С.Батболд: Бодитой хамтын ажиллагаа бүх салбарт өгөөжөө өгнө
“Өмнө нь хийж бүтээснээ бататгаж, цаашид илүү ихийг хийх бодлогыг хамтдаа хэрэгжүүлэх ёстой. Бодитой хамтын ажиллагаа зөвхөн газар тариалан гэлтгүй бусад бүх салбараар дамжин улс орны хөгжилд хамгийн их өгөөжөө өгнө. Бодлого, зохион байгуулалт нь зөв, талуудын хамтын ажиллагаа, оролцоо сайн байвал ямар ч ажлыг хийж болдог гэдгийг бид “Атрын IIIаян”-аар харуулсан” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэв.
Тэрээр Тариаланчдын III чуулганд оролцож байгаа төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ ингэж онцолсон байна. Төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, тариалан эрхлэгчдийн хамтын хичээл, зүтгэлийн дүнд “Атрын III аян”-ыг амжилттай хэрэгжүүлж тавьсан зорилгоо биелүүлж чадсан. Цаашид үндэсний үйлдвэрлэл, газар тариалангийн салбараа улам хөгжүүлэхийн тулд НӨАТ болон импортын татварт анхаарах, өгч байгаа урамшууллын нэр төрлийг нэмэгдүүлэх, техник, технологоо шинэчлэх, эргэлтийн хөрөнгөөр дэмжих зэрэг шаардлагатай арга хэмжээ авахад анхаарна гэж Засгийн газрын тэргүүн тариаланчдад амаллаа.
Гэхдээ нөгөө талдаа тариалан эрхлэгчид өөрсдөө хариуцлага хүлээж, аюулгүй, эрүүл хүнсээр иргэдээ хангах, өрсөлдөх чадвартай байх ёстойг тэрээр онцгойлон анхааруулж зарим улсын ололт, амжилтаас дурдав. Тухайлбал Канадын хамгийн хүйтэн гэгддэг нэг муж гэхэд л төмсний үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг бөгөөд төмснийх нь чанар дэлхийд хамгийн сайнд тооцогддог, Арабын Нэгдсэн Эмират Улсад өрх бүр үйлдвэрлэгч байдаг зэргийг Ерөнхий сайд жишээ болгоод гадны улс орнуудын туршлагыг судлаж, боломжтойг нь өөрийн орны онцлог, нөхцөлтэйгээ уялдуулан нутагшуулахад анхаарахыг зөвлөв.
Засгийн газраас зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлж байгаа энэ үед үүнд бэлэн байгаа эсэх, чадавхи, хариуцлагаа сайжруулах гээд олон асуудлыг чуулганаараа хэлэлцэн тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Тэрээр тариаланчдад хандаж үг хэлснийхээ дараа “Атрын IIIаян”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ХХААХҮЯ, Монголын Тариаланчдын холбоо, Сэлэнгэ, Төв, Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газарт Засгийн газрын өргөмжлөл гардуулж баяр хүргэв.