С. Батболд: Ажил хийж ядуурлаас гарах ёстой
(ЗГХМА)- Завхан аймагт хөдөлмөрийн биржэд бүртгэлтэй 2700 орчим иргэн ажил идэвхтэй хайж байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 900 орчим хүнээр нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засгийн хямрал, зудын хохирлоос улбаатай юм.
Иймээс ирэх 2 жилд ажилгүйдлийг бууруулах чиглэлээр идэвх, санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд Завхан аймгийн удирдлагад анхаарууллаа.
Ажлын байрны эрэлт, хэрэгцээ, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, хөдөлмөрийн насны залуучууд хангалттай байгаа ч нэгтгэн зохион байгуулах санаачлага дутмаг байна. Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлснээр хэдэн мянган ажлын байр бий болно. Иймээс хөдөлмөр эрхлэлт, зуучлал, боловсролын байгууллагуудтай хамтран ажилгүй хүмүүсээ зуучлах, мэргэжил, ур чадвартай болгох, давтан сургалтад хамруулах боломж ч орон нутагт байгаа юм.
Залуучууд ч бусдын гар харж суух биш, өөрсдөө эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил, боловсрол эзэмшин, ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө байх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нь ажилгүйдэл, ядуурлыг туулах бодит гарц гэж Ерөнхий сайд Завхан аймгийн иргэдтэй уулзахдаа хэллээ.
Социализмын үед хэдэн мянган залуус эвлэлийн илгээлтээр бүтээн байгуулалт өрнөж байгаа газарт ажиллаж байсан. Энэ сайн туршлагыг цаг үедээ нийцүүлэн дахин сэргээхэд ч болохгүй гэх газаргүй гэж тэрээр үзэж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь ажилгүйдлийг бууруулахад чухал нэмэртэй. Завхан аймгийн хувьд 2009 онд 780,0 сая төгрөгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж олгосны дүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, худалдаа үйлчилгээ зэрэг нийт 81 төсөл хэрэгжсэн байна. Энэ дагуу 25 шинэ үйлдвэр, 334 ажлын байр шинээр бий болжээ. Засгийн газраас орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор 2009, 2010 онд нийт 60 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм.