С.Батболд: АИХ-ын депутатууд “ажилчин зөгий” шиг ажиллаж байжээ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАН-ЫН ДАРГА С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Эрхэм хүндэт депутатууд аа,
Хатагтай, ноёд оо
Монгол Улсын шинэ Үндсэн Үндсэн хууль батлагдан мөрдөгдөж эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг Та бүхэндээ хүсэн ерөөе. Түүхэн бөгөөд нэн хариуцлагатай үүргийг ард түмнээ төлөөлөн гүйцэтгэж, өнөөгийн улс орны хөгжлийн үндсийг бүрдүүлж, улс төр, эдийн засгийнтусгаар тогтнолыг жинхэнэ утгаар нь тавьж, хүний эрх, эрх чөлөөг дархлаажуулан баталгаажуулахад өөрсдийн дуу хоолой, ухааны хүчийг шавхан ажилласан АИХ-ын депутатууддаа Засгийн газрынхаа болон МАН-ын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу.
Та бүхэнтэй нэг дор ийнхүү уулзах завшаан тохиосонд хувьдаа ихэд олзуурхаж байлаа. Уулзана хэмээн төлөвлөсний дараа одоогоос 20 жилийн өмнөх зарим түүхэн дурсамж, номыг зориуд эргүүлэн харлаа. Зарим мэдээ, түүхийг бас зориуд энд хэлмээр санагдлаа миний бие. Тухайлбал,
Тухайн үеийн АИХ-ын дарга Ж.Уртнасан гуай: “Их цааз, Үндсэн хууль, Их засаг, Их хууль, Эх хууль гэх мэтээр Үндсэн хуулиа хэрхэн нэрлэх, улсаа Бүгд Найрамдах Монгол ард Улс, Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол Улс гэж нэрлэх асуудлаар 9 хоног элээж, зарим нь бид ерөөсөө хууль баталж чадахгүй нь ээ, хурлаа тараая гэж уриалж байхад ихэнх нь уужуу хүлээцтэй хандаж, харилцан зөвшилцөж, бид заавал Үндсэн хуулиа батлах ёстой гэсэн нэгэн үзүүрт сэтгэлд нэгдэн зүгширч байсан” тухай дурссан байдаг. Тэр үед буюу 1992 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн эхийг нотлох ажиллагаан дээр ийм нэгэн үг хэлэгдэж байжээ.
“... Эцэг өвгөдийн уужуу тайван сэтгэл, ухаалаг тэвчээр, амьдралын их туршлага Та биднийг нэгэн үзүүрт зорилгод нэгтгэж байсны ач буянаар биеийн алжаал, оюуны ядралыг умартан байж их үйлсийг бүтээлээ. Та бид оносон аваас үр ач нар маань баярлан бахархаж, алдсан аваас залруулах эрх тэдэнд маань үлдэх билээ.”
Тийм ээ!
Үндсэн хууль батлагдсанаас хойш даруй 20 он өнгөрчээ. Та бүхэн ард түмнийхээ итгэлийг даан хүлээсэн үүргээ нэн хариуцлагатайгаар биелүүлсэн шүү! гэдгийг энэхүү индэрээс итгэл төгс хэлмээр байна. Та бүхнээр хойч үе баярлан бахархаж байна. Шинэ Үндсэн хууль маань нийгмийн амьдралд утгажаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэхдээ энэ хугацаанд нийгмийн ухамсрын түвшинд, улс орны улс төр, эдийн засгийн амьдралд, өрх гэрийн түвшинд, хувь хүн нэг бүрийн дотор урьд нь байгаагүй, байсан бол биежээгүй байсан олон өөрчлөлтийг бодит хэрэг болгож чаджээ. Тэр бүх өөрчлөлт дэвшилийг би өнөөдөр энд яривал хэдэн цаг биш, хэдэн өдөр ч ярьж чадахаар байна.
Захаас нь дурьдахад л хувьдаа газар, орон сууцтай болсон байна. Хүссэн үедээ гадаад руу чөлөөтэй явах боломжтой болсон байна. Наймаа хийхийг гэмт хэрэгт тооцдог байсан бол энэ нь ариун цагаан хөдөлмөр болж. Ажилсаг хөдөлмөрч бол хэнээс ч дутахгүйгээр сайхан амьдрах үндэс нэгэнт бүрджээ. Төр засгаа хэлтэй амтай ч гэсэн өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ардчилсан зарчмаар сонгодог, бас хариуцлага тооцдог болсон байна. Зөвхөн дарга нар л машин унадаг байсан бол өнөөдөр 5-6 өрх тутмын нэг нь хувьдаа машинтай болжээ. Товчхондоо шинэ Үндсэн хууль бидэнд олон эрхийг бас боломжуудыг нээж өгч чаджээ. Энэ боломжийг Та бүхэн нээж өгөхийн тулд их ч хөдөлмөр зарцуулжээ. АИХ-ын хуралдааны тоймыг харж байхад:
- Та бүхэн 76 өдөр хуралдаж 8 өдөр амрахдаа дунджаар 80 хувийн ирцтэй хуралдаж байж
- Үндсэн хуулийг батлахад 383 депутат давхардсан тоогоор 5147 удаа үг хэлж санал гаргасан бөгөөд ердөө 41 депутат үг хэлээгүй байна
- Нийтдээ 2250 удаа санал хураалт хийсэн бөгөөд 32000/гучин хоёр мянга/ хуудас материалыг архивт өгсөн
- АИХ-ын чуулганы зардал 9,2 сая төгрөг болсон байна.
