Ерөнхий сайдыг үг хэлэхийг хүлээхгүйгээр засах ёстой алдаануудыг нь хэлж болохгүй юу. Ер нь алдааг засалцах л гэж танай нам Засгийн газарт орсон биз дээ?
-Сөрөг хүчин МАН Засгийн газарт яах гэж орсон, ороод бид юугаар тусалж чадах вэ гэдгээ манай намын удирдлагууд ч гэсэн ард түмэндээ хэлэх байх. Миний хувийн байр суурь гэвэл Монгол Улсыг бүхлээр нь автомашинтай зүйрлэбэл, бензиний шар гэрэл нь аль хэдийнэ асчихсан машины кабинд л бид ороод суучихлаа. Уг нь бид, МАН-ынхан чинь тэвшин дээр нь, бараг л багтаж ядан бүүр хойгуур нь шахуулж явсан улс ш дээ. Одоо тэгээд яах билээ, тэрэндээ гомдоод тэвшин дээрх нь тэндээ, кабинд байгаа нь дотроо өвлийн энэ хүйтэнд замын дунд хөлдөлтэй биш. Зөвхөн намын, улстөрийн эрх ашгаа бодсон бол хойш суух л байсан байх. Гэтэл улс орны эрх ашиг, МАН-д саналаа өгсөн сонгогчдынхоо эрх ашиг илүү үнэ цэнтэй учраас Ерөнхий сайдын саналыг хүлээж авахаас өөр сонголт МАН-д байгаагүй. Одоо энэ Засгийн газарт намуудын дарамт биш, намуудын дэмжлэг хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөгийн хүндрэлийн гол шалтгаан нь гадна талдаа бус, дотроо, Монгол Улсад, Монголын улстөрчдөд илүү байна гэдгийг дотоод гадаадгүй хэлж байгаа. Ийм эмзэг, хүнд цаг үед нэгдэж нийлсэн, гар гараасаа барьж байж л хүндрэлийг давна.
-Ер нь танай намынхан эдийн засаг хүнд байгаа тухай л яриад байх юм. Та ч түрүүнд дүүрэн будаатай үлдээсэн машин маань шороо ч үгүй үлдэж гэсэн. Үнэхээр тийм байгаа юм уу, та бүхэн засагт багтсан шалтгаанаа цайруулах гэж хэтрүүлээд байна уу?
-Харьцуулалт хийхийн тулд ганц нэгхэн тоо хэлье. Сонгуулийн дараа манай Засгийн газар ажлаа өгч байхад эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай байсан одоо нэг оронтой тоонд орж байна. Инфляц 9.7 хувь байсан одоо хоёр оронтой тоонд шилжиж 13.9 болж. Доллар 1338 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1880 гараад явж байна. Улсын төсөв өнөөдрийнх шиг алдагдалтай гардаггүй байлаа. Гадна талдаа ч нэр муудлаа. Монгол Улс өрсөлдөх чадвараараа 93-т бичигдэж байсан бол одоо 107 болж ухарлаа. Зээлжих зэрэглэл буурч, 11.7 тэрбум байсан улсын нийт гадаад өр бараг 20 тэрбум ам.долларт хүрлээ. Тэвш дүүрэн будаа гэдэг маань манай Засгийн газар улсын алдагдалгүй төсвөөс гадна Хөгжлийн банкны 580 сая долларын бонд гээд хангалттай мөнгө үлдээсэн. Манай Засгийн газрын үлдээсэн энэ мөнгөн дээр Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбум долларын Чингис бонд, Самуурай бондын 300 сая доллар, Үнэ тогтворужжлах хөтөлбөрийн дөрвөн их наяд төгрөгтэй байсан. Гэтэл одоо улсын төсвийн орлого их наядаар тасарч, Монголбанкны гадаад валютын нөөц хасах үзүүлэлттэй гарч байна. Ийм их мөнгийг хоёрхон жилд үрэн таран хийлээ. Үндсэндээ залуусын хэлдгээр өмнөх засаг улс орынхоо эдийн засаг, өмнө нь байсан, өөрсдөө босгож ирсэн бондын мөнгөөрөө сайхан найрлаад дуусчихаж. Найр дууссан хойно нь МАН засагт орж байна. Найрандаа уриагүй, огт оролцуулаагүй зочдоо гэнэт урьж байгаа нь найраар буулгаад хаячихсан, өр зээл тавьчихсан гэр орноо хамт цэвэрлье л гэж байгаатай адил л юм даа.
-За ойлголоо, түрүүний асуултаа гүйцээж хариулт авъя. Засах ёстой алдаанууд гэвэл Засгийн газарт юу гэж зөвлөх талаар?
