С.Батболд: Иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог юм
Ерөнхий сайдын “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого” сэдэвт иргэний нийгмийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтанд хэлсэн үг
Иргэний нийгмийн төлөөлөгчид өө,
Та бүхний амрыг айлтгаж, саяхан Монгол даяараа ёслон тэмдэглэсэн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газар төрийн гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, та бүхэн улс орноо гэсэн чин сэтгэлт зон олны сайн дурын нэгдэл, эх оронч, иргэнлэг ардчилсан байгууллагын төлөөлөгчид билээ. Иймээс эв зохицол, элгэмсүү зөөлний билэгдэл болсон туулай жилийн эхэнд шинийн наймны билэгт сайн өдөр та бүхэнтэйгээ уулзаж байна. Энэхүү уулзалт монголын уламжлалт ухаалаг сэтгэлгээгээр бол арга билгийн нэгдэл буюу төр-иргэний харилцааны ажил хэрэгч уулзалт юм.
Бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг зорьж буй ард түмэн. Нийгмийн ардчилал, иргэний оролцоог эрхэмлэсэн Үндсэн хуулийн үзэл санааны дагуу 1997 онд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийг батлан хэрэгжүүлж байгаа нь ардчиллын томоохон ололтын нэг билээ.
Манай улсын ардчилсан өөрчлөлтийн хорин жилийн нэгэн чухал ололт нь иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил, төлөвшил, чадавхи, үйл ажиллагааны үр дүн байсан төдийгүй ардчилсан нийгмийн илэрхийлэл, ардчиллын цаашдын хөгжлийн баталгаа, суурь болно. Тиймээс Монгол Улсад иргэний нийгмийг хөгжүүлэх, иргэдийн санал санаачлагын олон хэлбэр, бүтэц, арга барил тогтон хөгжиж байна. Иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагынхан улс орны эдийн засаг, нийгэм, улс төрд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болсон төдийгүй ажил олгогч, ажлын байр бий болгодог, иргэний оролцоог хангадаг салбар гэдэг утгаар нь авч үзэх цаг болсон.
Хамгийн сайн санал, санаачилга, шийдэл жирийн ард иргэдийн ухаанаас ундаргатай. Тиймээс иргэдийнхээ санаа бодол, санал санаачилгыг үйл ажиллагаа, шийдвэртээ тусгахыг илүүд үзэж, иргэний нийгмийг төлөвшүүлэхийн төлөө анхаарч ажиллах нь төрийн үүрэг мөн. Гэхдээ иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог. Энэхүү эрх зүйн орчин нөхцлийг нь бүрдүүлж, баталгаажуулах талаар бид хамтран ажиллах ёстой.
Иргэний нийгэм бол иргэд, төр засгийг хооронд нь холбож өгөхөөс гадна төр засгийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэддээ үр өгөөжөө өгөх сайн засаглалын шаардлага хангасан стандартаар ажиллахад онцгой үүрэгтэй. Энэ утгаар нь иргэний нийгмийг хөгжүүлэх, тогтолцооны хувьд бэхжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр манай иргэний нийгэмийнхэн төрөөс ил тод, шударга, нээлттэй байдлыг шаардаж байгаа нь зүй ёсны асуудал гэж хүлээн авдаг.
Миний бие Засгийн газрын тэргүүний хувьд Европын холбооны стандартуудыг нийгмийн салбар бүрт нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж ирлээ. Энэ бодлого зорилт иргэний нийгмийн байгууллагын хүрээнд ч бас яригдах ёстой. Төв болон Зүүн Европын улс орнууд бодлогынхоо үйл явцад төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодыг оролцуулах шинэчлэлийг хурдацтай хийж байгаа туршлагаас суралцах хэрэгтэй. Эдгээр орнуудын туршлагаас харахад иргэний нийгмийг бэхжүүлэхэд туслах төрийн албан тушаалтанг бий болгох, төрийн бус байгууллагын харилцаа хамтын ажиллагааг тодорхой болгосон үндэсний хөтөлбөр, бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлэх замаар иргэдийн сайн дурын нэгдлийг дэмжиж байна.
Олон улсын стандартаар авч үзвэл Иргэний нийгмийн байгууллагыг бүтэц, орчин, үнэт зүйлс, үр нөлөө гэсэн 4 гол хэмжигдэхүүнээр нь судлан авч үзэж, чиг баримжаа, зорилтыг нь үнэлдэгийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Харин манай иргэний нийгмийн байгууллагынхан эдгээр хэмжигдэхүүнээр өөрсдийгөө ч гэсэн үнэлж дүгнэх цаг болсон. Иргэний нийгэм нь өөрөө иргэний болоод ардчиллын өндөр соёлтой байх учиртай. Иргэний нийгмийн байгууллага нь сайн төлөвшсөн гэгддэг Филлипин Улсад “Төрийн бус байгууллагуудын ёс зүйн дүрэм”-ийг батлан мөрдүүлдэг туршлага бий. Бид бүгд өөр өөрсдийн үнэлэмж хандлагатай, үзэл бодол байр суурь маань ялгаатай ч гэсэн түүнээ ойлгон бие биенээ хүндэтгэн зэрэгцэн орших явдлыг эрүүл ардчилсан нийгмийн үндсэн шинж гэж үздэг. Бүрэлдэн төлөвшиж байгаа энэхүү орчин нөхцлийг цаашид баталгаажуулан бэхжүүлэх нь Та бидний хамтын ажиллагааны зарчим болох учиртай.
Өнөөдөр манай Иргэний Нийгмийн байгууллагуудын өмнө тогтсон санхүүжилт байдаггүй, татварын ээлтэй орчин бүрдээгүй, үйл ажиллагаа нь зөвхөн төсөл, хөтөлбөр зэргээр хязгаарлагддаг, нийслэл хотод хэт төвлөрсөн хэрнээ амьжиргааны түвшин доогуур, боловсрол багатай иргэдийн оролцоо төлөөлөл бага зэрэг олон бэрхшээл байгааг хэлэх ёстой.
Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг үүсгэн байгуулах эрх иргэн бүрт нээлттэй байгаа. Үр дүнд нь Монгол улсын хэмжээнд 12.000 орчим төрийн бус байгууллага, 60 орчим мэргэжлийн холбоод үйл ажиллагаа явуулж ирлээ. Үүнээс татварын тайлангаа өгдөг 178 төрийн бус байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа байна. Энэ баримт иргэний нийгмийн хөгжлийг харуулсан нэгэн үзүүлэлт юм. Харин эдгээр төрийн бус байгууллагуудын маань төлөвшил ямархуу байна вэ? гэдэг асуудал анхаарал татаж ирлээ. Иргэний нийгмийн байгууллагууд гэж зөвхөн төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодоо ойлгосоор байх уу? Өргөн дэлгэр хүрээнд үүнийг яаж томъёолох вэ? Иргэдийн сайн дурын санаачлагууд, бие даан үйл ажиллагаа явуулж буй тогтсон бүтэцгүй үйл ажиллагаанууд, сонирхлын клубууд, иргэний хөдөлгөөнүүдийг аль ангилалд оруулах вэ? гээд эрх зүйн хувьд төлөвшүүлэх олон асуудал амьдралаас урган гарч байгааг анхаарах ёстой. Уг нь “Иргэний нийгэм” хэмээх ойлголтод төрийн бус бүтцийг, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллага, олон нийтийн сайн дурын үүсэл санаачилгын бүхий л байгууллагыг хамруулан ойлгодог билээ.
Улсын бүртгэлийн газар бүртгэлтэй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ, нөлөөллийн орчин харилцан адилгүй байна. Зарим нь байгуулагдснаасаа хойш нэг ч үйл ажиллагаа явуулаагүй байхад зарим нь тодорхой чиглэлээр мэргэшин чадваржиж, олон нийтийн зүгээс ихээхэн дэмжлэгтэй болжээ. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах, хүний эрхийг хангах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах, спорт, соёл урлагийг хөгжүүлэх, жендерийн эрх тэгш байдлын асуудлаар сайн ажиллаж байна. Гэвч үйл ажиллагааны цар хүрээ, түүнийг нь үнэлэх шалгуурын орчин, орлогын эх үүсвэр, төрийн бус байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нарийвчилсан тоо, олон нийтийн санаа бодолд төдийгүй эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаарх тоймтой судалгаа байхгүй байна. Энэ нь 2005 оноос хойш Монголын Иргэний нийгмийн байгууллагуудын индексийг үнэлж дүгнэсэн иж бүрэн судалгаа хийгдэж байгаагүйтэй ч холбоотой. Тиймээс цаашид ийм төрлийн судалгаа хийлгэх нь Засгийн газар иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах бас нэг чиглэл болох ёстой.
Иргэний нийгмийн эрхэм төлөөлөгчид өө,
Манай хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөр зорилтоо хэрэгжүүлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллахыг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал, Засгийн газар 2008 онд “Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах тухай” тогтоол гаргаж, иргэний нийгмийн зөвлөлтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн жил Засгийн газар, Иргэний нийгмийн зөвлөл хамтран “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого” чуулга-уулзалтыг зохион байгуулж тодорхой асуудлуудыг хөндөж ярилцсан. Мөн Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцэн зохих шийдвэрүүд гаргасан. Тухайлбал 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хийх бэлтгэлийг хангаж, Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгасны дагуу тодорхой ажлууд хийгдэж байна. Засгийн газар 2010 онд “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэний нийгмийн зөвлөлүүдэд албан бичиг явуулж, саналуудыг нэгтгэн боловсруулж үйл ажиллагаандаа тусгаж ажилалаа.
Миний бие Засгийн газрын гишүүддээ салбарын иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллах үүрэг, чиглэл өгсөөр ирсэн. Түүний дагуу яамдууд улс орны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төсвийн гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгаль орчныг хамгаалах, хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгааллыг сайжруулах, уул уурхайн салбарын хөгжилд хяналтын тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан тодорхой санхүүжилтийн асуудлыг шийдэж ирлээ.
Тухайлбал, 2010 онд:
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам 17 төрийн бус байгууллагатай 94.0 сая төгрөгийн,
- Байгаль, орчин аялал жуулчлалын яам 40 орчим төрийн бус байгууллагад 134.0 сая төгрөгийн,
- Боловсрол, соёл шинжлэх ухааны яам 156.2 сая төгрөгийн,
- Эрүүл мэндийн яам 38 иргэний нийгмийн байгууллагуудад 300 сая төгрөгийн,
- Сангийн яам 4 төрийн бус байгууллагад 38 сая төгрөгийн,
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 235.6 сая төгрөгийн санхүүжилтийг төрийн бус байгууллагуудад өгч гэрээгээр ажил гүйцэтгүүлсэн тухай тайлан мэдээ ирүүлсэн.
Мөн аймаг, нийслэлийн засаг дарга нарт ч орон нутгийн төрийн бус байгууллагуудыг бэхжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу Өвөрхангай аймаг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт шинжилгээ хийлгэх ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг тогтмолжуулж байгаа бол Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар төсвийнхөө гүйцэтгэлд Нээлттэй нийгэм форум, бусад төрийн бус байгууллагуудтай хамтарч мониторинг хийсэн гээд тодорхой эхлэлүүд байна. Энэ бүх эерэг эхлэлүүд хангалтгүй учир тогтмолжуулан өргөжүүлэх нь чухал юм.
Засгийн газар иргэний нийгмийн байгууллагуудын хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд “Төрийн бус байгууллагын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та бүхний санал, санаачилгуудыг тусган нээлттэй хэлэлцүүлж байна. Гэвч хэлэлцүүлж буй шинэ хуулийн төсөлд урагшлах биш ухралт хийсэн шинжтэй олон зүйл заалт байгаа талаарх шүүмжлэлийг ширхэгчлэн шинжих болно. 1997 онд батлагдсан “Төрийн бус байгууллагын тухай” хууль нь яагаад болохгүй байгаа талаар ямар нэгэн судалгаа хийгдээгүй, нарийвчлан ярилцах олон асуудал бий гэсэн зарим хүмүүсийн санал бодол байр суурийг ч анхааран үзнэ.
“Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдэд иргэний нийгмийн байгууллагуудыг бэхжүүлэх, хөгжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг гэрээгээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаарх бодлого тодорхой байгаа.
Тиймээс төрийн зарчим чиг үүрэг, үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх тухай асуудлыг сүүлийн үед ихээхэн ярьж байна. Эрх зүйн зохицуулалт ч бий. Манай Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 400 гаруй хуульд төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхтэй холбоотой 107 заалт байгаа гэсэн мэдээ бий.
Төсвийн мөнгийг хэмнэх гэж төрийн бус байгууллагад чиг үүргийг нь шилжүүлэх гэж байна уу? Төрийн үйлчилгээг илүү чанартай, хүндээ хүргэж гүйцэтгэнэ гэж өгөх гэж байна уу? Тухайн салбарт иргэний нийгмийн байгууллагууд илүү ойр гэж үзээд ийм шийдвэр гаргах гэж байна уу? Үнэхээр төрийн чиг үүргийг шилжүүлэх, шилжүүлэн авах асуудалд төр, иргэний нийгэм хоёулаа бэлэн байна уу? Төрийн чиг үүргийг төрийн бус байгууллага аваад ашиг орлогын байдлаар хэрэгжүүлбэл яах вэ? Хүлээлгэх хариуцлага тодорхой байгаа юу? Төрийн байгууллагын чиг үүргийг яриад байдаг хэрнээ төрийн бус байгууллагын чиг үүргийг яагаад онцолж ярихгүй байна вэ? Ер нь чиг үүргийг шилжүүлэх гэдэгт юуг ойлгож байна? гээд олон асуултанд бид хамтдаа хариулт өгөх ёстой гэж үзэж байна.
Түүний зэрэгцээ төрөөс үзүүлж байгаа аливаа дэмжлэг нь Иргэний нийгмийн байгууллагуудын хяналт тавих үндсэн шинжийг алдагдуулахгүй байх, санхүүжүүлэх хэлбэрээр төрийн хяналт тогтоох болно гэсэн болгоомжлол байгааг ч бодолцох шаардлагатай.
Удирдлагын академиас хийсэн “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх” нь сэдэвт судалгаанаас үзэхэд бодлого хөтөлбөр боловсруулах, төсөл хэрэгжүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, хяналт шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах зэрэг төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг мэргэжлийн холбоодод шилжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийжээ.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас судалгаа хийж 25 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод 140 гаруй төрлийн үйлчилгээг шилжүүлж болно гэсэн саналаа Засгийн газарт танилцуулсан. Уг асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ төрийн зарим чиг үүргийг гэхээсээ илүү төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр санхүүжилтийн хамт өгч гүйцэтгүүлэх байр суурь нь илүү үр дүнтэй байхыг үгүйсгэхгүй.