Та бүхэн үнэхээр “ажилчин зөгий” шиг ажиллаж байжээ. Үүнийг Монголын ард түмэн, хойч үе үргэлж дурсан, бахархах болно гэдгийг баярын энэ өдрүүдэд зориуд хэлэхийг хүсэж байна. Энэ өдрүүдэд Үндсэн хуулийн үзэл санааг жинхэнэ бодит хэрэг болгох, түүний амин сүнсийг хадгалж хэвшүүлэх асуудлыг ч бид анхаарлынхаа гадна бас орхиж таарахгүй ээ. Үндсэн хууль, түүний үзэл баримтлал Монгол хүн бүрийн, өрх бүрийн амьдралд хэвшил болж мөрдөгдөх, хэн нэгний дур зоргын хүслээс хамаарахгүйгээр нийгмийнхээ суурь болж, нийгмийн амьдралын хариуцлагын механизмын идэвхтэй үндэс байхын тухайд төр засаг ч, жирийн иргэн хэн бугайн ч, тэр дундаа Үндсэн хуулийг батлалцсан Та бүхний дуу хоолой, хичээл зүтгэл одоо ч үнэ цэнээ алдаагүй байна.
Шинэ Үндсэн хууль нь хувь хүн өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө хувийн асуудлыг өөрийн удр хүслээр чөлөөтэй сонгож, амьдралаа өөрөө зохион бие даан авч явах боломжийг олгосон. 20 жилийн дараа ч энэ үнэт зүйл хэвээр байна. Гэсэн хэдий ч үүнийг нийгмийн шударга ёсны үнэлэмжээр хэмжиж, хувь хүний эдийн засгийн бие даасан байдлын хэмжүүрээр үнэлж дүгнэх цаг болжээ. Миний бие сүүлийн үед “чинээлэг дундаж давхарга” гэдэг зүйлийг нэлээд ярьж, төр засгийн бодлогын үзүүр чухамхүү үүнд чиглэх ёстойг Засгийн газрын тэргүүний хувьд гол бодлогоо болгож байна.
Нийгэмд шударга ёс алдагдаж байгаа тухай, нийгмийн баян хоосны давхаргад тус тусад нь үйлчлэх ч юм шиг шударга ёс, тэгш эрхийн үзэл санаа хэвшил болж байгааг олон түмэн ярьж, бас шүүмжилж байна. Баялгийн хувиарлалт шударга биш болж, цөөхөн хэд нь илүү их хүртсэн, нийгмийн олонх нь жингийн туухайнаас бага хүртсэн нийгэм рүү явж байгаа юм биш үү гэсэн айдас, болгоомжлол ч их байна. Чухамхүү үүнийг анхаарч засахгүйгээр Үндсэн хууль маань манай нийгмийн үнэт зүйл болж чадахгүй ээ.
Үндсэн хуулийн шударга ёсны зарчим бүх хүнд адил хүрч үйлчлээсэй гэж би хүсэж байна. Үүний тулд иргэдийнхээ эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн суурь хүмүүжил, боловсролд анхаарах, Монголынхоо уламжлалт соёл, заншлыг үнэт өвийг хадгалан хөгжүүлэх, хүн бүр ажил орлоготой, байгалийн баялгаас жигд хувь хишиг хүртэх боломжийг бүрдүүлсэн нээлттэй олон хэвшил бүхий эдийн засгийн бат суурьтай, хэнээс ч хамааралгүйгээр өөрийгөө аваад явчих үйлдвэр, аж ахуйтай эх орныг бий болгохыг өнөөгийн нийгэм, хойч үе маань биднээс хүсэмжилж байна.
Саяхан манай нам улс орноо 2031 он хүртэл хөгжүүлэх“Хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулж дууссанаа ард иргэддээ зарлаж, тэднийхээ санал бодлыг авч боловсронгуй болгох ажлыг энэ өдрүүдэд өрнүүлж байна. Үндсэн хуулийн үзэл санаа тогтвортой мөрдөгдөх учиртай ч гэсэн түүнийг хөгжлийн шинэ шинэ бодлого, зөв төлөвлөлттэй үйл ажиллагаагаар дэмжихгүйгээр хий хоосон зүйл болж хувирна. Тийм ч учраас манай нам улс төрийн хамгийн тулхтай, боловсон хүчний нөөцтэй улс төрийн хүчний хувьд хөгжлийн гарцуудыг эрэлхийлэн манлайлж, улс орноо хөгжлийн шинэ шатанд түүчээлэн гаргах итгэл төгс байгааг Та бүхэнд дуулгая. Манай намаас дэвшүүлсэн Хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр манай улсын ДНБ 2030 онд тухайн оны нэрлэсэн үнээр 237.8 тэрбум ам.доллар болох бөгөөд эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэх юм. Мөн Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2031 онд 60 000 ам.доллар болж, хөгжингүй орон болно.
Ингэхийн тулд бид улс орноо үзэл суртлын маргааны талбар болгох бус, Та бүхний Үндсэн хуулийг батлалцаж байх яг тэр үед баримталж байсан зарчмуудыг иш үндсээ болгож ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл, эвлэбэл бүтнэ гэдэг сургаалыг баримталсан цагт улс орны маань, үр хүүхдүүдийн маань ирээдүй гэрэтлтэй гэгээтэй байх цаг ойрхон байна аа гэсэн билэгтэй ерөөлөөр үгээ өндөрлөе гэж бодож байна аа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай. Сайхан санаа бүхэн биежих болтугай.
Анхаарал тавьсанд баярлалаа.