Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболдын Засгийн газрын 100 хоног хөгжлийн гараанд хөтөлж чадсан уу?

Нийтэлсэн: - 2010/02/11 21:43 - Мэдээ, мэдээлэл , Тайлан

С.Батболд: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана 100 хоног. Энэ бол ердөө 3 сар, дээр нь ганц 7 хоног. Хүлээсэн, гиюүрсэн хүнд урт мэт боловч зорьсон, яарсан хүнд бас бага хугацаа. Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар 46 насандаа томилогдсон Сүхбаатарын Батболд Засгийн газрыг тэргүүлээд 100 хонож байна. Хамтарсан Засгийн газрын шинэ тэргүүн “БИД ХАМТДАА ЧАДНА” гэж ажлынхаа гараан дээр мэдэгдсэн юм. Өнгөрсөн 100 хоногт хамтдаа юу амжуулсныг сонирхъё.
 
1 хоног. Сүхбаатарын Батболд Монгол улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдож УИХ-д “Бид хамтдаа чадна” гэж хэлсэн. Тэрээр Монгол хүн бүрийг ажилтай, боловсролтой, эрүүл болгох, төрийг ард иргэддээ ойрхон байлгах, улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөгжлийн хурдаа нэмэх, олон улсын стандартуудыг бүхий л салбарт нэвтрүүлэх, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх талаар шинэ үзэл санаа дэвшүүлж ХҮНИЙ ХӨГЖИЛ-д анхаарсан, улс орныхоо эдийн засгийг сайжруулсан Ерөнхий сайд байхаа тэмдэглэсэн юм. 
 
2 хоног. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ХБНГУ-ын Холбооны Канцлер  Ангела Меркел, Япон Улсын Ерөнхий сайд Хатояма Юкио, БНСУ-ын Ерөнхий сайд Жон Үн Чан, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Гордон Браун, БНЭУ-ын Ерөнхий сайд Манмохан Сингх зэрэг  олон удирдагчдаас амжилттай ажиллахыг хүссэн талархлын цахилгаан хүлээн авав. 
 
9 хоног. Монголыг ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙ-гоос илүү МОНГОЛ ТОЛГОЙ хөгжүүлнэ гэсэн үгээ боловсролын салбарынханд хандаж хэлэв. 
 
9 хоног. Дэлхийн түвшинд өрсөлдөх боловсролыг эх орондоо бий болгох, боловсролын салбарт КЕМБРИЖИЙН СТАНДАРТЫГ нэвтрүүлэх зорилт тавьснаа олон нийтэд зарлав.  
 
9 хоног. Их дээд сургуулийн тоог цөөлж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, их дээд сургуулийг хотоос нүүлгэж кампус хэлбэрээр хөгжүүлэхээ илэрхийлэв.  
 
9 хоног. Төрийн сангийн зардлаар гадаадад ар өврийн хаалгаар биш ард түмний хүүхдийг явуулдаг болох нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ хавраас эхэлж зарлахыг үүрэг болгов.  
 
21 хоног. Ард иргэддээ хувь, хишиг хүртээх, халамжийн давхардсан тогтолцоог өөрчлөх зорилгоор “ХҮНИЙ ХӨГЖИЛ САН”-гийн тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулав. 
 
26 хоног. Монголын нэрийн хуудас болох “МОНГОЛ ЭРДЭС”, “МОНГОЛ ЭРЧИМ”, “МОНГОЛ ДЭД БҮТЭЦ” компаниудыг байгуулж олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах шинэ санаачилга гаргалаа  
 
32 хоног. Хөдөө орон нутгийн анхны томилолтоороо өвөлжилт хүндэрсэн Төв, Дундговь аймагт ажиллаж эрчимжсэн мал аж ахуйн шинэ стандартыг нэвтрүүлэх, орон нутгийн удирдлагуудтай хариуцлага тооцдог механизмыг бүрдүүлэх, отрын бүс нутгийг байгуулах, малчдын эрүүл мэндийг хамгаалах байр сууриа илэрхийлж тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. 
 
34 хоног. ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ гэж томъёолж, улс орынхоо баялгийг монголчууд өөрсдөө дэлхийн зах зээлд гаргадаг болох зорилт дэвшүүллээ.
 
