Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Багануурын сонгогчдыг яагаад дөрвөн тойрогт хуваасныг та бүхэн мэдэх үү

Нийтэлсэн: - 2016/06/14 17:44 - Мэдээ, мэдээлэл , Үйл явдал / Event , Үйл явдал

МАН-аас УИХ-ын сонгуулийн 59, 60, 61, 62 дугаар тойрогт нэр дэвшигчид Багануур дүүрэгт сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Анх 1980 онд Багануурын нүүрсний уурхайг түшиглэн байгуулагдсан Багануур дүүрэг өдгөө Монгол Улсын аж үйлдвэр, эрчим хүчний гол эх үүсвэрийн төв болж, нийт хүн амын тоо 32 мянгад хүрээд байна. Багануур дүүргийн сонгогчид МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдий халуун дотноор хүлээн авлаа. Халуун, дотно гэдэг нь Багануур дүүргийн Соёлын төв өргөөний 500-600 хүний суудалтай хоёр заал дүүрэн хурсан олны алга ташилт, сэтгэл хөдлөлөөс харагдаж байсан юм. Тус дүүрэгт МАН-аас УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд, 59 дүгээр тойрогт Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар, 60 дугаар тойрогт Хуульзүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, 62 дугаар тойрогт Ц.Цогцолмаа нар нэр дэвшиж байгаа билээ.

Мэргэжлийн Засгийн газар байгуулна


УИХ-ын сонгуулийн 61 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Батболд эрх баригч АН-ын хэрэгжүүлсэн буруу бодлогын уршгаар эдийн засаг хямарсан гэдгийг иргэдэд сануулж, улс орны өнөөгийн байдал ямар байгааг сонгогчдод цөөн үгээр тайлбарлав. Тэрээр “АН-ын Засгийн газар өнгөрсөн дөрвөн жил цалин тэтгэврийг 20 мянган төгрөгөөр л нэмж, цагтаа 17.5 хувиар өсч байсан эдийн засаг 0.1 хувь хүртлээ саарч, гадаадын хөрөнгө оруулалт 23 дахин буурч, улсын валютын нөөц шавхагдаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, улсын данс хоосорсноос харж болохоор байна” гэлээ. Дөрвөн жилийн өмнө 1280 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2000 төгрөгт хүрч, Монголын ард түмэн нийтээрээ хямарч, улс орон өрөндөө баригдаж, өнөөдөр нэг Монгол иргэн 14 сая төгрөгийн өртэй, гадаадын өр зээлийн зөвхөн хүүнд жилдээ 970 тэрбум төгрөг төлж байгааг сануулав. Зээлийн хүүнд төлж буй 970 тэрбум төгрөгөөр цалин, тэтгэврийг дунджаар 300 мянгаар нэмж, 1000 цэцэрлэг, 300 сургууль барих мөнгө гэдгийг тайлбарласан. Энэ бүх эдийн засгийн сөрөг үзүүлэлт АН-ын бодлогын алдаа, эрх ашгийн зөрчлөөс үүдэлтэй. МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, өнөөгийн эдийн засгийн хямралаас гарах, төрийн бодлогын алдааг засах туршлагатай, мэдлэгтэй хүмүүсийг сонгож мэргэжлийн Засгийн газар байгуулахад сонгогчдын дэмжлэг чухал гэдгийг онцолж хэлэв.

Багануурт их сургуулиудын хотхон байгуулах шийдвэрээ заавал хэрэгжүүлнэ

Дараа нь, нэр дэвшигчид сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө танилцуулж, Багануур дүүргийн хөгжлийн талаар ярилцав.


Нэр дэвшигч С.Батболд хэлэхдээ “Багануур дүүргийг хотын статустай болгох асуудлыг олон жил ярьж байна. 2012 оны сонгуульд АН Багануур дүүргийг хот болгоно гэж ярьчихаад өнөөдөр харин мартсан байна. Хэлсэн ярьснаа мартаж Багануурын тойргийг дөрвөн хуваасан. Багануурыг яагаад дөрвөн тойрогт хуваасныг та бүхэн мэдэх үү, мэдэж байгаа байх. Товчхон хэлэхэд та бүхний сонголт АН-ынханд таалагддаггүй, МАН-д саналаа өгдөг гэж та бүхний саналыг саармагжуулах гэж дөрөв хуваасан юм. Энэ бол Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Монголын төр ард түмнээ ингэж үзэл бодлоор нь, сонгуулийн санал өгсөн байдлаар нь ялгаварлан гадуурхах ёсгүй. АН-ынхан эрх мэдлээрээ Багануурын сонгуулийн газрыг зургийг өөрчилсөн ч, Багануурынхан та бүхний үзэл бодол, сонголтыг өөрчилж хувааж чадахгүй. Харин Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжиж Багануур дүүргийг хотын статустай болгож хөгжүүлцгээе гэж сонгогчдод уриаллаа.