-Би санаа оноогоо чуулган, байнгын хороодын хуралдаан дээр хэлээд явж байгаа л даа. Хамгийн түрүүнд, үнэнтэйгээ эвлэрмээр байна. Одоо АН-ынхан маань засагт хамтарсан намуудаасаа, ард түмнээсээ үнэнээ нууж болохгүй. Гоё сайхан байна гэж худлаа ярьж хэрэггүй. Хэрвээ одоо ард түмнээсээ үнэнээ нуувал ганц АН биш, засагт хамтарсан бүх нам, УИХ ч буруутан болно. Жинхэнэ хуйвалдааны Засгийн газар болно. Хоёрт, Монгол Улс нэгдсэн улс учраас Засгийн газар нэгдмэл удирдлагатай байх ёстой. Фракцууд бол АН-ын л асуудал. Тэр нь төрийн ажилд нөлөөлж, Засгийн газрын кабинетийн зарчмыг алдагдуулж болохгүй. Ийм шинж өмнөх Засгийн газарт байсан, одоогийн Засгийн газарт уламжлагдаж болохгүй. Гуравдугаарт, Монгол Улс нэгдсэн улс учраас нэгдсэн нэг л төсөвтэй байх учиртай. Гэтэл одоо УИХ-ын хяналтын гадуур Хөгжлийн банкны, Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн, бондын гээд 3-4 төсөв байна. Эдгээр төсвөө нэг болгохоос ажлаа эхлэх хэрэгтэй. Нэг төсөв, нэгдсэн хяналттай болох хэрэгтэй. Дөрөвт, сүүлийн үед зах зээл дээр Төв банк нь зээл олгож арилжааны банкуудтайга өрсөлдөөд, Засгийн газар нь хувийн хэвшилтэйгээ уралдаж мөнгө босгоод байх юм. Энийгээ болих хэрэгтэй. Төв банк нь мөнгөний бодлогоо тодорхойлох, санхүүгийн зах зээлээ хянах, Засгийн газар нь хувийн хэвшлээ дэмжих тэр ажлуудаа л хийх ёстой. Төр нь өөрөө оролцож хувийн хэвшлээ дэмжинэ гэж байхгүй. Төр, хувийн хэвшлийн харилцааны хил хязгаарыг зөв, зохистой тогтоож, түүнийгээ хатуу мөрдөх хэрэгтэй. Бас тогтоосон хил хязгаар нь цэвэр тунгалаг байх ёстой.
-Сүүлийн үед Тавантолгойн асуудлаар олон хүн ярьж байна. Энэ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр телевизээр "Тавантолгойг ард түмэндээ өгөх гэж байтал хэдэн улстөрч хуваагаад авчихлаа" гэж ярьсантай холбоотой байх. Нөгөө талаас бас Тавантолгойн тендер явж байна?
-Тавантолгойн талаар би одоо буцаж, түүх яримааргүй байна. Нарийн яривал Тавантолгойн ордын лицензийг авч хадгалахад ч, төрд, ард түмэндээ буцааж өгөхөд ч манлайлсан хүн нь би юм шүү дээ. Хэрвээ тухайн үед лиценз нь гадаадынхны гарт орчихсон, худалдагдчихсан байсан бол төрд буцааж авч чадахгүйн дээр Тавантолгойн баялаг Монгол Улс, монголчуудын тоглоомын дүрмээр явахгүй байх байлаа. Өөрөөр хэлбэл, энэ ордын байрлал нь Монгол Улсын нутагт ч баялаг нь тухайн лиценз эзэмшигчийнх байх байв. Өнөөдөр бид Оюутолгойн гэрээг яагаад өөрийн хүсэлд 100 хувь нийцүүлж хийж чадаагүй вэ гэвэл хөрөнгө оруулалт, технологи байхгүй, туршлага дутна гэдгээс гадна энэ ордын лиценз нь гадаадын компанийн нэр дээр байсан учраас бид хэдийгээр баялгийн эзэн ч гэсэн өөрийн дураар нүүдэл хийж болоогүй. Харин азаар Тавантолгойн ордын лиценз монголчуудад байсан учраас төрд буцааж өгсөн юм. Тэгэхээр улстөрчид маань тэдгээр хүмүүст талархдаггүй юмаа гэхэд үнэнийг гуйвуулж гүтгээд байх нь зүйд нийцэхгүй л дээ Үнэнийг гуйвуулж, эдийн засаг байх ёстой Тавантолгойг үргэлж улстөрийн зорилгоор ашиглаад байгаад харамсдаг. Энхбаяр даргын ярьсан тухайд тэр хүний л бодол байх. Гэхдээ гүтгэлэгт хязгаар байх ёстой. Тийм учраас би энэ талаар, ер нь Тавантолгойн ордын түүх, энэ ордын лиценз ямар хүмүүсийн нэр дээр байж байгаад төрийн мэдэлд яаж ирсэн, одоо хэн эзэмшдэг гээд бүх асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гаргаж бүх үнэнийг ард түмэндээ мэдээлээч гэдэг хүсэлтийг УИХ-ын даргад тавина гэж бодож байгаа. Тэр ажлын хэсэгт нь энэ хардаад, зориуд мушгиад байгаа улстөрчид, парламентад суудалтай бүх намын төлөөллийг оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. Бас Тавантолгойн талаар бодит байдлыг өгүүлсэн, үнэнийг тунгаах бололцоо олгосон нэвтрүүлэг хийж ард түмэнд хүргэх ёстой гэж бодож байгаа. Тавантолгойд надад одоо манай Засгийн газраас нийт ард түмэндээ олгосон 1072 хувьцаанаас өөр хувь, оролцоо байхгүй.