34 хоног. Төрийн мэдлийн компаниудыг ашигтай ажиллуулахын тулд удирдлагыг нь улс төрийн биш бизнесийн агуулгаар томилох, компанийн сайн засаглалыг нэвтрүүлэх талаар байр сууриа илэрхийлэв. 
 
40 хоног. НОГООН ЭДИЙН ЗАСАГ-ийг хөгжүүлэх, “НОГООН ЗӨВШӨӨРӨЛ”, “НОГООН ТАМГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН” хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж ажлыг нь эхлүүлэв.  
 
43 хоног. Ардчилсан өөрчлөлтийн 20 жилийн ойд зориулсан хуралд оролцож ардчиллыг ТОГТОЛЦООНЫХ нь хувьд бэхжүүлэх, ардчиллыг олон улсын нийтлэг жишгээр хөгжүүлэх, ардчилсан тогтолцоог нийтэд ижил тэгш үйлчилдэг хэм хэмжээ, үйл явцаар баталгаажуулах, иргэний нийгмийн төлөвшлийг дэмжих саналууд гаргав. 
 
43 хоног. АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацын 188 сая ам долларын төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхийг шийдвэрлэснээ олон нийтэд зарлав. 
 
45 хоног.  Төмөр замын сүлжээг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэн батлуулах үүрэг өглөө. 
 
46 хоног. Халх голын бүс нутагт “Атрын IV аян”-ыг эхлүүлэх,  МАХ СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙГ 21 аймагт барьж байгуулан ашиглалтад оруулах зорилтыг дэвшүүлэв. 
 
47 хоног. Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг ард түмнээ алагчилж ялгаварладаггүй, дуу хоолойг нь сонсдог, аливаа халамж үйлчилгээг хүрэх ёстой эзэнд хүргэдэг байхыг үүрэг болголоо.
 
48 хоног. Бизнес, хувийн хэвшлийнхэнтэй уулзаж IPO хийх, эдийн засгийг дархлаажуулах, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг боловсруулах, гадаадад сурч боловсрол, мэргэжил эзэмшсэн иргэдээ эргэн ирж ажиллаж амьдрах орчинг төр хувийн хэвшлийнхэн хамтран бүрдүүлэхийг эхлүүлэв.  
 
52 хоног. Ураны ордуудыг ашиглалтанд оруулахын тулд олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүгийн тодорхой эх үүсвэрийг бий болгох санал гаргаж арга хэмжээ авч эхлэв. 
 
54 хоног. Орон нутгийн удирдлагад төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлийг олгох, ТЕНДЕРИЙН хууль эрх зүйн орчинг өөрчилж ил тод, шударга, хөндлөнгийн хяналттай болгох санал гаргаж төсвийн шинэчлэлийг эхлүүлэв.
 
61 хоног. Эрүүл мэндийн салбарт шинэчлэлийг ЦОГЦООР нь хийх, хувь хүн гэр бүлийн хүрээнд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлж Улаанбаатарын эмнэлгүүдийн тогтолцоог эргэж харахаа мэдэгдэв. 
 
61 хоног. Эрүүл мэндийн салбарт зарцуулагдах ихээхэн хэмжээний мөнгө гадаад урсгалтай болсныг зогсоохын тулд эрүүл мэндийн салбарыг олон улсын стандартад нийцүүлэх үүрэг өглөө. 
 
63 хоног. 2010 оныг “БИЗНЕСИЙН ОРЧНЫ ШИНЭТГЭЛИЙН ЖИЛ” болгон зарлав. 
 
70 хоног. Иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулах, бүртгэлийн тогтолцоог сайжруулах асуудлыг эхлүүлэв. 
 
71 хоног. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг түшиглэн байгуулах компаниудыг олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах, эдийн засагт ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн өмчит компанийн үйл ажиллагааг сайжруулах,  гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар батлуулав.  
 
75 хоног. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын ажлын хэсэг ажиллуулж, өвс тэжээлийн үнийг бууруулах шийдвэр гаргаж хэрэгжүүлэв.
 
76 хоног. Төсвийн шинэтгэлийг хэрэгжүүлэх бодлогынхоо хүрээнд “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн төслийг санаачилж УИХ-д өргөн барив. 
 
77 хоног. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах үүрэг өглөө. 
 
79 хоног. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар олон нийтээс нээлттэй санал авч шийдвэрлэдэг байх журам тогтоов. 
   
