С.Батболд: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана
Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг манай улс Үндсэн хуулиндаа тунхагласан. Энэхүү тунхаглалыг хэрэгжүүлэх зорилгоор 1997 онд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийг батлан хэрэгжүүлж ирлээ. Уг хуулийг баталсан 1 дүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон зарласан. Энэхүү түүхт өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан эх орондоо иргэний нийгмийг бэхжүүлэх их үйл хэрэгт сэтгэл зүтгэл гаргаж ирсэн иргэний нийгмийн төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагыг санаачлагчид, түүнд ажиллаж ирсэн бүх хүмүүст баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Иргэний нийгмийн өдөр бол иргэдийн эрх ашиг, нийгмийн сайн сайхан, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийнхний төдийгүй иргэн бүрийн баярын өдөр билээ. Иргэний нийгмийн байгууллагууд иргэд төр засгийг хооронд нь холбож өгөхөөс гадна төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сайн засаглалыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын удирдлага, лидерүүд нь нийгэм олон нийтэд танигдаж улс орныхоо өмнө тулгамдаж буй асуудлуудыг харж, хөндөж, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь манай нийгмийн том үнэт зүйлс юм. Энэ утгаараа иргэний нийгмийг бэхжүүлэх, баталгаажуулах нь бидний бодлого, зорилт байх учиртай. Өнгөрсөн 20 жилд бид ардчилсан нийгмийг байгуулж чадлаа. Харин ирэх 20 жилд ардчиллын институцуудыг төлөвшүүлэх, түүний дотор иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана. Манай улсад энэ оны эхний байдлаар 12000 орчим төрийн бус байгууллагууд бүртгэгдэж олон салбарт үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Иргэний нийгмийн байгууллага сайн хөгжиж бэхэжсэн, иргэдийн оролцоог бүх салбарт бий болгосон улс орны бодлого зөв байдаг. Ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж ирлээ. Засгийн газрын тэргүүний хувьд иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, үйл ажиллаагааг нь өргөжүүлэх талаар олон ажлыг хийж, хэрэгжүүлж ирлээ. Сайдууд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өөрсдийн хариуцдаг салбарын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, санхүүжилт өгөх талаар үүрэг даалгавар өгөн хэрэгжүүлж байна. Иргэний нийгмийн хяналтын тогтолцоог төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжид бий болгох санаачилгыг анх удаа гарган хэрэгжүүлж ирлээ. Мөн төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэхээр иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын санал, санаачилгыг Засгийн газар судлан үзэж холбогдох шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр бэлтгэж зарим эхлэлүүдийг тавилаа. Засгийн газраас төрийн бус байгууллагыг бэхжүүлэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар олон удаа хэлэлцүүлэг өрнүүлж бүх талуудын санал санаачилгыг тусган хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Цаашид иргэний нийгмийн байгууллагын өмнө тулгамдаж буй санхүүжилт, татвар, хууль эрх зүйн ээлтэй орчин бүрдүүлэх, иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлогын үзэл баримтлалыг боловсруулах хамтын ажиллагаанд шинэчлэлийн бодлого явуулахад анхаарна. Баярын энэ өдөр иргэний нийгмийн асуудлаар Засгийн газартай хамтран ажиллаж ирсэн Иргэний нийгмийн зөвлөлд ч мөн талархаж байгаагаа илэрхийлье. Улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, сайн засаглалыг бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэний хяналтыг бий болгоход иргэний нийгмийнхний идэвх санаачилга, хичээл зүтгэл чухал үүрэгтэйг ухамсарлаж, ололт амжилтаа бататгаж ажиллахыг хүсье. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 1 дүгээр сар 31