С.Батболдын Кувейт улсад хийсэн айлчлалын мэдэгдэл
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН КУВЕЙТ УЛСАД ХИЙСЭН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ДҮНГЭЭР ГАРГАСАН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд Кувейт Улсын Ерөнхий сайд Эрхэм дээд шейх Нассэр Мохаммад Аль-Ахмад Аль-Сабахын урилгаар 2011 оны 1 дүгээр сарын 4 – 6-ны өдрүүдэд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв.
Айлчлалын үеэр Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд, Эрхэм дээд шейх Нассэр Мохаммад Аль-Ахмад Аль-Сабах нар албан ёсны хэлэлцээ хийв. Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд Кувейт Улсын Эмир Эрхэм дээд шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах, Кувейт Улсын Үе залгамжлах хунтайж Эрхэм дээд шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабах нарт бараалхаж, Кувейт Улсын Үндэсний Ассамблей (Парламент)-н Спикер Эрхэмсэг ноён Жассэм Аль-Харафитай уулзав.
Өнгөрсөн хугацаанд хоёр орны хооронд бат бэх суурьтай улс төрийн харилцаа тогтсоныг талууд нотолж, харилцан ашиг сонирхолтой бүх салбарт хоёр талын харилцааг цаашид хөгжүүлэх эрмэлзэлээ илэрхийлэв.
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн шугамаар хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжсэнд талууд баяртай байгаагаа илэрхийлэв. Засмал зам тавих, усан цахилгаан станц байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Кувейт Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын санд Монгол Улсын Засгийн газар талархал илэрхийлэв.
Худалдаа, эдийн засгийн салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг талууд тэмдэглэж, дэд бүтэц, зам, орон нутаг болон хот байгуулалт, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, харилцаа холбоо, тээвэр, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарын хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцож, эдгээр салбарын хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн шаардлагатай арга хэмжээг авахаа нотлов.
Монголын оюутнуудад олгох тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх тухай Кувейтын талын шийдвэрт Монголын тал талархал илэрхийлэв.
Кувейтээс Монгол улсад газрын тос импортлох талаар талууд харилцан сонирхлоо дахин нотлов.
Уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн түүхий эд, ашигт малтмалын нөөцийн хайгуулын төслүүд зэрэг Монголын эдийн засгийн олон салбарт Кувейтын хөрөнгө оруулалтыг татах сонирхолоо Монголын тал илэрхийлэв.
Түүнчлэн хоёр тал цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улс нь мал сүргээр баялаг улсын хувьд Кувейтэд мах экспортлох боломжтойг талууд тэмдэглэж, энэ талаар яриа хэлцээ хийхийг санал болгов. Кувейтын тал Монголын саналыг талархан хүлээн авч, түүний хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов.
Монголын тал 150 ортой, оношлогооны цогц тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 16 хүртэлх насны хүүхдэд зориулсан орчин үеийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг барих буцалтгүй тусламж олгохыг Кувейтын талаас хүсч, энэхүү төслийн талаарх судалгаа болон нарийвчилсан мэдээллийг Кувейтын талд өгөхөөр тохиролцов.
Хоёр тал олон улсын өнөөгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, эдгээр асуудлаар ижил байр суурьтай байгаагаа нотлов. Талууд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, терроризмтэй тэмцэх, Палестины бүрэн эрхт, тусгаар тогтносон улс болох эрхийг дэмжих, Ойрхи Дорнодыг үй олноор хөнөөх зэвсгээс ангид байх зэрэг асуудлаар НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалын үеэр зохион байгуулагдсан Монгол, Кувейтын бизнес чуулга уулзалтад оролцож, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Сүхбаатарын Батболд өөрийг нь болон Монголын төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсанд Кувейт Улсын Ерөнхий сайд Эрхэм дээд шейх Нассэр Мохаммад Аль-Ахмад Аль-Сабахт гүн талархал илэрхийлж, Эрхэм дээд Ерөнхий сайдыг Монгол Улсад тааламжтай цагтаа албан ёсоор айлчлахыг урив. Кувейт Улсын Ерөнхий сайд Эрхэм дээд шейх Нассэр Мохаммад Аль-Ахмад Аль-Сабах урилгыг баяртай хүлээн авав. Айлчлалын товыг дипломат шугамаар тохиролцохоор болов.
Энэхүү Хэвлэлийн хамтарсан мэдэгдлийг 2011 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Эль-Кувейт хотноо гаргав.