Мөн тэрээр “миний бие Ерөнхий сайд байхдаа Багануур дүүрэгт их сургуулиудын хотхон байгуулах шийдвэрийг гаргаж байсан. Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулж, их дээд сургуулиудыг Багануур дүүрэг рүү нүүлгэж, дэд бүтэц оюуны жишиг дагуул хот болгох зорилтыг дэвшүүлж байсан юм. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жил энэ бодлогыг тасалдуулж, шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй. УИХ-д дахин сонгогдож, Ерөнхий сайд байхдаа гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэн Багануурт дүүрэгт их сургуулиудын хотхон байгуулж, тус дүүргийг боловсролын, аж үйлдвэрийн хөгжлийн төв болгох ёстой” гэлээ. Түүнчлэн Багануурын уурхайг түшиглэн аж үйлдэврийн парк байгуулах асуудлыг судалж, шийдэрлэх болно гэдгийг сонгогчдод хэлсэн юм.

Ажлын байр бий болговол татвар болон байрны түрээсийг хөнгөлнө

Нэр дэвшигч С.Батболд Багануур дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонслоо. Багануурын нүүрсний уурхайн ажилчдын бээлийг Багануурчууд өөрсдөө үйлдвэрлэж байна. Сард 10 мянган ажлын бээлий үйлдвэрлэх үйлдвэрийг иргэн Амгалан байгуулж, гурван хүнийг ажлын байраар хангаж байгаа аж. Мөн Багануурын уурхайн ажилчдын хувцасыг нөхөрлөл, хоршоо хэлбэрээр 20-25 оёдолчин дотооддоо оёж байна. Жилдээ нийт 150-160 сая төгрөгөөр уурхайн ажилчдын хувцасыг Багануурчууд дотооддоо үйлдвэрлэж байгаа юм байна.


Үйлдвэр эрхлэгч Чанцал сургуулийн дүрэмт хувцас, үндэсний дээл хувцас оёдог бөгөөд дөрвөн хүнийг ажлын байраар хангадаг байна. Тэрээр хэлэхдээ цаашид бараа бүтээгдэхүүнээ хямд үнээр авч ашигтай ажиллавал 40 хүнийг дороо сургаж, ажлын байраар хангах боломжтой гэдгийг хэлсэн. Захаас бараа татах гэхээр НӨАТ-ын баримт олгохгүй байгаа учраас үнэтэй зардаг дэлгүүрээс материалаа татаж ашигтай ажиллаж чадахгүй байгааг хэлж байв.


Энэ үеэр нэр дэвшигч С.Батболд жижиг дунд бизнес эрхлэгчдэд хандаж “МАН-ын мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчдийг дэмжих олон заалт тусгасан. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдийн эргэлтийн хөрөнгөд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Мөн ажлын байр олноор бий болгож буй аж ахуйн нэгж, иргэнд татварын хөнгөлөлт үзүүлж, ажлын байрны түрээсээс хөнгөлөх нөхцөлийг бүрдүүлэхээр тусгасан байгаа” гэдгийг онцолж хэллээ.

Ахмад дайчныд зочилж, хүндэтгэл үзүүллээ

Бизнес эрхлэгчидтэй уулзсаны дараа ахмад дайчин, С.Намхай гуайнд зочилж, хүндэтгэл үзүүлэв. С.Намхай гуай өдгөө 95 насыг зооглож байгаа ч хөл хөнгөн, ухаан саруул, цэцэн үгтэй өвөө байв. С.Намхай гуай дайнд оролцож байсан түүхээсээ нэр дэвшигчтэй хуучилж, дараагаар нь С.Батболдыг УИХ-д заавал дахин сонгогдож, Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс гаргахыг хүслээ.


Дараа нь нэр дэвшигч С.Батболд Багануур дүүргийн тавдугаар хорооны иргэдтэй уулзаж санал бодлоо хуваалцлаа. Энэ үеэр тус дүүргийн иргэн Мягмар гэр хорооллын иргэдийг хашаандаа байшин барих нөхцөлөөр хангаж, залуусыг ажлын байртай болгох ямар ажлыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасныг нэр дэвшигчээс асуусан юм. Нэр дэвшигч С.Батболд хариулахдаа, МАН-ын мөрийн хөтөлбөрт гэр хорооллын иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхийн тулд хашаандаа амины орон сууц баривал бага хүүтэй ипотекийн зээлд хамруулахаар тусгасан байгаа гэлээ. Өөрөөр хэлбэл, хашаандаа амины орон сууц барьж буй иргэдийг дэмжиж бага хүүтэй зээлд хамруулах боломжийг нээнэ гэдгийг хэлж байв. Харин ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд аж ахуйн нэгжийг дэмжиж, татвараас хөнгөлж, төрөөс хувиараа бизнес эрхлэх зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэдгийг сонсогчдод хэллээ.

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах