Сүхбаатарын Батболд Batbold Sukhbaatar

RSS Feed Facebook Twitter YouTube Wikipedia

С.Батболд: Би ч гэсэн Facebook, Twitter-ийг ард түмнийхээ санаа бодлыг сонсох, залуусыхаа хүсэл эрмэлзлийг ойлгох гүүр болгон ашигладаг

Нийтэлсэн: - 2011/05/24 21:28 - Мэдээ, мэдээлэл , Хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөлгөөнийг нээж хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,  

Хатагтай ноёдоо,  

Та бүхэнд, Монгол Улсад мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Орчин үеийн мэдээлэл, шуудан, харилцаа холбооны шинэ үеийн түүх 90 жилээр хэмжигдэж байна. Гэвч бидний өвөг дээдэс өртөө улаагаар дамжуулан энэ салбарын эх суурийг олон зууны өмнө тавьж хүн төрөлхтний хувьд анхдагч болсон гайхам уламжлал бидэнд байгаа. Олон зууны өмнө бидний өвөг дээдсийн эх суурийг тавьсан энэ салбар өргөжин тэлж хил хязгааргүй болж хөгжлөө.

Монгол улсын хувьд ч Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбар нь хамрах хүрээ, хөгжлийн хурдаараа бусад салбараа тэргүүлж байгаа билээ. Энэхүү манлайлал нь мэдээлэлжсэн нийгмийг бий болгоход оршиж байна. Мэдээллийн өндөр технологийг нэвтрүүлснээр төрийн бодлого, үйлчилгээг хурдан шуурхай болгох, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ажилгүйдлийг багасгах, худалдааг хөнгөвчлөх,  мэдээллийн ил тод нээлттэй ажиллагааг бүрэн хангах, хүнд сурталыг бууруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ардчиллын боломжууд  улам нэмэгдэж баталгаажих юм. Ийм боломжуудыг бий болгож бэхжүүлэхийн төлөө манай Засгийн газар ажиллаж байна. 

 

1955 онд зохион байгуулагдсан харилцаа холбооны салбарын Улсын анхдугаар зөвлөлгөөнөөр тус салбарын талаар баримтлах нэгдсэн суурь бодлого, төлөвлөгөө шаардлагатай  байгаа талаар хэлэлцэн шийдэлд хүрч байсан.  Уг зөвлөлгөөнөөс гаргасан бодлогын баримт бичгийн дагуу хөдөө орон нутаг сум суурин газарт холбооны үйлчилгээг хүргэх их аянг эхлүүлэн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, үндэсний мэргэжилтэй боловсон хүчний асуудалд анхаарсан нь орчин үеийн хөгжлийн эх суурь болсон юм. Харин улсын анхдугаар зөвлөлгөөнөөс хойш 40 жилийн дараа энэ салбарын үндсэн сүлжээг аналоги технологиос тоон технологид шилжүүлэх ажил эрчимтэй хийгдэж,  суурин телефоны холболт, хот хоорондын дамжуулах системүүд, хотын кабель шугамын байгууламжуудыг иж бүрэн шинэчиллээ.   

Өнөө үед харилцаа холбооны салбарыг либералчилах асуудал зайлшгүй тавигдаж байна. Энэ зорилгоор шударга өрсөлдөөн, зохицуулалтын бие даасан тогтолцоог бий болгох үүднээс Харилцаа холбооны зохицуулах хороог одоогоос 15 жилийн өмнө байгуулсан. Харин 2004онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг бие даан байгуулсан зэрэг нь энэ салбарт ач холбогдол өгч хөгжлийн хурдыг түргэтгэж өгсөн гэж хэлж  байна. Бид тэргүүлэх салбарынхаа хөгжлийг түргэтгэхийн тулд хууль эрх зүйн асуудалд ч ихээхэн анхаарах ёстой. Тиймээс харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт өөрчлөлтийг цаг тухай бүрт нь оруулж ирсэн. Цаашид ч цаг үеийн шаардлагын дагуу тодорхой өөрчлөлтүүдийг хийж хэрэгжүүлэх ёстой. Мөн хуулийн дагуу мэдээллийн эрх чөлөөг хангах нь илүү нээлттэй, илүү бат бэх ардчиллын үндэс суурь болно.

Манай улс өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээний  хувьд дэлхийн дунджаас доогуур байна. Гэсэн хэдий ч амжилт бахархал энэ салбарт олон байгааг 90 жилийн түүхэн ойн босгон дээр онцлон тэмдэглэх ёстой. Гар утасны нэвтрэлтийн түвшин 90 хувиас илүү болж  ярианы үйлчилгээ дэлхийн дунджаас дээгүүрт хүрлээ. Мөн үүрэн телефоний оператор компаниуд үйл ажиллагаандаа “ISO-9001” Олон улсын стандарт болон үйлчилгээний салбарт шинэчлэл авчрах Сингапурын “Service Excellence” стандартыг нэвтрүүллээ. Харилцаа холбооны энэ салбараас нийгмийн хариуцлага, татвар төлөлтөөрөө бусдадаа үлгэр дууриал үзүүлсэн олон аж ахуйн нэгж төрөн гарлаа. Үйлчилгээ үнэ тарифын хувьд ч олон нийтийн сэтгэлд нийцлээ. Мэдээлэл технологийн салбарт монгол хүний ур ухаан дэлхийн түвшинд үнэлэгдэж байна. Yahoo,Google,Microsoft, Facebookгээд мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний компаниудад монгол залуус ажиллаж ур ухаанаараа бусадтай өрсөлдөж чадаж байна. Энэ бүхэн мэдээлэл технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх ирээдүй манай улсад байгааг харуулна.  

 

Улс орныхоо ачаанаас үүрэлцэж, эрчимтэй хөгжиж, манлайлал үлгэр дууриал болж байгаа энэ салбарын улсын зөвлөгөөнөөр олон асуудлыг  та бүгд хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Орчин үед мэдээллийн эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж, технологийн хөгжил ч үүнийг даган хурдасч богино хугацаанд ихээхэн хөрөнгө оруулалттай техникийн шинэчлэл хийхийг шаарддаг боллоо. Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд компьютер болон интернэтийн хүртээмжийг дээшлүүлж, гар утасны хэрэглээг эрс нэмэгдүүлж чадсан. Цаашид айл бүрт шилэн кабель, хүн бүрийг утасгүй интернэттэй болгохын төлөө ажиллах ёстой.  

Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компанийн тоо олон ч гэсэн хэрэглэгчдэд үзүүлж буй хурд, чанар, зохицуулалтын орчин ч сайнгүй байгааг анхаарах нь зүйтэй. Энэ зөвлөгөөнөөр уг асуудлаар тодорхой зорилго чиглэл тавигдана гэдэгт итгэлтэй байна. Улс орны тэргүүлэх ач холбогдол бүхий салбаруудын мэдээллийн технологийг тэргүүн ээлжинд  шинэчилж байх ёстой. Мэдээллийн технологийг боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л салбарт  ашиглах талаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна. Жишээ нь, эмчийн хүрэлцээ муутай байгаа хөдөө орон нутгийн иргэдийг зайнаас оношлох эмчлэх тогтолцоог бүрдүүлэх нь бидний холын биш ойрын зорилт болох ёстой. 

Бид дэлхийн даяаршлын үед үндэсний соёл, боловсролыг контент буюу агуулгаар дамжуулан  системтэйгээр хөгжүүлэх, дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Мэдээллийн технологийг нэвтрүүлснээр хүн амын амьдралын чанар, түвшин дээшлэх учиртай. Бас улс орны хөгжлийн боломжуудыг хангаж өгнө. Энэ бол 90 жилийн түүхтэй салбарынхны хийх ёстой ажлын нэг хэсэг гэж ойлгож байна. Сүүлийн үед мэдээлэлжсэн нийгэм, хавтгай дэлхий гэж их ярих боллоо. Өөрөөр хэлбэл, бидний аж амьдрал, мэдээллийн хүртээмж нь хайлтын системийг хэрхэн бүрэн дүүрэн, зөв ашиглаж байгаагаас ихээхэн хамаарч байна.

Улс төрийн дэглэм нь ямар байхаас үл хамааран улс орнууд өөрсдийн хайлтын системийг зориуд дэмжин ажиллаж байгааг бид анхааралтай ажиглах, давуу боломжуудыг нэвтрүүлэх бэхжүүлэх хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэвэл манай хоёр хөрш маань Google-ийг бус өөрийн хайлтын системийг түлхүү ашиглаж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Интернэтийн хайлтын систем нь тухайн улсын шинжлэх ухааны ололт дэвшлийн нэг томоохон илрэл юм. Энэ хандлагыг та бүхэн ойлгож бодлого шийдвэртээ тусгана гэдэгт итгэж байна.   

Монголын залуучууд нийгмийн сүлжээ буюу Facebook, Twitter зэргийг  өргөнөөр хэрэглэдэг боллоо. Би ч гэсэн Facebook, Twitter-ийг өөрийн бодлого үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх, ард түмнийхээ санал бодлыг сонсох, залуусынхаа хүсэл эрмэлзлийг ойлгох гүүр болгон ашиглах ёстой гэж үздэг.  Сүүлийн үеийн мэдээллээр 160000 орчим монголчууд Facebook ашигладаг гэсэн тоон судалгаатай танилцлаа. Энэ бол Монголчууд тэр дундаа залуучууд маань шинэ соргог зүйлд хурдан дасан зохицдогийн нэгэн жишээ юм.

Хэдийгээр интернэт нээлттэй, хил хязгааргүй мэт боловч хувь хүний, байгууллагын, улс орны нууц, халдашгүй, аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр нөлөө үзүүлж болзошгүй юм. Гэхдээ Facebook, Twitter гэх мэт нийгмийн сүлжээнүүдийг хаах, хориглох явдал байж болохгүй. Учир нь нийгмийн сүлжээ нь манай улс оронд иргэний сэтгүүл зүй, ардчиллыг, олон ургалч үзэл бодлыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь бид үүний давуу болон сул талуудыг мэдэж байх, зөв ашиглах, зөв нутагшуулах явдал туйлаас чухал юм.

Бид улс орондоо бүртгэл мэдээллийн үл үзэгдэх томоохон дэд бүтцийг барьж байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү дэд бүтцийг зөвөөр барьж байгуулж чадвал аливаа үйлчилгээ худалдааг гэрээсээ худалдан авах боломжууд төгс хэлбэрээрээ бүрдэнэ. Гар утасны үйлчилгээ, хэрэглээ ч гэсэн иргэн бүрт ижил тэгш болгох талаарх бодлого, дэмжлэг хэрэгтэй байна.

Мэдээллийн технологийн орчин үеийн үсрэнгүй хөгжлийг дагаад боловсон хүчний асуудал ч бидний анхаарлын төв байх ёстой. Бид техник технологийн хөгжлийн тухай ярихаасаа илүү боловсон хүчнийхээ хөгжлийн тухай ярьдаг болмоор байна. Тиймээс мэдээллийн технологийн боловсролыг олгодог тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын тогтолцооны талаар ч гэсэн та бүхэн  ярьж зөвлөлцөх байх аа. Орчин үеийн шинэ технологи, инновацийг хөгжүүлэх санхүүжилтийн олон арга замууд байгааг, АНУ, Европын холбоо, Япон зэрэг технологи хөгжсөн орнуудын туршлагыг судалж хэрэгжүүлэх хэрэгтэй.

Өнөөдрийн уул уурхайгаас хэт хараат болж буй Монголын эдийн засгийг төрөлжүүлж зөөлөн буюу технологийн дэд бүтцийн хөгжил нөлөөлөл үзүүлдэг болгох бодлого чухал байна. Энэ асуудлаар ч гэсэн та бүхнийг бодлогоо тодорхойлоход хувь нэмрээ оруулна  гэдэгт итгэж байна. Программ хангамжийн үйлдвэрлэл, үйлчилгээг өргөнөөр нэвтрүүлснээр мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлэх нөхцөл бололцоо бүрдэх юм. Ийм учраас энэ удаагийн Улсын зөвлөлгөөнөөр Монгол улсад уг салбарыг хөгжүүлэх зөв бодлогыг тодорхойлох ёстой гэж би хувьдаа ойлгож байна.

Өнгөрсөн жил та бүхний төлөөлөлтэй уулзахдаа орчин үеийн жишиг стандартад нийцсэн Силикон Ваалий-Цахиуран Хөндийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн кампустай уялдуулан байгуулах  төсөл санаачилга гаргаж ярилцсан . Өнөөдөр энэ ажлын явц, та бүхэн үүрэг оролцооныхоо талаар санал солилцож ажлыг түргэтгэх талаар нэгдсэн шийдвэр гарган хамтран хөгжүүлэх талаар ярилцана  гэдэгт итгэж байна. Бид мэдээллийн кластерийг хөгжүүлж байж энэ салбараа бүрэн бэхжүүлнэ. Мөн мэдээллийн кластерийг европын стандартын дагуу хөгжих гэж буй хөрөнгийн зах зээлтэй уялдуулахад анхаарах хэрэгтэй байна. Тиймээс та бүхнийг хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж, энэ чиглэлийн сандарт туршлагад тулгуурласан шинэ бодлогыг бий болгон хэрэгжүүлэх талаар санал бодол байр сууриа илэрхийлэхийг хүсье.

Манай мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбар, түүний хамт олны өмнө хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээг бусад салбарт нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх, уялдуулах, салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөдөө, орон нутагт үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлж ижил тэгш болгох зэрэг олон чухал зорилтууд тавигдаж байна. Бодлогоо зөв тодорхойлж, гарцаа олж амжилттай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.  

Та бүхнийг Улсын зөвлөлгөөний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, эх орныхоо  хөгжилд хэрэгтэй чухал санал, санаачилгыг  гаргаж хэрэгжүүлэхийг хүсье. Монгол Улсын мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарыг  өөрчлөн шинэчилж, өргөжүүлэн хөгжүүлж нийгмийн салбар бүрт хүрч үйлчилдэг болгоё.   

            Мэдээлэл, Харилцаа, Холбооны Улсын зөвлөлгөөнийг нээснийг мэдэгдье!

                                  Анхаарал тавьсанд баярлалаа

Prime Minister S.Batbold

УИХ-ын гишүүн С.Батболд иргэд, сонгогч та бүхэнтэй тогтмол холбоотой ажиллаж, таны санал бодлыг өөрийн үйл ажиллагаанд тусгаж, харилцан мэдээлэл солилцож ажил­лахыг чухалчилж байна.

Бусад цахим хуудсууд

Шинэчлэлийг мэйлээр авах