Сү.Батболд: ”Чалко”-гийн гэрээг засаад явах боломж Засгийн газарт байгаа
Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Батболдын хэлсэн үг олны анхаарлыг ихээхэн татлаа.
Тодруулбал тэрбээр “Биднийг Засаг барьж байх үед янз бүрээр хардаж сэрдэж байсан. Ялангуяа Тавантолгой дээр хийгдсэн "Чалко"-гийн гэрээ бол үүний хамгийн том жишээ. Хардах эрх та бүхэнд бий. Гэрээ хэлэлцээ дутуу хийгдсэн, үнэ ханш нь бага гээд л янз бүрээр шүүмжилж байлаа. Түүнийг сайжруулах үүрэг нь Засгийн газарт бий шүү дээ. Бид ч гэсэн Оюутолгойн гэрээн дээр гарсан алдаа дутагдлыг сайжруулаад явж байсан түүх бий. Аливаа юмны оношийг зөв тавибал эмчилгээ зөв хийгддэг. Энэ Засгийн газар Чалкогийн гэрээг дахин ярина гээд ачилтыг нь хэдэн сараар зогсоосон. Үр дүнд нь зээл нь буураагүй. Тэр үед үнэ ханш нь ч бас гайгүй байсан байх. Энэ хохирлыг тооцож үзсэн үү, өөрөөр хэлбэл Чалкогийн гэрээг маргааны сэдэв болгосон хохирлыг тооцож үзсэн үү. Алдаатай байсан уу, үгүй юу гэдэг дээр намуудын төлөөлөл орсон ажлын хэсгийг УИХ-ын дэргэд байгуулж дүгнэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт ДНБ-ийн өсөлтийн хурдац 2012 оноос эхлэн буурч байгаа бөгөөд 2014 оны эхний улирлын гүйцэтгэл цаашдын төлөв байдлаас харахад өнгөрсөн хоёр жилийн дунджаас ч дахин буурч болзошгүй байна гэж та бүхэн танилцуулгадаа дурьджээ. Үүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ” хэмээн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаяраас асуулаа.
Эдийн засгийн хөгжлийн сайд хариуд нь “Чалкогийн гэрээний хувьд таны хэлсэнтэй санал нэг байна. Хоёр намын бүлгээс хамтарсан ажлын хэсэг гарч, энэ асуудлыг дотооддоо нэг шийдэлд хүрч хаах хэрэгтэй. Хий хоосон зүйл дээр маргаад яах вэ дээ гэсэн хариулыг өгсөн юм.
Харин түүнийг хариултыг сонсоод С.Батболд гишүүн “Хэдэн сар ачилтаа зогсоочихоод бүх бурууг Өмнөх Засгийн газрын алдаа гэсэн. Одоо харин дөнгөж ойлгоод хамтарч шалгая гэж байгаа нь нэг талаар харамсалтай. Нөгөө талаар оройтсон ч гэлээ ийм шийдвэрт хүрч байгаа нь сайн хэрэг. Энэ асуудлыг дотроо яриад шийдчих юмсан гэж Уул уурхайн Сайд Д.Ганхуяг өглөөний чуулган дээр ярьж байсан. Уг нь ийм боломж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байсан юм шүү дээ” гэсэн юм.