Төрийн зарим үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхэд тухайн байгууллагын боловсон хүчний чадавхийн асуудал чухал байна. Төрийн бус байгууллагад тавих шалгуур үзүүлэлтийн төслийн хэлэлцүүлгийг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн явцад төрийн бус байгууллагын шалгуур үзүүлэлтийг бодитой тооцох, ил тод, нээлттэй зарчмаар шалгаруулах механизм бүрдүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд уян хатан байдлаар авч үзэх шаардлагатайг онцолсон. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс эдгээр санаачилгыг гаргаж байгаагийн зэрэгцээ Засгийн газар ч гэсэн төрийн зарим үйлчилгээг иргэний нийгмийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх талаар тодорхой ажил хийж байна.
2010 оны “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Мэргэжлийн холбоод, ТББ-уудаар эхний ээлжинд гэрээний үндсэн дээр:
- Нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж баталгаажуулах зөвшөөрөл,
- Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох зөвшөөрөл,
- Авто замын материал, туршилт шинжилгээний лаборантын мэргэжлийн үнэмлэх олгох зөвшөөрөл,
- Авто замын материал туршилт шинжилгээний лаборантын шинжилгээний дүгнэлт гаргах,
- Мэргэжлийн үнэмлэх /автогрейдерчин, индүүчин/ олгох зөвшөөрөл,
- Хүнсний үйлдвэрийн ажлын байранд дүгнэлт гаргах,
- Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,
- Авто тээврийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн гэрчилгээ олгох зэрэг 10 үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан.
Ийнхүү манай Засгийн газар төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргаж эхлүүллээ. Цаашид ч салбар тус бүрээр нь асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхдээ итгэл хүлээлгэх, хариуцлага тооцох механизмыг ч бас тодорхой болгоно.
Засгийн газрын тэргүүний хувьд Иргэний нийгмийн хяналтын тогтолцоог төрийн байгууллага төдийгүй төрийн өмчит аж ахуйн нэгжид бий болгох санаачилгыг гаргаад удаагүй байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн төлөөлөн удирдах зөвлөлд иргэний нийгмийн төлөөлөл, хараат бус гишүүдийг оруулахыг холбогдох газруудад үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу Төрийн өмчийн хорооноос “Төрийн өмчийн оролцоотой компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох үлгэрчилсэн журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Уг журмын дагуу “МИАТ”, “Монголын хөрөнгийн бирж”, “Монгол Улсын Хөгжлийн банк”, “Эрдэнэс Таван толгой” зэрэг компаниудад цөөнгүй хараат бус гишүүдийг томилоод байна. Цаашид энэ бодлогыг тууштай баримтлана. Энэ нь иргэний нийгмийн хяналтыг төрд бодитойгоор бий болгох, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг өргөжүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянаж, олон нийтэд мэдээлдэг, ашигтай ажилладаг болгох зэрэг олон давуу талтай юм.
Засгийн газар иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, дархлааг нь бий болгохын тулд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно.
1. Иргэний нийгмийн зарчим, хэв шинж, хэлбэр бүтэц, Засгийн газраас баримтлах стратегийг тусгасан “Иргэний нийгмийн тогтвортой хөгжлийг хангах төрийн бодлого”–ын үзэл баримтлалыг боловсруулах хоёр талын ажлын хэсгийг байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, Энэ бодлогын хүрээнд Олон Улсын байгууллагуудын оролцоотойгоор Иргэний нийгмийн байгууллагуудын индексийг боловсруулах, суурь судалгаа хийлгүүлэх,
- Сайн засаглалыг бий болгоход иргэний нийгмийн үүрэг оролцоог хангах талаар тодорхой бодлого, хөтөлбөр боловсруулах. Засаглалын ил тод нээлттэй байдлыг бий болгох талаарх санаачилгуудыг дэмжиж хэрэгжүүлнэ. Тиймээс “Нээлттэй засаглалын тунхаг”-ийг Иргэний нийгмийн зөвлөлтэй хамтран гаргах,
3. Нэг хувийн татварын асуудлыг шийдвэрлэх. “Татвар төлөгч иргэн Хүн амын орлогын албан татварынхаа 1 хувийг нийгэмд ач тустай үйл ажиллагаа явуулдаг аль нэг төрийн бус байгууллагад зориулан нэр зааж тодорхойлж өгөх” санаачилга байдаг. Ийм санаачилгыг Унгар, Словак, Литва, Польш, Румын улс татварын хуульдаа өөрчлөлт хийх замаар хэрэгжүүлж байна. Үүнийг хамтдаа судалж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллацгаая.
4. “Нийгмийн даатгалын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодоос тавьж байгаа саналыг судлаж шийдвэрлэх,
5. “Төрийн бус байгууллагын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын ажлын хэсгийг өргөтгөж иргэний нийгмийн төлөөллүүдийг оролцуулах,
- Төр, иргэд, иргэний нийгмийн харилцааг боловсронгуй болгоход мэдээллийн сүлжээ бий болгох, технологийн хөгжил дэвшлийг ашиглах ёстой гэж үзэж байна. Энэ талаар тодорхой бодлого боловсруулж танилцуулахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, Иргэний нийгмийн зөвлөлд даалгаж байна,
- Иргэний нийгмийн байгууллагуудын хүсэлтийн дагуу Засгийн газартай хамтран ажиллах Иргэний нийгмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах,
- Иргэний нийгмийн хөгжлөөрөө тэргүүлж байгаа улс орнуудын туршлагаас үзвэл ашгийн төлөө бизнесийн байгууллагууд нь төрийн бус байгууллагаа дэмждэг тогтолцоо бүрэлдэн төлөвшсөн байна. Бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагатай компанийн хувьд иргэний нийгмийн хөгжилд өөрийн томоохон хувь нэмрийг оруулах ёстой. Энэ бол ашгийн төлөөх байгууллагуудаа иргэний нийгмийн байгуулагуудтай хамтад нь хөгжүүлэх томоохон алхам юм.
- Мэргэжлийн холбоодод төрийн зарим үйлчилгээг гэрээгээр шилжүүлэн хийлгэх нь илүү боломжтой гэж үзэж байна. Тиймээс мэргэжлийн холбоодын туршлага, чадавхиас бусад иргэний нийгмийн байгууллагууд суралцах нөхцлийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Иргэний нийгмийн эрхэм төлөөлөгчид өө,
Энэ жилийн 7 сараас 2013 оны дунд үе хүртэл Манай Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж байна. Уг хөдөлгөөнийг даргалах 2 жилийн хугацаанд манай Засгийн газар холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг зорих болно. Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн нэг хэсэг болох иргэний нийгмийн үйл явцад ардчиллыг хөгжүүлэн бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, их, дээд сургууль, хувийн хэвшлийн төлөөлөгчид болон шинжээчид оролцдог билээ. Тиймээс ардчилал, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.
Төр хувийн хэвшлийн түншлэлийг Засгийн газар идэвхтэй өрнүүлж байна. Харин одоо төр-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх нь чухал юм. Уг хурал ийм зорилтын эхлэл болох учиртай. Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалах бэлтгэл ажлын хүрээнд болон цаашид ч олон улсын арга хэмжээнүүдэд оролцох манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд иргэний нийгмийн төлөөллийг зайлшгүй оролцуулах хэлбэрт шууд шилжих хэрэгтэй гэж үзэж байна.
Эцэст нь тэмдэглэн хэлэхэд иргэний нийгмийн байгууллагуудаа бэхжүүлэх нь мэргэжлийн холбоод, хэдхэн төрийн бус байгууллагуудын асуудал биш, Засгийн газар иргэд олон нийтийнхээ сайн сайхны төлөө ажиллах эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлэх, бүхэлдээ улс орныхоо хөгжлийг хангах чухал арга механизм гарцаагүй мөн. Тиймээс иргэдийнхээ санал санаачилгыг дэмжиж, хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая.
Анхаарал тавьсанд баярлалаа
2011 оны 2 дугаар сар 11. Төрийн ордон