82 хоног. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг нэвтрүүлж хяналт шалгалтын үр дүнтэй тогтолцоог бий болгохыг үүрэг болголоо.
 
82 хоног. Олон улсын стандартыг нэвтрүүлнэ гэсэн байр суурийнхаа дагуу Болгар, Унгар зэрэг Европын орны шинэ стандартыг нутагшуулж амжилтад хүрсэн түүхийг судалж хэрэгжүүлэх чиглэлээр Гадаад харилцааны сайдтай хамтарч захидал илгээх, ажил хэрэг болгохыг Мэргэжлийн хяналтынханд үүрэг болгов. 
 
82 хоног. Монголын Силикон Ваалий буюу мэдээллийн технологийн парк  ЦАХИУРАН ХӨНДИЙГ байгуулах санаачилга гаргаж хэрэгжүүлэх чиглэл өгөв.
 
82 хоног. Бүх төрлийн ярианы үйлчилгээг газар зүйн байрлалаас үл хамаарсан үнэ тарифтай болгов.
 
82 хоног.  Интернетийн үйлчилгээг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор үнэ тарифыг 4 дахин хямдруулах шийдвэр гаргав.
 
84 хоног. Төрийн төрийн өмчийн 42 их, дээд сургуулийг 16 болгож боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэв. 
 
89 хоног. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн тулд “УТААГҮЙ УЛААНБААТАР” хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа. 
 
90 хоног. АНУ-ын их, дээд сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх санаачилга гаргаж Фулбрайтын хөтөлбөрийг өргөжүүлж 50:50 хувийн санхүүжилттэй тэтгэлгийн хамтарсан сан байгуулав. 
 
90 хоног.  Томоохон эмнэлгүүдийн дэргэд хөдөөний иргэд болон өвчтөн амьдрах орон байр гаргах, шинээр баригдах эмнэлгүүдэд дээрх стандартыг хэвшүүлэхийг холбогдох хүмүүст нь үүрэг болголоо. 
 
91 хоног. Малын тоо толгой өссөн ч малчдын орлого нэмэгдэхгүй байгаа, өвөлжилтийн хүндрэл, мал аж ахуйн салбарт эргэлтийн шинжтэй бодлого явуулах ёстойг онцолж УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан “МОНГОЛ МАЛ” үндэсний хөтөлбөрийг дэмжлээ. 
 
96 хоног. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад туслах “Малчин түмэндээ тусалцгаая” хандивын аяныг Засгийн газраас зохион байгуулж 1 тэрбум 404 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал цуглуулж эхний удаа 150 машин буюу 250 тэвш тусламжийн бараа бүтээгдэхүүн орон нутагт хүргүүлэхээр гаргаж өгөв.  
 
97 хоног. ТАВАНТОЛГОЙН орд газрыг 100 ХУВЬ төрийн өмчлөлд байлгаж гадны хөрөнгө оруулагчдыг гэрээгээр ажиллуулах санаачилга гаргав. 
 
98 хоног. “ХҮНИЙ ХӨГЖИЛ САН”-гаас иргэн бүртээ эхний ээлжинд 70.000 төгрөг олгож, ард түмэндээ байгалийн баялгаас хишиг, хувь хүртээх МАХН, АН-ын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлж эхлүүлэв. 
 
100 хоног. “Монголын эдийн засгийн форум”-ыг анх удаа санаачлан зохион байгуулж уул уурхай, хөрөнгийн зах зээл, улс орны өрсөлдөх чадвар, бүртгэлийн тогтолцоо, байгаль орчин “ногоон эдийн засаг”, төсвийн шинэчлэлийн асуудлаар олон талын оролцоог хангасан нээлттэй хэлэлцүүлэг явуулав. 
 
“Бид хамтдаа чадна” гэж ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгэм, Засгийн газрын гишүүдээ бүтээн босголтод дуудсан Засгийн газрын 100 өдрийн ажлын заримаас дурдвал ийм байна. Уриа, яриа, улс төрийн хийрхэл бус бүтээлч санаачилга, бодит ажил ундарсан 100 хоног ард хоцорчээ. Эхлүүлсэн, санаачилсан ажил болгоны эцсийн үр дүнг ард олонд хүргэхийн тулд нэг хоног ч үнэтэй…

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах