С.Батболд: Европын холбооны гишүүн орнуудын туршлагыг судлах хэрэгтэй байна
Европ стандартыг эх орондоо нутагшуулах ажлыг эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэрээ өглөө. Тус ажлын хэсэг нь Монгол Улсад Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах үүрэгтэй юм.
Хуралдаанаар ажлын хэсгээс боловруулсан төлөвлөгөөний төслийг хэлэлцээд Ерөнхий сайд болон зарим сайд нарын саналыг тусгаж сайжруулахаар боллоо. Социалист замаар замнаж асан зүүн Европын орнууд тухайлбал, Болгар, Унгар, Румын, Чех, Словак, Польш зэрэг улсууд Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг өөрсдийн оронд амжилттай хэрэгжүүлснээр тус холбооны бүрэн эрхэт гишүүн болсон. Европын холбооны гишүүн болоход улс орнуудаас хамгийн түрүүнд тус холбооны стандартыг нэвтрүүлсэн байхыг шаарддаг.
Манай улс эдгээр улстай уламжлалт харилцаатай, нэгэн үе нийгмийн ижил системтэй байсан учраас Европын холбооны стандартыг нэвтрүүлэхэд эдгээр улсуудын туршлагыг судлах учиртай юм гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тайлбарлаад “Эдгээр улс орнууд ч манайд туслахад бэлэн байгаа” гэдгийг онцоллоо.
Мөн манай улс Европын холбоотой түншлэл хамтын ажиллагааны гэрээ байгуулж байгаа. Энэ гэрээнд бидний энд яриад буй Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар тусгай бүлэг бий. Европын холбоо үүнийг бүрэн дэмжиж байгаа. Тиймээс энэ төлөвлөгөөгөө дахин боловсруулаад ажлаа яаравчлахыг Ерөнхий сайд С.Батболд даалгалаа. Тус ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг даргалдаг бөгөөд түүний нарийн бичгийн даргаар Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишигийг ажиллуулахаар тогтлоо