-Одоо явж байгаа тендерийн тухайд…
-Нарийн мэдээлэлгүй байна. Үндэсний компаниуд давуу эрхтэйгээр гадныхантай хамтарч оролцох, энэ ордын бүх өр зээлийг төлөх, эдийн засгийн эргэлтэд хурдан оруулах тендер юм байна гэсэн хэвлэлийн мэдээнээс цаашгүй л байна. Бас Засгийн газар, УИХ-аар давхар хянагдах ёстой юм. Энэ бүгдэд Тавантолгойн лицензийг хадгалах, төрд буцааж өгөхөд манлайлж явсан, бас Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нийт ард түмэндээ 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргасан хүний хувьд би нэг л зарчмын байр суурийг хатуу баримтална.
-Тэр нь?
-Тавантолгойн ордоос иргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа баталгаатай, үнэ цэнтэй, ард түмэнд өгөөжөө өгдөг байх ёстой. Энэ хувьцаа иргэдийн гар дээр цаас биш, ногдол ашиг болж хэзээ очих, цаашдаа тасралтгүй очиж байх эсэхийг тендерийн гол шалгуурын хэмжээнд авч үзэх ёстой. Ингэж байж Таванолгойн орд ард түмнийх хэвээр үлдэнэ. Түүнээс бус, цаасан дээр хүн бүр 1072 хувьцаатай гэсэн бүртгэлээс цаашгүй бол Тавантолгойг ард түмнийх гэж хуульчлаад ч нэмэргүй. Ер нь Тавантолгой, Оюутолгойтой холбоотойгоор төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд олон нийтэд ойлгомжтой, ил тод, тунгалаг, эдийн засаг, нийгмйн өгөөжтэй байх хэрэгтэй. Үүний тулд томоохон ордуудын дэргэд олон нийтийн хяналтын зөвлөл ажиллуулах зөв юм.
-Оюутолгой бас гацаанд орлоо. Одоо 34 хувиа зарж Монгол Улс татвараа аваад л сууж байя гэж байна. Энэ хэр оновчтой шийдвэр вэ?
-Бас л тодорхой мэдээлэл алга. Хэрвээ тэгж 34 хувиа зарах гэж байгаа бол өнөөдрийн цаг үед хамгийн буруу шийдвэр болно. Манай Засгийн газар ажиллаж байх үед Оюутолгойн хувьцааны ханш 20 гаруй доллар хүрч байсан. Одоо гурав хүрэхгүй доллар байгаа байх. Хувьцааны ханш нь ингэж унасан энэ цаг үед хувиа зарах хамгийн буруу.
-Хэрвээ ойлголцохгүй бол төсөл цаашаа явахгүй, Оюутолгойг хөдөлгөхгүй бол эдийн засаг сэргэхгүй юм биш үү?
-Оюутолгой, Тавантолгой бол Монголыг олон жил тэжээх баялаг. Гэтэл өнөөдөр бид энэ баялагаа баялаг биш, улстөрчдийн хэрүүлийн алим болчихлоо. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн баялаг ашигтай байх үед бид энэ хоёр ордоо тойрч хэрэлддэг. Зах зээл дээр ханш нь унаад ирэхээр ч бас л маргаад суучихдаг. Бурхан бидэнд, монголчуудад бэлэгээ өгсөн, тавганд хийгээд ширээн дээр тавьчихсан. Тэрийг нь бид халбагадахдаа хэрэлдэж байна, ам руу халбагадаж өгсөнгүй гэж уурлаж байна. Одоо бидэнд хоёр сонголт байна. Үргэжлүүлээд хэрэлдээд суух уу, 2012 оны сонгуулийн өмнөх шиг энэ хоёр орд эдийн засгийн эргэлтэд орж явах ёстой юу. Миний бодлоор энэ хоёр ордоо эргэлтэд оруулж байж л эдийн засгийн ашиг хүртэнэ. Гэхдээ мөнгө олох гэж байна, эдийн засаг хүнд байна гэдгээр улсад, ард түмэнд ашиггүй хувилбараар шийдэж болохгүй. Өнөөгийн түр зуурын хүндрэлийг давах гэж байна гээд ирээдүйдээ хохиролтой, засч болохооргүй алдаа гаргаж болохгүй л дээ. Заримдаа сайн ажиллахаас алдаа гаргахгүй ажиллах нь чухал байдаг. Бэрхшээл бүхэн боломжтойгоо ирдэг гэж нэг үг байдаг даа. Тийм учраас өнөөгийн хүндрэлээс гарах боломж, гарцыг л зөв олж харж тодорхойлох хэрэгтэй.